Филиппин байгалийн давхар гамшигт өртөв
тус бүс нутгийн ихэнх хэсэг үерт автжээ.
Аврах албаны ажилтнуудын мэдээлснээр өмнөд нутгийн олон хот тосгоныг дайрсан хар салхины улмаас 569 хүн амь үрэгдэж, 400 орчим хүн сураггүй алга болсон байна. 20 мянга орчим цэрэг өмнөд Минданао арлын хойд эрэгт аврах ажиллагаа явуулахаар газардаад байгаа аж.
Уг арлын Кагаян-де-Оро, Илилан зэрэг томоохон боомт хот байгалийн гамшигт хамгийн ихээр нэрвэгджээ. Тус улсын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Гвен Пангийн хэлснээр Кагаян-де-Оро хотод 215, ойролцоо Илиган хотод 114 хүн амь үрэгдсэн байна. Илиган хотын дарга Лоуренс Крусын дүрсэлснээр 100 мянган хүн амтай тус хотын дөрөвний нэгийг үерлэсэн гол мөрөн бүрхэж, хүчтэй давалгаалан урсчээ. Энэ нь Илиган хотын түүхэнд байгаагүй үер аж. Түүний GMA телевизэд ярьснаар Хүмүүсийг ид нойрондоо автдаг цагаар хар салхи хотыг дайрсан. Хот нүд ирмэхийн зуур үерт автсан гэжээ. Үерийн ус хотын зарим хэсэгт нэг давхар байшингийн цонхыг давж, цээж далд орсон гүн усанд аврагчид ажиллаж байгааг GMA телевиз нэвтрүүлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино байгалийн гамшигт амь үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлж, ард иргэдийг гамшгийн бүсээс нүүлгэх ажлыг яаравчлахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.
Зүүн өмнөд Азийн бүлэг арлын орон Филиппин жил бүр тогтмол 20 хар салхинд өртдөгийн ихэнх нь хамгийн олон хүн амтай, хамгийн том хойд зүгийн Лузон арлыг нэрвэдэг. Харин өмнө зүгийн Минданао арлыг дайрах нь ховорд тооцогддог байна. Хөдөө аж ахуй өндөр хөгжсөн өмнө зүгийн нутгийг хар салхи дайрсан нь хохирлын хэмжээ өндөр гарахад нөлөөлжээ.
Ням гаригийн үүрийн 0500 цагт Минданао болон ойролцоохь жижиг арлуудыг 90 км/цагийн хурдтай дайрсан хар салхинд 11 мужийн найман хот, 140 тосгоны 100 мянга гаруй оршин суугч нэрвэгджээ. Одоогийн байдлаар өмнөд нутагт хүчний байгууллагын 20 мянган албан хаагч гамшгийн төвөөс 35 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, сураггүй бологсдыг эрж хайж байна. АНУ, Британи улсууд Филиппиний ард иргэдэд эмгэнэл илэрхийлэхийн сацуу тусламжийн гараа сунгахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Э.Төгс