Антибиотик үр дүнгээ сайн өгдөг ч мөөгөнцөр үүсгэх аюултай
Уламжлалт анагаах ухаан нь буддын их таван ухааны нэг агаад XҮI зуунаас системтэй хөгжиж иржээ.
Одоо Оточ маарамба дээд сургууль маарамба бэлтгэн гаргаж энэхүү үйл ажиллагааг нь үргэлжлүүлж буй. Уламжлалт анагаах ухааны эмчилгээ болон хөгжлийн талаар Оточ маарамба сургуулийн багш Г.Одонцэцэгтэй ярилцлаа.
-Маарамбыг хэдий үеэс бэлтгэж эхэлсэн бэ?
-Дээд боловсролтой тэнцэхүйц мэдлэг чадвартай маарамбыг 400 жилийн өмнөөс бэлтгэж ирсэн. Гэтэл Орост европ эмчилгээг 200-гаад жилийн өмнө хийж эхэлсэн түүхтэй. Уламжлалт анагаах ухаан өргөн цар хүрээг хамарсан онолтой. Ерөнхийдөө уламжлалт зан үйл дээр тулгуурлан эмчилгээгээ хийдэг. Тухайлбал, хүний өвчнийг оношлохдоо зурхай, өдөр гаригийг нь харж эмчилгээгээ эхэлдэг. Ханиад л гэхэд тухайн хүнийхээ биеийн байдлаас шалтгаалан өөр өөр эмчилгээ хийнэ.
-Танай эмнэлэгт ямар өвчтэй хүмүүс ханддаг вэ?
-Янз бүрийн өвчтэй хүмүүс ирж эмчлүүлдэг. Гэхдээ болсон болоогүй эмчилгээ хийлгэснийхээ дараа ханддаг юм. Хүмүүс уламжлалт анагаах ухааныг архаг өвчинд сайн гэдэг. Гэсэн ч өвчний эхэн үед эмчлүүлбэл илүү хурдан, бүрэн эмчлэх боломжтой. Өвчний эхэн үед эмнэлэгт хандсанаар зөвхөн тухайн эрхтнийг өвчлүүлдэг хэсгийг эмчилнэ. Мөн уламжлалт эмчилгээ хийлгэснээр эрхтнийг эмчлэхдээ бүхэл тогтолцоогоор эмчилдэг онцлогтой.
-Уламжлалт эмчилгээ хийлгэсний дараа европ эмчилгээ хийлгэхээр муу үйлчилдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Уламжлалт аргаар эмчилгээ хийлгэсний дараа европын эмчилгээ хийлгэж болдог. Гэхдээ практикаас харахад уламжлалт эмчилгээний эм тан, эмчилгээг европ эмчилгээтэй хослуулан хэрэглэх нь буруу. Европын эм тариаг лабораторийн аргаар гаргаж авдаг. Харин уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг эм тан ургамлын гаралтай. Тиймээс байгалийн гаралтай эм болохоор хор нөлөө учруулахгүй. Мөн уламжлалт анагаах ухааны онол оношлохоосоо эхлээд европынхоос өөр байдаг. Европын анагаахад эрхтнийг системээр оношилдог бол уламжлалт эмчилгээнд хий, шар, бадгана зэрэг махбодиор оношилдог.
-Европ эмнэлгүүдийн эмчилж чадаагүй өвчнийг уламжлалт анагаах ухаан эмчилсэн болов уу?
-Сүүлийн гурван жил булчин сулрах өвчнийг бүрэн анагаах талаар судалж байна. Манай эмнэлэг хэд хэдэн булчин сулрах өвчтэй хүнийг эмчилсэн. Нэг нь Оросоос ирж эмчлүүлсэн. Бид өвчтөнтэйгөө одоо ч гэсэн холбоотой байдаг. Өвчний хувьд сэрээ булчирхайд өөрчлөлт орсноор үүсдэг гэж үздэг.
