Хоолойгоо сөөтөл орилон галзуу хулгана мэт давхидаг тэр юу вэ
галзуу хулгана мэт давхидаг тэр юу вэ гэсэн тааврын хариултад хэнбугайч микро гээд хариулчих байх. Статистик судалгаагаар одоогоос хоёр жилийн өмнө нийслэлийн хэмжээнд таван мянга гаруй шугамын микро хүн тээвэрлэж байсан байна. Харин 1995 оноос эхлэн нийтийн тээврийн газраас микронуудад хязгаар тогтоох журам гарсан нь ончлол юм. Хүн тээвэрлэхэд аюулгүй байдал хангахгүйд хүрсэн эдлэж хэрэглэсэн хугацаа нь дууссан гэж хэлж болох микронууд хасагдсаар өдгөө хоёр мянга болон цөөрсөн байх юм.
Үүнээс 600 гаруй нь Наран туул захын чиглэлд явдаг бол хороолол шар хадны чиглэлд 20 иод нь Дэнжийн мянга, Шар хад чиглэлд явдаг байна. Тухайлбал III-IҮ хороолол Наран туул захын чиглэлд өдөрт 30 микро явдаг болохоор нэлээдгүй ачаалалтай байдаг аж. Иймээс нэг жолооч нь л гэхэд өглөөнөөс орой болтол 4-5 удаагийн рейс хийснээр тэр өдрийн ажил дуусдаг гэнэ.
Ингээд өдөржин явсан орлогноосоо машиндаа түлш, өдрийн хоол гээд зардлуудаа хасаад 30-40 мянган төгрөгийн ашигтай гэрийн бараа хардаг байна. 1995 оны ончлолын журмын дагуу хасагдсан үй олон микро хэрэгцээнээс гарч айл айлын хашааны мухарт шороонд дарагдсан харагдах нь бий. Ийнхүү хоолны мөнгөө залгуулаж байсан хөрөнгө нь хэрэгцээгүй болмогц тэд дараагийнхаа микро авахаар банкны зээл хөөцөлдөн гүйнэ.
Энэ мэтчилэн урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн тэдний амьдрал өдөр хонгоо өнгөрөөсөөр. Тэд ончлолын журмыг эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхолтой холбон янз бүрээр хүлээн авч ойр хоорондоо жиг жуг гэлцдэг юм билээ. Тухайлбал өнгөрсөн 2009 онд микрог тээврийн хэрэгслээс хасах бодлогоор УИХ-ын гишүүн С.Баяр 400 автобус оруулж ирсэн. Үүний уршгаар ар гэрээ тэжээж өдрийн хоолоо залгуулаж байсан гурван мянга гаруй жолооч, мөн л тэр тооны кондукторууд ажилгүй болж тэр айл гэрүүдийн амьдрал сүйрэхэд хүрсэн хэмээн тэдний нэг ярьсан юм.
БИ ӨДӨРТ 60 МЯНГАН ТӨГРӨГИЙН АШИГ ОЛДОГ
Энэ үеэр шугамд явж байсан жолооч Ц.Эрдэнэбаттай уулзаж ярилилаа.
-Сайн байна уу. Та хэдэн жил микроавтобусны жолооч хийж байна вэ?
-Ах нь арав гаруй жил жолооч хийлээ.
-Аль чиглэлд явах зөвшөөрөлтэй вэ?
-Одоо Ханын материал, Шар хадны чиглэлд явдаг. Өмнө нь энэ чиглэлд явдаг байсан одоо бол хориотой гэхдээ хулгайгаар яваад торгуулах үедээ торгуулаад л явж байна даа.
-Өдөрт хэдэн рейс хийх үү. Та өдөрт хэдэн төгрөгийн ашиг олдог вэ?
-Би өдөрт 20-иод микротой өрсөж явдаг болохоор нэг нь таван удаа л эргэнэ дээ. Би өдөрт 60 мянган төгрөгийн ашиг олдог. Үүнийхээ 20 мянгад түлш хийж, 15 мянган төгрөгийг хөлсөлсөн кондуктордаа өдрийн цалин болгож өгдөг. Ингээд 25 мянган төгрөг үлддэг юм даа. Азгүйтвэл торгуулийн арван цаас гээд л ер нь баталгаа байхгүй эрэсдэлтэй шүү дээ.
