Б.Лхагважаргал Цагдаа нар хувийн машиндаа хяналтын камертай болжээ
харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Лхагважаргалаас энэ талаар тодрууллаа.
-Зам бүрийг камержуулаад байгаа. Ингэхэд жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчдөг байдалд ямар нэгэн өөрчлөлт гарч байна уу?
-Иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо маш их бухимддаг. Энэ нь дүрмийн дагуу явж байгаа нь дүрэм зөрчдөг жолоочид дээрэлхүүлдэгтэй холбоотой. Замын хөдөлгөөнд 100 автомашин оролцлоо гэхэд тав нь дүрэм зөрчдөг л байхгүй юу. Энэ нь бусдыгаа үл хүндэтгэсэн байдал бөгөөд дүрмээрээ явсан нэг нь хохирч, дүрэмгүй нь хожоод байна гэсэн үг. Гол нь бусад нь түгжрэх гэж дүрмээрээ яваад байгаа зүйл биш шүү дээ. Өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой. Хэрэв зөрчвөл захиргааны хариуцлагын хууль болоод эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авдаг.
Тэр дундаа дүрмээр явж байгаа жолоочийн урдуур дайрах, хашлага давах, улаан гэрлээр гарах зэрэг зөрчил байнга гаргадаг юм. Мөн замын хөдөлгөөн багатай уулзвар дээр зогссон болж байгаад л ойролцоо цагдаа байхгүй бол улаан гэрлээр ороод явдаг. Бусад олон янз зөрчлүүд гаргадаг л даа. Энэ халтиргаа гулгаатай замд автомашин зогсох гэсэн газарт зогсож чадахгүй байгаа. Ганц нэг жолоочийн гаргасан алдаанаас болж олон хүмүүс хохирдог. Бүгд дүрмээрээ явж байхад дүрэм зөрчсөн нэг нь яагаад давуу эрх эдлэх ёстой гэж. Эдгээр дүрэм зөрчөөд байгаа жолооч нарын талаар авто радиод иргэд тогтмол мэдээлэл өгдөг.
Түүнчлэн дүрэм зөрчиж байгаа жолооч нарт авах арга хэмжээг өндөрсгөж өгөөч гэсэн хүсэлт гаргадаг. Тиймээс Замын цагдаагийн газраас дүрэм зөрчиж байгаа, бусдыг бодохгүй байгаа жолооч нарын жолоо барих эрхийг зургаан сараас хоёр жилээр хасч байна. Уг авч байгаа арга хэмжээ маань энэ сардаа эхэлж байгаа юм биш өмнө нь хуулиндаа байсан, одоо ч байгаа. Захиргааны хариуцлага 25.5-аар бол 1000-10000 төгрөгөөр торгох, эсвэл тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн зургаан сараас хоёр жилээр хасдаг байсан.
-Тэгвэл өдөртөө хичнээн жолооч эрхээ хасуулж байна?
-Энэ арга хэмжээг өмнө нь тогтмол хэрэгжүүлж байсан. Гэхдээ тав арваар нь хасдаг байлаа. Нэг дүүргийн хэмжээнд багаар бодоход өдөртөө хоёр гурав жолоочийн эрхийг хасч байна. Яг одоо байнга дүрэм зөрчигддөг уулзвар дээр камер ажиллуулж байна. Дүрэм зөрчсөн үйлдлийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа телевизээр гаргах зэргээр зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл зөрчил гаргасан л бол олны танил байсан ч телевизээр гаргана. Ингээд авах арга хэмжээг өндөрсгөвөл, зөрчил гаргахгүй дүрмээрээ явна шүү дээ.
-Мэдээлэл болгох үүднээс асуухад ачаалал ихтэй байдаг уулзварыг нэрлээч?
-Одоогийн байдлаар хөдөлгөөний ачаалал ихтэй уулзварууд бол Тасганы овооны уулзвар хойноосоо болон баруунаасаа үргэлж ачаалалтай байдаг. Урдаасаа буюу Бөмбөгөр худалдааны замаар ачаалал өндөр. Тийм болохоор эдгээр замуудаар урсгал сөрөх, дүрэм зөрчих тохиолдол их гардаг. Мөн нарны зам ачаалалтай байдаг. Ачаалал хаана их байна тэр замд зөрчил их гардаг л даа. Үүнийг л аргилгах зорилгоор эрхийг нь хасах арга хэмжээ авч байгаа юм.
-Цагдааг байхгүй байна гээд дүрэм зөрчдөг жолооч нар байдаг. Эдгээр жолооч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?
-Тухайн хүн цагдаа байхгүй юм чинь гээд зөрчил гаргадаг. Тэгэхээр энэ зөрчлийг гаргуулахгүйн тулд л замын цагдаа нар хувийн машиндаа хяналтын камертэй болж байгаа. Өөрөөр хэлбэл, цагдаа энгийн хувцастай, хувийн машинтай явна гэсэн үг. Одоо миний энгийн машин л гэхэд урдаа камертай байгаа.
Янз бүрийн байдлаар дүрэм зөрчиж байгаа жолооч нар энгийн машинд сууж байгаа намайг цагдаа гэж харахгүй шүү дээ. Харахад энгийн машин байдаг. Бичлэгээ хийгээд тухайн уулзварт байгаа замын цагдаад мэдэгдэнэ. Цагдаа байхгүй байна гэж дүрэм зөрчөөд байгаа жолоочийн эрхийг хасах арга хэмжээг авна. Гэхдээ юм л бол эрх хасаад байна гэж айлгаж байгаа юм биш. Та зүгээр л дүрмээрээ яв гэж сануулж байгаа юм.
-Тэгэхээр замын цагдаа нарын хувийн автомашин болгон камертай болсон гэсэн үг үү?
-Одоогийн байдлаар камерийг бүгдэд нь суулгаж өгөөгүй л дээ. Нэг тасагт дөрвөөс таван албан хаагчын машинд камер суурилуулсан байгаа.
-Одоогийн байдлаар хичнээн жолооч эрхээ хасуулсан бол?
-Нийслэлд арга хэмжээ эхлээд 80 орчим жолоочийн эрх хасагдсан. Өдөртөө багаар бодоход таваас арван жолоочийн эрхийг хасч байна. Дүрэм зөрчсөн жолооч нарыг телевизээр гаргах арга хэмжээг аваад эхэлсэн. Иргэд ярьдаг л даа хүний эрх зөрчиж байна гээд л. Тэгвэл та яагаад бусад жолооч нарыг хүндэтгэлгүй эрхийг нь зөрчөөд байгаа юм бэ гэж хэлмээр байна. Дүрэм зөрчиж байгаа жолооч нарт анхааруулахад зөрчил гаргасан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гаргаж байх болно.
Ө.БОТА