Гэхдээ булчин сулрах өвчлөлийн талаар одоо хүртэл бүрэн тайлагдаагүй. Уламжлалт анагаах ухаан эмчилгээ хийхдээ хүний хийг оношилдог нь эмчилгээнд тустай гэж үзэж байгаа юм.
-Зарим эмнэлгүүд тан уулгахдаа тарни уншуулдаг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Тарни бүр өөрийн гэсэн зориулалттай. Тарнийн ухаан гэдэг нь хамгийн шалгарсан ухаан. Хүний оюун ухаан хамгийн дээд төвшинд хүрсэн үед тарнийн ухааныг ойлгодог. Гэхдээ дээд ухаанд хүрсэн хүмүүс бидэнд тарнийн ухааныг хялбарчлан үлдээсэн. Уламжлалт эмчилгээний үед тарни уншсанаар тангийн үйлчлэл сайжирч өвчин хурдан илааршдаг. Манай улсад ирсэн Японы эрдэмтэн сонирхолтой илтгэл тавьсныг санаж байгаа байх. Жирийн нэг савтай усанд баярлалаа гэж хэлэхэд зөв хэлбэртэй талст үүсч байсан. Үүний нэгэн адил тарни бол тэр сайхан бүхнийг цогцлооход тусалдаг юм.
-Танай эмнэлэгт уламжлалт аргаар мэс ажилбар хийдэг үү?
-Хийдэггүй. Ер нь уламжлалт анагаах ухааны ном сударт мэс заслыг хэрхэн хийх талаар сургаал байдаг. Аль ҮIII зууны үед мэс ажилбар хийж байсан. Тархи, нүдний мэс ажилбар хийсэн тухай ном сударт тэмдэглэгдэж үлдсэн зүйл бий. Бид туршлагаараа ясны хугарлыг маш сайн эмчилж байна. Ер нь мэс ажилбарыг эмчилгээний сүүлийн шатанд хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг их хүсээд байхаар зүйл биш.
Уурлахаар цөс чулууждаг гэдэг. Хүн оюун санаанаасаа болоод өвчилдөг гэсэн үг үү?
-Анагаах ухаанд хүний өвчин тусах шалтгааныг сэтгэлээс үүдэлтэй хэмээн үздэг. Тухайлбал, хүний бие хий, шар, бадгана гэсэн гурван зүйлээс тогтдог. Хий голлож оршдог эрхтнүүд гэж бий. Хийнд өөрчлөлт орсноор яс, чих, хүрэлцэхүй, зүрх, амин судас, олгойг өвчлүүлдэг. Улмаар зүрх дэлсэх, чихээр шуугих зэрэг шинж илэрнэ. Муу сэтгэл уур хилэн, атаа жөтөө ихэдвэл хүний шар махбодийг хямруулдаг. Энэ үед цус өтгөрөх, нүд улайж, элэгний үйл ажиллагаа доройтно. Мөн цөс өтгөрч, нарийн гэдэсний үйл ажиллагаа мууддаг.
Харин мунхаг сэтгэлийн үрээр хүний бадгана өөрчлөгдөнө. Үүний үрээр жин нэмэгдэж, давсаг бөөр, ходоодны хэвийн ажиллагаа алдагдаж хоолны шингээлт муудна. Хүн гэдэг нь бие сэтгэлийн нэгэн цогц байгаа юм. Тиймээс сэтгэлээ зөв удирдах хэрэгтэй. Унтахаар хүртэл сэтгэл ажилладаг. Хүнд 84 мянган муу сэтгэл байдаг. Үүнийгээ дагаад 84 мянган өвчин байдаг гэж үздэг. Тэгэхээр уламжлалт эмчилгээ хийхдээ хүний сэтгэл ямар байгааг анхаардаг. Энэ нь эмчилгээнд ихээхэн ач тустай байдаг юм.
-Сүүлийн үед чихрийн шижин өвчний тархалт нэмэгдэж байгаа. Уламжлалт эмчилгээгээр чихрийн шижинг анагаах боломжтой юу?
