Сонгууль будлиантвал гэрээслэл бичээд тэмцэл хийнэ
-Сонгуулийн хуулийг УИХ-ын 76 гишүүн өөрсдөдөө зориулаад гаргачихлаа. Ингэж өөрсдөдөө зориулсан хууль баталж байхад парламентад суудалгүй намуудад сонгуульд өрсөлдөнө гэдэг бүрхэг болчихож байгаа юм биш үү?
-2008 оны долдугаар сарын нэгний дараа таван хүний амиар дэнчин тавиад хамтарсан Засгийн газар байгуулахдаа хийсэн тохироо нь Сонгуулийн хуулийг төгөлдөржүүлэх асуудал байсан. Түүнээс хойш гурван жил яриад баталж чадаагүй. Баталж чадахгүй байсан нь гарч чадах болов уу, үгүй юу гэдэг айдас нь яваандаа улстөрийн их мастеруудын сайтар найруулсан жүжгээр харагдлаа.
Магадгүй Ерөнхийлөгч хориг тавьдаг юм уу, Үндсэн хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хуулийг буцаалаа. Хугацаа байхгүй учраас 2008 оныхоор сонгуульд орно. 2008 оныхоор сонгууль явагдсанаар иргэд сонгогчдын дургүйцлийг хүргэнэ. Ер нь луйвардана гээд аль хэдийнэ тохирцгоосон юм биш үү, цаадуул чинь. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн дараа дахиад эвсэх шаардлага гарна гэж тодорхой нэр бүхий улстөрчид хээв нэг яриад байна. Ийм ил цагаан юм байж болох уу. Өөрөөр хэлбэл бие биенийхээ барьцаа, нээнтгэнд орчихсон юм биш үү.
-Ямар ч байсан Сонгуулийн хуулиа баталчихлаа. Энэ нь дэвшил юм биш үү?
-Батлах нь баталчихсан. Тэр баталчихсан гэдэг чинь театрчилсан жүжиг гээд байна шүү дээ. Үүнийг ямар нэг байдлаар хаа нэгтэйгээс гох дэгээ олоод унагах сонирхол МАНАН бүлэглэлд бий.Тэгээд нэгэнт тохирчихсон байгаа байдлаар 2008 оны Сонгуулийн хуулиар хоёр талынхаа тохироог хийгээд явна.
-Сайтар найруулсан жүжиг юм бол та бүхэн зүгээр л хараад сууж байгаа хэрэг үү. Ямар нэг эсэргүүцэл үзүүлэхгүй юм уу?
-Тодорхой хэлэхэд удахгүй энэ хоёр бүлэглэлийнхэн их олон жил шүүж байгаад ийм сайн хууль баталчихсан чинь Ерөнхийлөгч ч юм уу, Үндсэн хуулийн цэц унагачихлаа. Тиймээс хуучин хуулиараа явах боллоо гээд матрын нулимс унагацгаана. Яг нарийндаа бол 2008 оны Сонгуулийн хууль зөрчилдөөн үүсгэх гол суурь байсан. 2008 оны хуулиар сонгууль явагдвал 2012 онд гарцаагүй дайн болно. Гарцаагүй.
-2012 онд дайн болно гэж байна. Тэгвэл та бүхэнд ч гэсэн Сонгуулийн хуульд санал оруулах боломж байсан шүү дээ. Хугацаа хожимдож өгчихөөд иймэрхүү зүйл ярих нь зохимжтой санагдахгүй байна?
-Сонгуулийн хуульд бидний өгсөн саналыг эрх баригчид огт хүлээж аваагүй. Нөлөөлж ч чадахгүй юм билээ. Хугацаа хожимдсоны хувьд Сонгуулийн хуулийг цэгцэрсэн хойно нь өгье гээд л удчихсан. Гэтэл хоёр гурван хувилбар явж байж хамгийн сүүлд багцлагдсан нь энэ шүү дээ. Биднийг саналаа өгснөөс хойш УИХ-ын гишүүд, намын бүлгүүд өчнөөн санал өгсөн. Тийм учраас хугацаа хожимдсан асуудал огт биш.
-Нэгэнт та бүхний саналыг хүлээж авсангүй. Тэгэхээр ингэж цаг үрж сонгуульд өрсөлдөх хэрэг байгаа юм уу?
