Эгчээс л боллоо…
Намайг бага байхад юм даа, сургуульд ороо ч үгүй үед эгч маань тетрис гэгч тоглоомыг өдөржин шөнөжин тоглодог байж билээ. Бүр унтаж амрахаа ч умартаж, хоол ундаа идэхээ хүртэл хойшлуулталаа улайран тоглодог байсансан. Намайг ямар тоглуулах биш хажуунаас нь тоглож байгааг нь харахад нэг л их гоё харагддаг байж дээ тэр үед. Эгч маань тэрийгээ өдөр бүр хийх ёстой ажил шиг л байнга тоглоно. Бүр хичээлдээ явахдаа хүртэл цүнхлээд явдаг байсныг нь яана.
Нэг удаа яарч санадарсан юм уу яасныг нь бүү мэд өнөөх тетрис гэгч тоглоомоо орон доороо мартаад явчихсан байдаг байгаа. Ингээд л надад анх удаа тетрис хэмээх тоглоомыг тоглох боломж олдож билээ. Тоглосон ч гэж дээ, өөрөө ч ойлгохгүй байж гарт дарагдсан товчлуур бүрийг нь чанга чанга дараад л байсан. Нэг мэдэхэд л урдаас нэг бичиг гараад л дахиад шинээр эхэлчихдэг байсан юм. Одоо бодоход ‘’Game oүer’’ гэж л бичиг гардаг байсан байх даа.
Орой эгч хичээлээсээ ирээд ‘’миний тетрисээр хэн тоглосон бэ, би паус /pause/ авчихсан байсан юм. Шөнөжин тоглосон хамаг хүч хөдөлмөрийг маань балалчихлаа’’ гэж уурлангуй өнгөөр гэрээр нэг үглэж гарна. Би ч бага байсан болохоор яалаа гэж өөрийгөө илчлэх билээ дээ. Гэм хийгээгүй харцаар, чив чимээгүй л суугаад байснаа одоо ч тод санадаг юм.
Тэр цагаас хойш олон жил өнгөрч, олон ч тоглоомууд бий болж. Эгчийн тетрисийн дараа ах маань мега гэдэг зурагтан дээр гардаг тоглоомоор тоглодог байлаа. Дараа нь сега болсон. Удалгүй Плей Стешн, РС тоглоомууд гээд цаг хугацаа улиран одож, улс орон хөгжихийн хэрээр тоглоомууд улам л гоё болж, ёстой л залуусын хэлдгээр ‘’лайтай’’ болсон гэмээр.
Би яаж зүгээр байхав эдгээр тоглоомуудаар бүгдэнгээр нь цухас оролдож үзсэн толгой. Одоо харин ямар ч сонирхолгүй байдаг нэгэн дээ. Ахтай хамт мега, сега хоёрыг ч элэгдэж, эвдэртэл нь тоглосон доо хөөрхий. Одоо ч эдгээр тоглоомуудыг тоглодог хүн байхыг ч үгүйсгэхгүй юм. Дараагаар нь Плей Стешн гэх тоглоомууд түрж орж ирж байсан санагдаж байна.
Харин одоо РС гэж байна. Үүнээр ч нэг их тоглодоггүй ч ганц нэг тоглоомыг нь оролддог байсанаа нуух юун. Намайг дунд ангид байх үед л анх РС гэгч тоглоом үүсч байсан. Тухайн үед ангийн нөхдүүд маань РС тоглоомонд их дуртай. Хичээл тараад л хоёр зуун төгрөг тас атгачихаад гэрлүүгээ биш РС тоглоомын газар луу бөөнөөрөө яаран явцгаадаг байлаа. Тэр болгонд нь дагаж явсаар байгаад ‘’Коонтор’’ гэдэг байлдаантай тоглоомыг анх тоглож сурсан юм.
Өглөө бүр гэрээсээ гарахдаа ээжээсээ нэг зуу, хоёр зуун төгрөг аваад л гарна. Уг нь завсарлагааныхаа цагаар юм авч идээрэй л гэж өгч байгаа юм л даа. Тэр мөнгөөрөө ганц гөөхий аваад идэхээ мэдэхгүй өнөөх л коонтороо тоглох гээд л хадгалдаг байлаа даа. Удалгүй гэрйинхэндээ баригдлаа. Мэдээжийн хэрэг тоглохоо боль л гэж хэллээ. Аргагүй шүү дээ, хичээл тараад мөд харихгүй өдөр бүр өглөө гараад л орой ирээд байхаар чинь хүүдээ санаа нь зовоо байлгүй. Дээр нь тэр тоглоомны харгайгаар сурлагын дүн маань ч буурсан.
