Утаанаас дайжъя
Гадагш биш дотогш уугих их утаанд тэсч чадахгүйд хүрсэн хөөрхий амьтан нүхнийхээ аманд ойртон ирж амьсгал хураана. Утаанаас дайжих гэж тэмцэж тэмүүлж яваад амь тавьж буй нь тэр. Тарвагыг утаж, амь насыг нь егүүтгэдэг энэ харгис аргыг монголчууд өөрсөд дээрээ туршиж, хэрэгжүүлж байгаа нь нэн эмгэнэлтэй. Цэлмэг хөх тэнгэр, цэвэр ариун агаар, ус бүхий хөдөө нутгаа орхин, нийслэлд бүл нэмэгсдийн тоо жилээс жилд өссөөр. Тэд утуулахаар, уушгиа зориуд хордуулахаар зорин ирж байх шиг. Амьтан хүртэл утаанаас амь тэмцэн зугтдаг байхад хүмүүс зориуд утуулахаар зорин ирдгийг гайхаад ч баршгүй.
Нийслэлийн утааг багасгах тухай оноос он дамжуулан ярьж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд ч тусыг эс олов. Утаагүй зуух, утаагүй түлш… өнгөцхөн сонсоход чих дэлдийж, нүд сэргэмээр. Ухаад бодохуй утаа гаргадаггүй хатуу түлш ч гэж хаана билээ. Түлш шатааж л байгаа юм хойно утаа гаргадаггүй зуух ч гэж юу билэә. Ийн бодохоор утаагаар шоудаж, бизнес эрхэлж, ашиг олж, ард олны тархийг угааж байна гэх яриа үнэний ортой аж.
Эцсийн дүндээ амь амиа л бодох цаг иржээ. Амиа бодохын тулд нийслэлийн төвлөрлийг сааруулж, хөдөө гарч амар амгалан амьдрах аргаа олох. Орой өглөөд ойр тойрноо ч харж чадахгүй, нүд, хамар хоолойгоо хорсгон хорсгон бүтэж үхэхийн наахнуур дөрвөн уулын дундхи хонхорт утуулж амь тэмцэлдэн, шахцалдан сууснаас дайжин зугтаавал аминд тань өлзийтэй болно. Утааг арилгасан арилгаагүй амь биеэ боддог хүмүүсийн нэлээд нь хотын ойр, байгалийн сайхан цогцолсон газруудыг бэл бинчинтэй, танил талдаа дулдуйдан хэд хэдээр хуваагаад авчихсан. Алтан тэвшийн хөндийг бүрхэх багил хар утаанаас Та дайжихыг хүсвэл унасан газар, угаасан усаа зорихоос илүү өлзий буянтай шийдэл үгүй ээ. Монгол орны маань сая 500 метр хавтгай дөрвөлжин нутгаас Та бидний хэнд маань ч оршин амьдрах газар олдох буй за. Хүний эрх гэж дээр дооргүй ам уралдан хэлэлцэх авч үр дүн нь хаана байна. Лав л нийслэлд ажиллаж, амьдрагсдын эрх ноцтой зөрчигдсөөр байна.
Түүний буруутан нь утаа гэнэ. Утуулсаар уушгигүй болж, өвчин эмгэгт ээрэгдсээр буй нь бидний амьд явах эрх алдагдаж байгаагийн тод жишээ. Амьд явах эрхээ эдэлье гэвэл утаанаас дайжиж, Улаанбаатараас гарах л сонгодог арга юм. Нарыг ч бүтэн харах эрхгүй бид нийслэлээсээ гарч нарлаг Монголдоо дураар амьдарцгаая. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, оршин суух нутгаа сонгох эрх бидэнд бас нээлттэй байгаа шүү дээ.