-Орон даяар манай намынхан болон парламентад суудалгүй намууд явж байна. Хамгийн түрүүн ажиглагдсан зүйл нь ард түмний амьжиргаа шалдаа буутал дордсон. Баян хоосны ялгаа тэнгэр газар шиг болчихсон. Манант засаглалын тогтолцоог авч хаяад дахиж сонгохгүй гэсэн бодол хүчтэй байна. Мэдээж хүчтэй хоёр нам мөнгөөр зодож, нөлөөлөх байх. Нөгөө талдаа ард түмэн бидэнтэй хамт луйвардуулахгүй гэж зүтгэх ёстой юм л даа.
-Яаж зүтгэх үү. Тэмцэл хийнэ гэж үү?
-Ерөнхийдөө ирэх сонгууль амжилттай явагдлаа гэхэд цөөхөн хүн гарна байх. Бусдыг нь хүчээр явуулчихна. Хуулиа ч тэгээд баталчихлаа. Дээрээс нь мөнгө төгрөг гээд хэмжээлшгүй хүчин зүйл их болчихсон. Тэгэхээр бид ийм нөхцөл байдалд ялангуяа улстөрч хүн бууж өгөөд хүлээн зөвшөөрөөд явах юм бол бусармаг бүхэнтэй эвлэрч байна гэсэн үг. Тэгэхээр таслан зогсоох хэрэгтэй.
-Таслан зогсооно гэхээр бослого гаргах юм уу?
-Бослого гаргахдаа биш. Ерөөсөө ард түмэн, сонгогчдод боломжийн хэмжээгээрээ идэвхтэй оролцог. Ард түмэнд тарааж байгаа мөнгө нь та нарын баялгийг луйвардаж аваад тарааж өгч байгаа юм. Тийм учраас ард түмэн өөрсдийнхөө мөнгийг авч байна гэсэн үг. Бүх мөнгийг нь авцгааг. Аваад буцаж эргэхдээ зүрхээ чагнах хэрэгтэй. 2012 оны сонгууль өмнөхөөсөө шал өөр болно. Үнэндээ Монголын ард түмэн 20 жил харлаа, итгэлээ, хүлээлээ. Горьдлого найдлага тавьсан одоо хватет гэж байна. Цаашдаа хүлээх цаг хугацаа ч байхгүй итгэл найдвар ч алга. Бид юугаа хүлээх юм бэ. Тийм учраас одоо сонголтыг эргүүлнэ. Өмнөх сонгуулиудаас арай өөр сонгууль болно.
-Өмнө нь ч гэсэн ард түмэн тэгж хэлдэг байсан шүү дээ. Арай иймэрхүү ярианд хууртагдаад байгаа юм биш биз?
-Өмнө нь мөнгөний оролцоо ирэх сонгууль шиг харьцангуй өндөр түвшинд байгаагүй. Ерөөсөө энэ сонгуулийн хахууль 100 доллар байна. Зарим нь мөнгөн бороо оруулна, шуурга шууруулна л гэх юм. Түүний цаанаас парламентад суудалгүй улстөрчид яаж цухуйх юм бэ гэж ярьж байна. Тиймэрхүү юмаар ард түмнийг басч болохгүй. Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог монголчуудын сүүлчийн сонгууль болно гэж харах хэрэгтэй.
-Яагаад сүүлчийн сонгууль гэж?
-Одоогийн ажиглагдаж байгаа байдлаар харахад газар нутгийнхаа 50 хувийг лицензээр өгчихлөө. Үүнийг нь улам баталгаажуулаад монголчууд газар нутаггүй, өөрийн гэсэн дотоодын үйлдвэрлэлгүй. Хөрөнгө оруулалт нь асар их нэмэгдээд байдаг. Үндэсний компани гэж нэг ширхэг ч байхгүй. Хар л даа дандаа хятадууд байшин барилга барьж байна. Энэ удаагийн сонгууль сүүлчийн сонгууль гэдгийг давтан хэлье.
-Гүйцэтгэгч нь хятадууд болохоос эзэд нь монгол хүмүүс л байж таарна. Ингэж өрөөсгөл хандаж болохгүй биз дээ?
-Гүйцэтгэгч гэдэг нь цалин, техникээрээ Монгол орны бүх мөнгийг авч байна. Эзэн нь монгол байлаа гэхэд гурван хүний асуудал.
-Та чинь үзмэрч болоо юу?
