Дорнодын АН-ын дарга Г.Болдбаатар бусдад гар хүрэх нь хэтэрлээ
Тэрбээр луйвар хийх, намын хорооны гишүүддээ мөнгө төгрөг өгөх, хүмүүсийг архидуулах гэхчилэн есөн шидийн аргаар аймгийн намын даргын ажлыг аваад хоёр жил болж байна. Намын ажлаа олигтойхон хийдэггүйг гишүүд нь ярьдаг. Харин түүний намын дарга нэр зүүж явсан хоёр жилийн хугацаанд хийсэн ажил нь хүн зодох, газар наймаалах, хэн нэгнийг шантаажлах аж.
Ардын намынхны хувьд ирэх сонгуулиар Дорнодын зүгт баяртайгаар харж болохоор байна. Учир нь түмэнд нүүрээ, түймэрт хормойгоо барсан даргатай Дорнодын Ардчилсан намынхан ялахгүй нь нэн тодорхой юм. Тэр ч байтугай Г.Болдбаатар гэж энэ нөхөр аймгийнхаа МАН-ынхантай ил далд янз бүрийн хэлбэрээр үгсэн нийлж, халаас түрийвч нэгтэй болсоор уджээ.
Түүнийг согтуудаа хүн зодоод, эрүүлжүүлэгдэхэд аймгийн МАН-ын гишүүд болох ИТХ-д суудаг нөхөд эрүүлжүүлэхээс гаргаж авдаг байх юм. Үүгээр ч зогсохгүй мань эр далдуур МАН-ынхантай УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиар хэрхэн хуйвалдаж ажиллахаа ярьж тохирсон байдаг гэнэ.
Надад дахиад хэдэн сая төгрөг бэлнээр өгчихвөл би ирэх сонгуулиудаар танай талд ажиллана. Эцсийн эцэст АН гэж юу юм бэ гэхчилэн халамцуу ярьсныг нь намынх нь зарим нөхөд сонссон байна. АН ч эцсийн бүлэгтээ иймэрхүү дампуу л даа. Иймэрхүү болдбаатарууд ер нь энэ намд цөөнгүй байгаа байх шүү. Бүхэл бүтэн нэг аймаг хариуцсан намын дунд шатны дарга нь өрсөлдөгч намынхантайгаа намаа худалдах, сонгуулиар ялагдуулах, оронд нь мөнгө авах тухай яриад явж байдаг. Яг энэ өнгөөрөө бол АН ирэх сонгуульд ялахгүй. Өнөөдөр авсан суудлаа ч хадгалж үлдэж чадахгүй.
Намыг удирдаж, даргалж буй лидерээр нь ард түмэн, сонгогчид эхлээд үнэлдэг. Дараа нь тэр сонгуулийн мөрийн хөтөлбөр, хийж буй акцуудаар нь үнэлгээ тавих байх. Энэ үнэлэмжээрээ бол Дорнод аймагт АН будаа болно. Тус аймгийн МАН-ынхан Энэ АН Болдбаатартайгаа сонгуульд орчихоосой билээ хэмээн бараг бурханд залбирдаг гэх. Г.Болдбаатар гэсэн даргатайгаа тус аймгийн АН сонгуульд орвол МАН-ынхан ялна.
МАН-ынхан сонгуулийн кампанит ажил нэг их явуулаад байх ч шаардлага тус аймагт байхгүй гэнэ. Дорнодчууд Аа энэ муу Болдбаатарт хэн санал өгдөг юм гээд АН-ыг цааш түлхэх нь тодорхой ажээ.
Г.Болбаатарт хавтаст хэргүүд нээгдсээр байна
Дорнодын АН-ын дарга гээд байгаа Г.Болдбаатарын хувьд дорнодчуудын дургүйг хүргэсэн олон шалтгаантай юм байна. Жишээ нь энд тэнд хүн зодоод явдаг нь олны дургүйцлийг ихээхэн хүргэдэг ажээ.
Нөхөр Ульханы хилийн боомт дээр Гаалийн улсын байцаагч Ц.Оюунхандыг шаардлага тавилаа хэмээн зодож нуруу, баруун гарыг нь хугалжээ. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн 223.2, 172.2 зүйл ангиар 207188 тоот хэрэг үүсгэн шалгуулсан юм байна. Тэгсэн нөхрийн балмад зан дахиад хөдөлжээ.
