Англид алимаар бороо оров
Иргэд ямар нэгэн гэмтэл аваагүй байна. Харин хэдэн машин ноцтой гэмтжээ. Цаг уурчдын үзэж буйгаар, энэ бүхэнд Английн хойд хэсэгт боссон шуурга буруутай гэнэ. Уг шуурга жимсүүдийг агаарт хөөргөн хэдэн арван км газар тээсний эцэст Ковентри хот дээр хаясан бололтой.
Харин хотын оршин суугчдын ярьж байгаагаас үзэхэд, алимаас гадна лууван, байцаа зэрэг ногоо тэнгэрээс унасан ажээ. Ер нь байгалийн иймэрхүү сонин үзэгдэл үе үе бусад оронд ч ажиглагддаг билээ. Тухайлбал, 2002 онд Грекийн Корона тосгонд амьд загасаар бороо орж байв. Мөн 2004 онд Хорватад, харин жилийн дараа Сербид мэлхийгээр бороо орсон түүхтэй.
Гэвч зарим тохиолдодд хүмүүсийн үйл ажиллагаанаас улбаатайгаар ийм үзэгдлүүд бий болдог. Тухайлбал, Энэтхэгийн Мумбай хотод алмаазаар бороо орж байв. Тэр үед эрдэнхийн зах дээр бөмбөг дэлбэрсний улмаас ойролцоогоор 5.6 сая долларын үнэт эдлэл хотын нэг дүүргийг бүхэлд нь бүрхэж байсан юм. Түүнчлэн энэ оны эхэнд Арканзас мужийн Биб хотод үхсэн хөөндэй шувуунууд аадар мэт тэнгэрээс буусан байдаг.
Тэднийг шинэ жилийн салютаас болж үхсэн гэсэн таамгийг дэвшүүлж байлаа. Хүчтэй чимээнээс айж цочирдсон шувууд чиг баримжаагаа алдан барилга, машин бүү хэл бие биеэ мөргөн унаж байжээ. Тухайн үед хоёр мянга орчим үхсэн шувуу олдсон юм.