Цамаан монголчууд
Гэтэл өмнөд, хойд хөршийнхөн биднийг ядуу гэхээр нэг л итгэхгүй болов уу. Учир нь бид дэндүү цамаан байна.
Ганцхан жишээ авч үзье. Монгол малын мах шиг байгалийн цэвэр бүтээгдэхүүн дэлхийн өөр хаана ч байхгүй. Үүнийг аль хэдийнэ дэлхий нийтээр хүлээн зөвшөөрчихсөн.
Бараг л Монголоос ирсэн мах гэвэл дэлхийн хаана ч булаацалдаж идэх шахдаг нь үнэн. Гэтэл бид өөрсдөө махаа голоод, Швейцарийн хонины тансаг мах иднэ ч гэх шиг балайрахыг яана. Централ цамхагт байрлах зоогийн газарт хамгийн хямдхан хоол нь20 мянган төгрөг гэсэн. Тийм айхтар үнэтэй байгаагийн шалтгаан нь гадаадаас оруулж ирсэн сайн чанарын мах орсон гэх. Монгол малын махнаас илүү чанартай, элдэв янзын хорт бодисгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж байхгүй байлгүй. Европын орнууд таргалалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Түүний шалтгаан нь бордсон малын мах идсэнээс үүдэлтэй гэж байгаа юм. Манайд хэзээ ч тийм юм болохгүй. Гэтэл адуу, ямааны махаа идэхгүй голоод, үхэр, хонины мах иддэг баатрууд болоод байгаа. Тэгж цамаан загнаж байх зуур нь ямааны махыг нь хятадууд, адууны махыг оросууд худалдаж аваад дуусч байна. Хятадууд нь болохоор хаврын тарчиг цагаар эргүүлээд бидэнд үнэтэй зардаг.
Оросууд яах вэ, манайхны голоод байгаа адууны махны амтыг нь гайхаад идэж байгаа байлгүй. Тэгсэн хэр нь өвчтэй энэ тэр гэж муулна.
Үнийг нь унагах гэсэн л арга шүү дээ. Тийм байлаач баруун аймгийнхан адууны махаа Улаанбаатарт авчирч, хямд өгч байхаар Орос руу гаргасан нь дээр гэж үздэг болсон байна. Хэдий хямдхан өгч байгаа ч Улаанбаатарын ченжүүдээс арай илүү үнээр авч байгаа нь дамжиггүй. Мөн махны ченжууд ч Орос руу адууны мах их хэмжээгәэр гаргах ажилд гаршиж, их ашиг олж байгаа сураг бий. Ийн биднийг адуу, ямааны махаа гадныханд худалдаж, цамаан зан гаргаж байх зуур үхэр, хонины мах кг нь 5000 төгрөг болчихсон байна. Хэдхэн сарын өмнө 3000 төгрөг байсан ямаа, адууны мах 4000 төгрөгөөс буухгүй байгаа. Хүчит шонхор хавиар арай хямдхан байгаа байх. Гэхдээ л махны үнэ арай хэтэрхий өсч байгаа биз дээ. Монгол 40 сая малтай. Харин хүн ам нь 2.7 сая байгаа. Харьцуулахад дэндүү инээдтэй байгаа биз дээ. Уг нь бид ямар ч малын махыг 2000-аас дээш төгрөгөөр худалдаж авах ёсгүй.
Тийм олон малтай улс. Хэрвээ зуд турхан бага болбол хэдхэн жилийн дараа манай улсын мал 50, 60 саяд хүрч магадгүй. Мал ийм хурдтай өсч байхад үнэ нь буурах ёстой байтал харин ч эсрэгээрээ өсөөд байгаа юм. Манай улс 20 сая малтай байхад бид кг махыг 1000 гаруйхан төгрөгөөр худалдаж авдаг байлаа. 40 сая хүрэхээр 4000 төгрөгөөр худалдаж авч байна. Эдийн засгийн талаас аваад үзвэл буруу тогтолцоо байгаа биз дээ. Энэ ердөө л бидний цамаан зан, дээр нь зохицуулалт байхгүйн шинж. Захын нэг ченж ашиг олохын тулд улс орон даяар махны үнийг хөөрөгдөж байхад төр засаг юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Үнэндээ Орос руу гарч байгаа махны тал хувийг ченжүүд гаргаж байгаа шүү дээ. Сүүлийн үед махны ченж нэр зүүсэн хүмүүс. Орос руу адууны мах гаргаж, ашиг олохын тулд махны үнийг хиймлээр хөөрөгдөж байгаа гэсэн. Оросууд ч үнээ нэг их татахгүй аваад байгаа болохоор тэр нөхдүүд даварчихгүй юу. Хойд хөршийнхөн Монголын малын махыг голдог хэрнээ адууны махыг ихээр аваад байгаа нь адуу бараг өвчин тусдаггүй болохоор тэр. Тэгээд ч өвлийн цагт хамгийн илчлэг сайтай, амттай мах. Уг нь нөөцийн маханд бага хэмжээний адууны мах оруулж, хямдхан зарсан ч болох юм. Даанч манай улсын юм бүхэнд төрийн багахан зохицуулалт дутаад байх юм даа.
Н.Пунцаг