Тусгайгийн нусгайнуудын ажлыг тэтгэврийн өвгөн ч дөнгөчихнө
Манайд ч мөн адил. Хуулиараа бол төрийн тусгай хамгаалалт нь аюулгүй байдлыг нь хангах зорилгоор хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, тэдгээрийн зарим үйл ажиллагаа, албан тушаалтан, иргэний амь бие, ордон өргөө, зориулалтын орон сууц, тээврийн хэрэгсэл, бусад зүйлийг хамгаалах ёстой.
Сүүлийн үед яам, тамгын газар, хотын захиргаа, нийслэлийн төр захиргааны байгууллагын үүдний харуулууд сэтгүүлчдийг уулзах хүн чинь байхгүй, гараад явсан гэж шалтаглах юм уу, ямар хэргээр уулзах, юу ярих гэж байгааг нь хүртэл асуудаг, болж өгвөл дотогш нэвтрүүлдэггүй болжээ. Дөнгөж сая утсаар ярьсан, өрөөндөө байгаа гэсэн гэж хэчнээн учирлаад ч нэмэр алга. Үүнээс үүдсэн хэрүүлийг хаа газрын хаалгач нар ёс юм шиг өдөөж байна. Хуулиндаа хамгаалах ёстой зүйлийг нь заагаад өгчихсөн байна. Сэтгүүлчдийн хувьд Монгол Улсын бүх байгууллагад нэвтрэх бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл, мэдээлэл олж авах эрх нь нээлттэй гэсэн үг. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг зарим байгууллагын үүдний харуулууд, ялангуяа Төрийн тусгай хамгаалалтын газраар хаягласан эрх мэдэлтнүүд дэндүү их олшроод байгааг холбогдох байгууллага хүмүүст нь анхааруулчихъя. Сэтгүүлчдийг бол бүр нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах шиг үздэг болж, муусайн тусгайгийн нусгайнууд. 90-ээд оны эхээр сэтгүүлчийн үнэмлэхээ үзүүлэхэд хаана ч, хэзээ ч нэвтэрч, хэнтэй ч уулзаж, ярилцлага, мэдээгээ олоод авчихдаг байлаа. Нэг муу яам, агентлагийн хэвлэлийн төлөөлөгчтэй уулзах сурвалжлагчийг Тэр хүн чинь байхгүй, гараад явчихсан. Ямар мэдээлэл авах гэж байгаа юм бэ гээд шалгаагаад зогсоочихно.
Хэвлэлийн төлөөлөгч нар нь тийм үүрэг даалгавар өгчихдөггүй л байлтай. Тэдэнд тийм эрх байхгүй болохоор сайд, дарга нарт гол учир байна уу.
Ялангуяа хотын захиргааны харуулууд сэтгүүлчдийг ёстой нэг нүдээрээ үзэхгүй. Уг нь хотын дарга маань бусдыгаа бодвол нээлттэй, шударга хүнсэн. Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан гэхээрээ тийм нэр, сүрээрээ далайлгах гэдэг юм болов уу. Ам нээвэл уушги нээ гэж үгтэй юм. Ингэхэд төрийн тусгай хамгаалалтын газрынхан хэзээ хаана ямар хариуцлага хүлээж байсныг нь мэдэхгүй юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Бадраа агсан байгууллага дотроо, харуулынхаа дэргэд хүнд хутгалуулж амиа алдсан. СЗХ-ны дарга гэдэг бол төрийн өндәр албан тушаалтны эрэмбээрээ Монголбанкны ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүнтэй дүйнэ. Түүний амь насыг хамгаалах нь төрийн үүрэг байсан. Хамгийн ойрын мөртлөө хол юм шиг жишээ энэ. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхийлөгчийн зуны ордон буюу Төв шуудангийн урд талын цагаан хэрмэн хашаа бүхий гурван давхар цагаан байшингийн харуул хүчингийн хэрэгт холбогдсон. Хальтарч унасан эмэгтэйг дэмнэж боcгоод орж дулаацахыг санал болгочихоод харуй бүрийг далимдуулан бузарласан ажилтан мөн л Төрийн тусгай хамгаалалтын газрынх гэж байгаа. Төр мэдээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа, Төрийн ордноо хамгаалах ёстой.
Харин яам, агентлагийн сонгуульд өрсөлдөхийг санаархсан, нэр төрд дуртай хэдэн дарга, нурах шахсан байшингуудыг хамгаалах хэрэгтэй эсэхэд нь эргэлздэг болоод байна. Угтаа бол хамгаалалтын нэртэй, ирсэн, нэвтэрсэн хүний иргэний үнэмлэхтэй ноцолдож, нэр усыг нь үг үсгийн алдаатай бичиж авдаг, өндөр дуутай нусгайнуудын ажлыг цагтаа тэтгэврийн эмээ, өвөө нар яршиг төвөг багатайгаар, харин ч нэг хариуцлагатай хашчихдаг байсан юм шүү.
У.Төмөр