-Энэ өвчний тархалт одоо ихсээд байгаа юм биш. Өмнө нь ч байсан. Чихрийн шижинтэй хүмүүс тууштай эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Зарим хүмүүс хоёр долоо хоног эм уугаад эдгэхгүй байна гээд хаячихдаг. Чихрийн шижин бүрэн эдгэрэх боломжтой өвчин.
-Таны яриаг сонсоход зурхай анагаах ухаантай холбоотой гэж ойлголоо?
-Хүний өвчин зурхайн хэмнэлээс шалтгаалдаг. Хануур хийхийн тулд өдөр судраа хардаг. Үүнийг орчин үед манай мэс заслын эмч нар ч мөрддөг болсон байна. Тэгэхээр энэ хоёр холбогдвол үр дүнгээ өгнө.
-Ургамлын гаралтай эм тангийн ач холбогдол нь юундаа байна вэ?
-Уламжлалт эмчилгээнд хэрэглэж байгаа эм тангууд байгалийн гаралтай болохоор элдэв хор нөлөө үзүүлэхгүй. Антибиотик үр дүнгээ сайн өгдөг ч мөөгөнцөр үүсгэх аюултай. Манай эмнэлэгт мөөгөнцөртэй болсон хүмүүс хандаж эмчлүүлэх нь цөөнгүй бий. Заримдаа ямар ч бэлгийн харьцаанд ороогүй охидууд хүртэл антибиотик их хэрэглэсний уршгаар мөөгөнцөртэй болсон гээд ирдэг. Манайхан толгой өвдөх, халуурахаараа ямар ч хамаагүй эм уучихдаг. Ер нь аливаа эмчилгээг хэтрүүлбэл аюултай.
Гэтэл өвчнөөс урьдчилан сэргийлэх олон арга байдгийг мэддэг хэрнээ ойшоодоггүй муу зантай. Дулаан хувцаслаж, хоолоо тохируулж идсэнээр ямар ч өвчнөөс сэргийлж чадна. Өвлийн улиралд хамгийн шим тэжээлтэй илчлэг сайтай хоол идэх хэрэгтэй. Гэтэл цэлхийсэн ус уугаад, хавагнаад бөөрөө өвчлүүлдэг. Дээрээс нь дотроо цэвэрлэдэг хүн болж цагаан хоол идээд байгаа. Энэ нь манай нөхцөлд тохирохгүй байгаа юм. Бид энэ цагт чанасан махаа идээд аарцаа буцалгаад уух нь зүйтэй.
Тэгээд хүний дархлааг хамгийн их сулруулдаг нь сэтгэл гутрал, сэтгэлийн өвчин гэдгийг санах хэрэгтэй. Жижиг зүйлд уурладаг, гомддог нь биднийг өвчлүүлээд байна гэдгийг ойлгодоггүй. Мөн нойроо зохицуулах нь чухал. Амарна гэдэг нь учир зүггүй унтахын нэр биш. Өдөр шөнөгүй нойргүй ажилладаг нь сөрөг нөлөөтэй. Дээрээс нь өвлийн цагт өдөр унтах нь маш муугаар нөлөөлдөг.
-Настай хүмүүс ээжийнхээ ус-аар эмчилгээ хийх нь сайн гэдэг. Уламжлалт эмчилгээнд энэ талаар заасан зүйл байдаг уу?
-Уламжлалт анагаах ухаанд хүүхдийг ээжийнх нь ус- аар эмчилдэг . Ихэвчлэн нян, хорхой, халдварт өвчний үед хэрэглэдэг. Гэхдээ хүн бүрийн шээс сайн гэж ойлгож болохгүй. Найман настай эрэгтэй хүүхэд, эхийн шээсийг эмчилгээнд хэрэглэж болно. Гэхдээ ямарваа нэгэн өвчингүй байх нь чухал.
Б.Сэлэнгэ