Хэдийгээр өлсөн өлсөн байж өдөржин дайтаж байлдах бага насанд сонирхолтой бас гоё ч ирээдүй энэ тоглоомонд байхгүй гэж ээж маань надад оройжин үглэж гардаг байв. Гэрийн хорионд орж, ээжийн сурны хажууд хичээлээ хийхээс өөр аргагүйд хүрч, намайг хүчээр шахуу л энэ компьютер тоглоомноос холдуулж билээ. Хэрэв яг энэ үед л намайг хүчээр хорьж цагдаж байж зогсоогоогүй бол би ямар ч хүн байх байсан юм билээ гэж хааяа боддог шүү.
Одоо цагт миний энэ замыг туулж ирсэн хүмүүс тухайн үедээ татгалзаж чадаагүйгээс компьютер тоглоомонд ‘’донтогч’’ болсон гээд хэлчихэд нэг их хатуудахгүй болов уу. Зарим нэг компьютер тоглоомын газарт баахан бага насны хүүхдүүдтэй хамт өрхийн тэргүүн, эцэг хүн хүртэл тоглож суух нь энгийн үзэгдэл болсон. Ажлаа тараад гэртээ ирэхийн оронд найз нөхдүүдтэйгээ нийлээд компьютер тоглоом тоглоод алга болчих нь. Амралтын өдөр гэртээ амрахын оронд компьютераас мөн л салахгүй өнждөг хүмүүс их биш ч бас цөөнгүй бий. Аргаа барсан хүмүүс эцэстээ гэртээ тэр тоглоомнуудаа авчирчихаад өдөржин тоглоод ч сууж байж мэднэ.
30 хүрчихээд РС тоглоод явж байгаа хүнийг компьютер тоглоом тоглодоггүй хүн бол буруутгана, тоглодог хүмүүс нь зөвтгөх л байх. Гэхдээ тэр хүнд РС тоглолоо гээд ашиг юу байна вэ. Хоёр цагийн ч өмнө болов гэртээ очоод хань ижилтэйгээ, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх нь түүний хувьд аз жаргал нь байх бус уу. Хань ижил үр хүүхэдгүй бол ажил төрлөө төлөвлөөд эртхэн унтаж амарч байвал өөрт нь тустай санагдах юм. Яахав дэлхийн хөгжингүй улс орнуудад бол РС тоглоомчин гэж мэргэжил шахуу үнэлдэг ч манай улсад бол тийм биш ээ. Бусад хөгжингүй оронд РС тоглоомоор мөнгө олж, цалинжиж байхад манай улсад зөвхөн алтан цагаа үрж, халаасандах мөнгөө нимгэлж л байна шүү дээ.
Бага насны хүүхдүүд ирээдүйд тэр нь амьдрал нь болох юм шиг улайрч байна. Гэвч тэдэнд PC тоглоом биш, хичээл ном нь л ирээдүйн амьдралынх нь баталгаа болно шүү дээ. Дээр дурьдсан миний ишлэл бол үнэндээ ганц минийх биш олон хүний санаа бодолтой нийлэх ишлэл байх гэж бодож байна. Эцэст нь тоглоом нь Game oүer биш та өөрөө, аль эсвэл чиний амьдралд ийм үг зурайж байх вий.
Эх орноо цогцлоох залуус маань компьютер дээр тоглож суухад бага насны хүүхдүүд бас арай ч гэмээр РС-г шимтэх болсон нь үнэхээр харамсалтай байна. Хоёр гурван цаг тоглох бол тэдэнд юу ч биш. Хонуут өнжүүтээр л тогловол нэг юм нойрондоо дийлдээд маргааш нь өнжих байх. Тэдгээр хүүхдүүдэд өөрсдөд нь мөнгө ямар барагтаа байх биш ижий ааваа л зулгаах нь тодорхой. Ижий аав нь аргаа бараад мөнгө өгөхгүй гэж зүтгэсэн ч, найз нөхдөөсөө зээлээд, бүр болохгүй бол ном дэвтэрээ худалдаад ч болов тоглоомныхоо мөнгийг олчихно. Зарим үед худлаа хэлээд ч болов мөнгийг яаж ийгээд л олчихно доо. Хэрэв ийм байдалд хүрсэн бол таны хүүхэд, эсвэл чи донтож эхэлж байна.