-Үзмэрч энэ тэрдээ биш. Намайг ерөнхийдөө Монголын бизнес, улстөрийн сүүлийн 20 жилийн толь гэж ойлгож болно. Тиймээс Монгол Улсын бизнес, бүтээн байгуулалт нь яаж явж байна гэдгийг алган дээрээ юм шиг харж байна. Манай Ерөнхийлөгчийн хэлсэн сайхан үг бий. Зургаан тэрбум төгрөгийн тендер зарлагдаж байхад тал нь авлигад явж байна гэж зүгээр ч нэг ам алдаагүй юм шүү.
-Тэгвэл сүүлчийн гэж нэрлээд байгаа сонгуульд гуравдагч улстөрийн хүчин ялалт байгуулахгүй бол та нар ямар арга хэмжээ авах вэ?
-Хэрвээ сонгуулийн дүн бидний талд гараагүй байвал энэ шударга бусын хэмжүүр.
-Тэгээд тэмцэх үү?
-Тэмцэнэ.
-Дахиад долдугаар сарын нэгэн давтагдана гэж хэлэх гээд байна уу?
-Шударга үнэнийг тогтоолгохын төлөө тэр нөхцөл байдал руу яаж шахахыг би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан эцсийг нь хүртэл тэмцэнэ. Би таван хүүхэдтэй хүн. Хүүхдүүддээ гэрээслэл бичиж байгаад тэмцэнэ. Өнөөдөр энэ хоёр нам нийлээд 30 хувийн рейтинггүй байна. 70 хувь нь цаана нь бий. Хоёулаа нийлээд 30 хувь авахгүй байхад цаана нь 70 хувьд бусад улстөрийн хүчин, хувиараа нэр дэвшигчид гарч ирэхгүй байна гэдэг бол зүгээр хүчээр луйвардууллаа гэсэн үг. Тийм зүйл гаргуулахгүйн тулд бид хүртэл тэмцэнэ, чадах бүхнээ хийнэ.
-Чухам юу хийнэ гэж?
-Шударга явуулах талаас нь тэмцэнэ. Сонгуулийн шат шатны байгууллага, СЕХ-г өөрчилнө. Сонгуулийн бүтцийн байгууллагыг олны итгэл даахуйц болгоно. Тэгж байж сонгууль шударга явагдана.
-Гэрээслэл бичнэ гэж байна. Бослого гаргалаа, тэмцлээ. Амжилттай боллоо. Гол буруутнаар хэнийг нэрлэх үү. Буруутныг яах вэ?
-Шүүх буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутанд тооцож болохгүй гэдэг хуулийн заалт бий. Улстөрийн нам, улстөрчдийг буруутгаж байгаа боловч тэрийг дараа нь шалгаж үзээд нотолгоо баримттайгаар хэн буруу хийсэн байна тэдэнтэй хариуцлага тооцно шүү дээ. Ер нь хариуцлага тооцохоос өөр аргагүй. Энэ монгол төрийг луйвардаж авдаг хүмүүстэй, Монгол Улсыг худалддаг хүмүүстэй хатуу хариуцлага тооцно. Түүнтэй хэзээ ч эвлэрэхгүй.
-Сонгууль будлиантай болж, 2008 оны долдугаар сарын нэгэн шиг бослого гарах тохиолдолд хэн хэнийгээ буудах явдал гарах юм биш биз дээ?
-Цөөхөн монголчууд бие биеэ алаад буудаад байх нь буруу юм. Тийм зүйлд хүргэдэг байх нь өөрөө тэнэг. Тийм зүйл хийгээсэй гэсэн гадны сонирхол байхыг үгүйсгэхгүй. Жижигхэн зөрчил дээр нь улбаалаад бид ч хохирч болно. Тэгэхээр бид галаар наадаж байна гэсэн үг. Харин ийм асуудал гаргуулахгүй байх бололцоог өөрсдөө хар хайрцагны бодлогоор дотооддоо шийдэх нь чухал. Харамсалтай нь гадны дохио зангаагаар яваад байдаг бол ийм тохиолдолд хэн нь юугаа хамгаалах вэ гэдгийг шийдэх л ёстой асуудал. Нөхцөл байдал хатуу юм руу шахахыг үгүйсгэхгүй. Тийм нөхцөл байдал үүсэх юм бол үндэсний үзэлтнүүд, улс орноо гэж зүрх нь цохилдог хүмүүс нэгдэх шаардлагатай.
-Долдугаар сарын нэгэн гэснээс 2008 оны бослогын үед та туг барьчихсан явсан байх аа?
-Би туг бариагүй л дээ. Тэр чинь Нидерландын туг юм билээ. Эндүүрэл гарсан байна.