2008 оны зургаадугаар сарын гуравны өдөр тус аймгийн нутаг Шаазан нуур гэх газарт О.Хүрэлбаатар, Н.Ганбаатар нарын хамтаар хун шувуу буудаж алжээ. Үүнийг нь мэдсэн байгаль орчны байцаагч н.Энхбаатар очиж шаардлага тавихад мань нөхөр барьж аваад балбаж гарсан байна. Гарт нь эгээтэй амь үрэгдчихээгүй байгаль орчны байцаагч н.Энхбаатар арай гэж зугтааж гараад цагдаад мэдэгдсэнээр Г.Болдбаатар нарыг баривчлуулсан аж. Энэ хэрэгтээ тэрбээр Эрүүгийн хуулийн 203.2, 230.2 гэсэн зүйл ангиар 20807366 тоот хэрэг үүсгүүлсэн байна. Ингээд нэг их удалгүй дахиад юм нь хөдөлжээ.
2009 оны гуравдугаар сарын 16-ны орой То ван гэж зочид буудалд архидан согтуурч байгаад иргэн Л.Доржжанцанг мөн л учир зүггүй жанчиж, гэмтэл учруулсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 99.1 гэсэн зүйл ангиар 20907146 тоот хавтаст хэрэг үүсгүүлжээ. Дорнод аймгийн АН-ын дарга гэх Г.Болдбаатарын үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд энэ мэтээр цааш үргэлжлэх нь.
Тэгэхээр Н.Алтанхуяг дарга аа, аймгийн намын дарга нар чинь нэг иймэрхүү эрүүгийн элементүүд байдаг юм байна шүү дээ. Та бодвол намаа ялуулах гэж ирэх сонгуулиар үзэж тарах байх. Гэтэл ард түмний дунд нэр нүүрээ барчихсан, ард түмнээ сонгогчдоо байнга зодож жанчиж, дарамталж явдаг эрүүгийн элементээр удирдуулсан орон нутагт чинь ялалтын үнэр байх уу.
Г.Болдбаатар гэгч нөхрийн баривчлагдаж ачигдахгүй байгаа ганц шалтгаан нь тус аймаг дахь АПУ-гийн салбарт гэрээт борлуулагчаар ажилладаг байна. Эхнэр нь нэг байшингийн буланд мухлаг ажиллуулж түүгээрэй архи, пивоор Дорнодынхныг угждаг бололтой. Орлогоос нь таван цаасны ашиг гэж өгөхөөр мань эр архи авч уугаад, давхиад хүн зоддог аж. Түүнээс биш Г.Болдбаатарын намын ажил энэ тэр лөөлөө болжээ. Түүний ярьдаг улстөр нь аймгийн МАН-ынхан дээр давхиж очиж Ирэх сонгуулиар энэ аймагт АН хэрхэн оролцох хувь заяа миний гарт байна. Та нар 50 саяыг л надад бэлнээр өгчих, тэгэх юм бол танай намыг ялуулаад өгье гэж ярьдгийг Дорнодоор нэг ярьсаар байна.
Г.Болдбаатар газар худалдана гээд хулхиджээ
Дорнод аймгийн АН-ын дарга гэх Г.Болдбаатарын хамгийн сүүлийн үед тариад байгаа ноцтой үйлдэл нь хүн зодох бус гадныханд газар зарна хэмээн олон сая төгрөг хятадуудаас авсан үйлдэл нь юм.
Г.Болдбаатар нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай ЖАИБ компаниас Халхголд газар олгож өгнө хэмээн хууран мэхэлж, 30 сая төгрөг авсан нь баримтаар тогтоогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлжээ. Энэ тухай илүү ноцтой баримтууд аймгийнх нь МАН-ныхны гарт хэдийнэ орсон аж. Г.Болдбаатартай тус аймгийн АН-ынхан сонгуульд орсон үед нь МАН-ынхан энэ мэт баримтыг нь гаргаж ирээд нэг мөсөн дуусгахаар зэхжээ. Ийм болохоор ирэх сонгуулиар АН-ын зүгээс Дорнод аймагт ялна гэсэн ойлголт байхгүй бололтой, Н.Алтанхуяг дарга аа.