Компьютер тоглоомчдын тоглодог тоглоомыг нь ажаад байхад нэг ч дайн байлдаангүй тоглоом гэж үгүй. Бүгд л нэг нэгнээ ялахын төлөө алах зорилготой тоглоно. Энэ нь эргээд хүүхдүүдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлж, эцэстээ амьдралыг тоглоомтойгоо зүйрлэх нь ч бий.
Гашуун жишээг дурьдахад л саяхан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо буюу МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд байрлах 22 дугаар байранд байдаг PC тоглоомын газарт нэгийгээ буудаж, дараа нь өөрийнхөө амийг хөнөөсөн аймшигт хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан. Энэ бол зүгээр нэг тохиолдол биш. Харин бид нарт дохио өгч байна. Гэмт хэргээс гадна сэтгэцийн хүнд зэргийн өвчин туссан хүмүүс эмнэлэгт хүргэгдсэн л байна.
Хэрэв та компьютер тоглоомын газарт ороод хэсэгхэн зуур ажин зогсоход л бага насны хүүхдүүдийн амнаас ‘’чамайг хутгална даа, гар бууны мишок болгоно, тархидна, тэсэлж, дэлбэлнэ’’ гэх мэт харгис хэрцгий үгнүүд амны уншлага мэт дуулдана. Зарим нэгнээс нь хараалын үг урсах нь энүүхэнд. Нэг удаа үхсэн бол эргүүлээд ‘’би чамайг ална даа’’ гэдэг үг амнаас нь хариу болж гарна. Хэдийгээр тоглоомон дотроо ална хядна гэж байгаа ч хөндлөнгөөс сонсож байгаа хүнд эмзэглэм дуулдахыг яана.
Энэ мэт улс орны минь ирээдүй хойч маань компьютер тоглоомонд хэт их уусч байна. Энэ талаар арга хэмжээ авч нарийн зохицуулалт хийхгүй бол болохгүй санагдана. Хонуут өнжүүтээр тоглодог газруудыг бүр мөсөн хориглочихож яагаад болдоггүй юм бэ. Уг нь хориглосон гэж дуулсан. Тэгвэл яагаад хэрэгжихгүй байна вэ. Эрүүл ахуйн болоод орчин нөхцөл үнэхээр хүнд хэцүү газрууд цаана чинь хотоор дүүрэн хөглөрч байна. Тэнд чинь бага насны хүүхдүүд өсөн хүмүүжиж байгаа. Уг нь тийм газарт тамхины утаа ч, архины үнэр ч байх учиргүй. Гэтэл тийм газар яг тэд байна гээд нарийн тоог хэлэхгүй ч тодорхой хэмжээнд байгааг та бид мэднэ. Хянаж шалгаж, шаардлага шалгуураа тавьж байл даа мэргэжил хяналтынхаан. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах нөгөө олон байгууллагууд чинь хаана байна вэ.
Үүний дараагаар бас нэг зүйл байна. Бага насны гэх насанд хүрээгүй хүүхдүүдийн компьютер тоглоом тоглох цагт хязгаар тавих хэрэгтэй байна. Заавал тав арван цагаар нь, зарим үед хонуулж өнжүүлэн тоглуулах алба байхгүй. Хонуулж өнжүүлэх эрх нь ч тоглуулагчид байхгүй шүү дээ. Ер нь бол насанд хүрээгүй л бол 2-оос дээш цаг тоглуулахгүй байх нь зүйтэй. Мөн энэ олон компьютер тоглоомын газруудыг цэгцэлж, ямагт хяналтан дор үйл ажиллагааг нь явуулахгүй бол өнөөдөр манай улсад энд тэндхийн хашааны буланд, байрны подвальд, байшингийн мухарт үйл ажиллагаа эрхэлж буй өчнөөн олон газрууд байна. Тусгай зөвшөөрөл энэ тэрийг нь тусгайлан олгодог юм бол зохих газарт нь, шаардлага хангасанд нь өгөх нь зүйтэй шүү гэдгийг сануулмаар байна.
П.Энхжаргал