Сонгуулийн хуулийн нээлттэй хэлэлцүүлгээс
улстөрч Б.Дэлгэрмаа өчигдөр Либерти дээд сургуулийнхаа нэрийн дор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, иргэдийн төлөөлөгчдийг урьсан боловч зам түгжрэлтэй, завгүй гэсэн шалтгаанаар иргэд голдуу ирсэн байв. Улстөрч Б.Дэлгэрмаа хэлэхдээ Сонгуулийн тухай хууль батлагдаад удаагүй байгаатай холбогдуулан энэ арга хэмжээгээ зохион байгуулж байна.
Сургуулийн зүгээс анх удаа сонгууль гэсэн чухал сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байгаадаа бид бүхэн баяртай байна. Төрийн эрх барих байгууллага ямар байх ёстойг, улс төр судлалийн гол асуудал ямар түвшинд байх талаар хэлэлцэхээр боллоо хэмээв. Өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаагийн парламентын сонгуулийг явуулснаас 1990 оны сонгуулийг эс тооцвол үндсэндээ мажоритар буюу олонхийн тогтолцооны хувилбаруудыг хэрэглэсээр ирсэн.
2012 оны сонгуулийн хууль шинэчлэгдэж олон шинэ саналууд оруулж байгаа нь их сайшаалтай гэж байв. Либерти дээд сургуулийн магистрийн ангийн оюутан Г.Шинэбаяр илтгэл тавьсан юм. Манай улс зургаан удаагийн сонгууль явуулснаар тав нь мажоритар хувилбарыг сонгож хэрэглэсэн. Тухайлбал, 1992 онд олон мандаттай томсгосон тойрог, 1996, 2000, 2004 онд жижигрүүлсэн нэг тойрог нэг мандаттай, 2008 онд олон мандаттай томсгосон тойрог-той олонхи дийлэнхийн тогтолцоог хэрэглэсэн гэв.
Сонгуулийн олонхи дийлэнхийн тогтолцоо нь улс төрийн орчинд хэрхэн нөлөөлсөн, ямар сөрөг үр дагавруудыг бий болгосныг дараах байдлаар үзүүллээ.
– Хоёр намын тогтолцоо рүү чиглүүлсэн
– Намын төлөвшилд сөргөөр нөлөөлсөн
– Бүтээмэл олонхи ихэвчлэн бий болгож байсан
– Эмэгтэйчүүдийн төлөөллийг орхигдуулсан
– Санал ихээр гээгдсэн
Сонгуулийн тогтолцоо нь нам, намын системийн төлөвшилд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд энэ хамаарлыг харуулсан томьёоллыг Францын эрдэмтэн Морис Дюверже 1945 онд Улс төрийн намууд хэмээх номондоо анх гаргажээ. Энэ нь улс төрийн шинжлэх ухаанд Дювержегийн хууль нэрээр алдаршсан. Энэ хууль ёсоор сонгуулийн мажоритар систем нь хоёр намын тогтолцоо руу чиглүүлдэг бол сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо нь олон намын тогтолцоо руу түлхдэг байна. Харин холимог тогтолцооны хувьд тухайн хослолд аль тогтолцоо давамгайлж буйгаас шалтгаалж хоёр намын эсвэл олон намын тогтолцоо болно.
Сонгуулийн босгыг таван хувиар тогтоож өгсөн нь жижиг гэгдэх парламентын гаднах намуудыг харьцангуйгаар бодолцсон хувилбар мөн. Босгыг хэт доогуур тогтоогоогүй нь эргээд жижиг гэгддэг тэдгээр намуудын төлөвшилд эерэгээр нөлөөлж ч болох юм. Энэ бол албан ёсны босго. Энэ нь сонгуулийн тогтолцооны математик нөлөөнд бий болсон байдаг тухай итгэлдээ дурдаж байв.
Сонгуулийн тухай хуулийг хамгийн сайн хувилбар гэж дүгнэж байгаагаа Б.Дэлгэрмаа хэлж байв. Үе, үеийн сонгуульд эмэгтэйчүүдийн төлөөлийг орхигдуулсаар ирсэн. Харин энэ удаагийн сонгууль эмэгтэйчүүдэд 20 хувийн квот олгосон нь их сайн хэрэг болсон гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн сонгогчдын хувьд 28,48 гэсэн харьцаа нь их эргэлзээтэй баина хэмээн үзэж байгаа юм.
Э.ОЮУНЦЭЦЭГ