Ардчилсан намын залуус туурга тусгаарлахаар айлгаж эхлэв
өнгөрүүлж байгаа билээ. Гагцхүү өвгөн партизанууд нь өнгөлзөгч залуусаа өөд гаргахгүй өнөөдөртэй золгосон болохоос биш. Өнгөрөгч сард л гэхэд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн зүг намынх нь нөлөө бүхий нөхдүүд довтолгоо хийв. Баруун жигүүрээ хадгалж үлдэх гэсэн намын дарга маань хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж сөрөг довтолгоо хийв. Тэр ч бүү хэл Ардчилсан нам доторхи Кроун фракцыг өөртөө нэгтгэж чадсан амжилтаар таахалзаж суух болов.
Уг нь бол Н.Алтанхуяг дарга өөрийнхөө ар талд Алтангадас-ыг байгаа гэдэгт гүнээ итгэж, юунаас ч айхгүй явсан билээ. Гэтэл алтангадас-чууд төвийн байрлал эзэлсэн атал Н.Алтанхуяг даргыг тэгтлээ ил өмгөөлсөнгүй нь түүнийг ямар нэгэн томоохон алхам хийх ёстойг ухааруупав бололтой. Ардчилсан хүчний холбоо-г тэргүүлэгч З.Энхболд намын ажил болохгүй байна хэмээн намын даргадаа хуурай агсам тавьсан бол МоАХ-ны дарга Х.Баттулга тойруу зам ч хайсангүй, намын даргадаа шууд ноцов.
Хоёр том фракц толгойлдог нөхдөд ноцуулчихсан Н.Алтанхуяг даргыг гоочлох хүн мундсангүй. Хамгийн нөлөөтэй ч энэ мэт зүйл дээр мөрөөрөө л явдаг Улсын баатар нь ч ноцов. Мань эр алтангадас-чуудад найдаж байсан ч цаадуул нь түүний төлөө ямар ч өмгөөлөл хийсэнгүйгээр үл барам бараг л ашгүй дээ гэх нь холгүй сууж байв. Ардчилсан хүчний холбоо, МоАХ фракцуудаас гадна Нэг ардчилал, Зүүн хойд Ази гэсэн фракцийн залуус хүртэл Н.Алтанхуягийн эсрэг фракцид ил, далд нэгдэж эхлэв.
Алтангадас-аас аврал эрээд хэрэггүйг мэдсэн Н.Алтанхуяг дарга нөлөөлөл үзүүлж чадахгүй ч өөрийгөө дэмжүүлэхээр хэсэг залуусыг Сонгинохайрхан дүүрэг буюу өөрийнхөө тойрогт цуглуулав, Төрийн ордонд ч чуулуулав. Өөрийгөө галаас аврах оролдлогыг иймэрхүү маягаар хийж байгаа царай нь энэ. Нөгөө талд нь Ардчилсан намын залуучууд Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хуралдуулах шаардлагыг ч тавьсаар ирсэн.
Ийм олон шаардлага, боорлолт дунд ҮЗХ-ны хурлыг хийлгэнэ гэдэг шууд бууж өгч байгаатай адил учраас Н.Алтанхуяг хурлыг хойшлуулах арга сүвэгчилсээр өнөөдөртэй золгож, ирэх онд хийх тойм хугацаа товлоод байгаа юм. Хэдэн дэд сайдаар толгойлуулсан Кроун фракцынхантай тохироохийж, цаадуул нь хамтарсан Засгийн газрын ажлыг дэмжиж, хэвлэлийн хурал хүртэл зарлав. Хурлын сэдэв нь хамтарсан Засгийн газрыг дэмжих хэдий ч цаад агуулга нь Н.Алтанхуягийг галаас хамгаалах байлаа.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хүртэл Надад намын дарга хэн байх нь тийм ч чухал биш, гагцхүү намын ажил сайн байх ёстой хэмээн гал дээр тос нэмнэ гэгч болов. Өнгөрөгч арваннэгдүгээр сард хүчтэй дүрэлзсэн энэ галыг юутай ч нэг удаа намдаасан. Энэ талаар ажиглагчид байр сууриа янз бүрээр л илэрхийлж байлаа. Х.Баттулга эхлүүлсэн, санаачилсан олон ажлаа Засгийн газраар шийдүүлэхийн тулд намын дарга бөгөөд Тэргүүн шадар сайд руу дайрч үзлээ. З.Энхболд намын дарга болох гэсэндээ довтлов.
Ахмад гишүүд нь фракцуудаар дамжуулж Н.Алтанхуягт сануулга өглөө ч гэсэн. Энэ бүхэн ямартай ч Н.Алтанхуягийн суудал ганхаж эхэлснийг төвөггүй илтгэсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй билээ. Юутай ч энэ гал намдсан. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар бол жинхэнэ түймэр одоо л гарах гэж байна. Тэр нь юу вэ гэвэл, Ардчилсан намын залуучууд намын дарга нартаа удаа дараа гомдол хүргүүлж, тэр нь огт шийдэгдэхгүй байгаагаас өнөө тэсрэхэд бэлэн болоод байгаа гэх. Хамгийн сүүлд л гэхэд тэд залуучуудаа дэмждэггүй, зөвхөн өөрсдийнхөө хар амийг боддог гэсэн шүүмжлэл хэлж, ҮЗХ-ны хурлыг даруй хийлгэхийг шаардсан байна.
Ялангуяа ирэх сонгуульд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хатуухан байр суурь илэрхийлжээ. Тэднийг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын залуус тэргүүлж байгаа нь АН-ын даргыг жинхэнэ шаналгаанд оруулж байгаа юм байх. Тэд Н.Алтанхуягийн эсрэг фракцынхаа залуустай нэгдэн ахмад партизануудаа шахаанд оруулж байгаа тухай эх сурвалж дуулгасан. Тэд өөрсдийгөө бодитойгоор дэмжүүлж, ирэх сонгуулиар залуусын оролцоог 50 хувьд хүргэх шаардлага тавьж байгаа аж. Эс тэгвэл бид Туурга тусгаарлалаа хэмээн айлгажээ.
Үнэхээр Ардчилсан намын лидерүүд залуусынхаа шаардлагыг эс биелүүлбэл тус намаас дахин нэг туурга тусгаар нам төрж ч магадгүй гэнэ. Ийм дээрээ тулах юм бол ардчилсан гэж мянгантаа өөрсдийгөө тодотгоод ч ардчилсан харагдахаа нэгэнт больсон тус нам яалт ч үгүй мөхөл рүүгээ л гулсах болно. Мөн УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг Х.Баттулга, З.Энхболд нарыг дэмжиж байгаа, тэднээр дамжуулан залууст нөлөөлж байна гэсэн яриа ч хэвлэлээр бичигдсэн билээ.
Угтаа бол энэ нь АН-д нэлээд хүчтэй задрал явагдахын урьдчилсан дохио болж байгаа юм. Залуустай нийлсэн нэгэн хүчирхэг бүлэглэл өндийвөл Н.Алтанхуяг хэчнээн засгийн хүчээр далайлгаад ч нэмэргүй л болох вий. Гэхдээ бас нөгөө талаар хамтарсан засгийн өмнө хүлээсэн АН-ын үүрэг гэж нэг юм байна. Яахыг харж л сууя даа.
С.УУГАНБАЯР