Нийслэл таван сая төгрөгийн шагналынхаа мөнгийг ажилгүйдлийг бууруулахад зориулахаар болов
Нийслэлийн шуурхай зөвлөгөөн өчигдөр болов. 2011 он дуусч байгаатай холбогдуулан жилийн эцсийн ажлаа дүгнэлээ. Энэ жилийг Засгийн газраас Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн баасан гаригт дүнгээ гаргасан бөгөөд Хөдөлмөр эрхлэлт хүний хөгжлийг дэмжих жил-ийн ажлын хувьд Улаанбаатар хот нэгдүгээр байр эзэлж таван сая төгрөгөөр шагнуулжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр бид шагналынхаа мөнгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт зарцуулна хэмээн хэллээ. Нийслэл 33 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байртай болгосон нь улсын хэмжээнд маш сайн үзүүлэлттэй болж чаджээ. Өөрөөр хэлбэл 20 мянган иргэнийг ажлын байртай болгохоор зорьж байсан бол энэ зорилгоосоо даруй 13 мянган ажлын байраар нэмсэн нь ихээхэн сайшаалтай зүйл болжээ.
Энэ тухай мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Д.Батсайхан нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр мэдээлсэн юм. Уг ажлын хүрээнд 29 өдөрлөг, яармаг зохион байгуулж 45 мянган иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж ажилласан байна. Шинээр бий болгосон ажлын байрны захиалгыг ejob.mn сайт дээр тогтмол байрлуулжээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилд хийгдсэн хамгийн том ажилд Нийслэлийн иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр орж байгаа юм байна. Нийт 800 иргэн ажлын байртай болсон нь уг хөтөлбөрт иргэд идэвхитэй оролцсоныг нь харж болно. Энэ ажлын хүрээнд иргэд 500 тонн төмс хураан авч өрхийн хэрэгцээгээ хангаж чаджээ.
Улмаар Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнд оролцож 340 тонн төмс худалдаж амьжиргаагаа дээшлүүлсэн байна. Ажлын байрны энэхүү хөтөлбөрийг он дамжин хэрэгжүүлэх болно хэмээн Засаг дарга Г.Мөнхбаяр хэлж байлаа.