-Та ончлолоор микро хасуулж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ хоёр ч шинэ шахуу тэрэг манай хашаанд хэвтэж байна. Ер нь аюулгүй байдлаа жолооч хангаж явна гэдгээ мэдэхгүй гэж байхгүй. Гэтэл дээрээс худлаа ончлол гэх шалтгаанаар бидний хоолыг хасаж өөрсдөө ашиг хонжоо гаргаж авч байна гэж хувьдаа үздэг. Жишээ нь улсын төсвөөс сард дөрвөн сая төгрөг оюутан болоод ахмадуудыг зөөж тээвэрлэдэг нэрээр сул мөнгө завшдаг дөрвөн том оврын автобус байна. Энэ нь эрх мэдэлтнүүдийн гарын салаагаар урсаж буй сул мөнгө шүү дээ. Ингэж бидний хоолыг хасаж тоглож байна гэв.
Тэд үүнийг бусармаг аргаар ард иргэдийнхээ хоолыг булааж иддэг төрийн акулуудын хийж буй ажил хэмээн шүүмжлэлтэй ханддаг байна. Халуунд халж, хүйтэнд нь хөрч яваа тэднийг ойлгож мэдрэхээс илүү ашиг хонжоо хайж нэг хүн суулгахын төлөө ажлын цагаас хоцроочихлоо хэмээн зандрах нэгэн мундахгүй. Банкнаас зээл авна эсвэл банкны лизингээр он ахиулан микро авч сарын зээлийн хүү, өдрийн хоолны мөнгө, үр хүүхдүүдийнхээ унааны мөнгө зэрэг наад захын амьдралын хэрэгцээгээ хангах гэж хуруу хумсаа хэмлэн яваа гэр бүл энэ эгнээнд цөөнгүй ажээ.
Ийн элдвийг сонирхонгоо микроавтобусаар үйлчлүүллээ. Анзаараад байхад, манайхан нийтлэг сонин зуршилтай юм. Өглөө ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа замын түгжрэлээ тооцоолдоггүй юм байна. Тэгээд микроавтобусанд суумагц Хурдан яваач ээ, ажлаас хоцорчихлоо хэмээн орилж, таагүй уур амьсгал төрүүлдэг нь яав ч Улаанбаатар хэмээх их хотын өнгө төрхөд нийцэхгүй. Нөгөө талаар зарим кондукторын өмссөн хувцаснаас нь хир буртаг үнэртэж, амаа ч угаалгүй олон нийтэд үйлчилдэг, биеэ авч явах байдал нь муу зэргээр зорчигчид шүүмжилж харагдсан.
Нэгэнт мөнгөө төлж яваа хүмүүст аль болох цэвэрхэн хэл ам гаргаад байлгүй үйлчилэх нь тэдний үүрэг байлтай. Халуун хүйтнийг халшрахгүй биднийг тээвэрлэж яваа гэдэг утгаараа микроавтобусны жолооч, кондукторыг ч буруутгахыг хүссэнгүй. Саяхан нэг танил маань Наран туул захаас III-IҮ хороолол гэсэн микроавтбусанд суужээ. Гэтэл өдөр нь 500 төгрөгөөр явж байсан микро оройдоо зорчигч тээвэрлэх үнээ нэг дахин нэмж мянган төгрөг нэхсэн байна. Энэ нь тухайн микроавтобусаар үйлчлүүлж буй хүн бүрийн дургүйцлийг хүргэж бөөн хэл ам болсон гэдэг.
Хүмүүсийн яриагаар өдөржин ээлжээ хүлээсэн жолооч нар мөрийтэй хөзөр тоглодог юм байна. Тоглоомдоо амташсан зарим нэгэн жолооч ээлжийнхээ ажлыг хийхгүй орой нь нэг дахин нэмж мөнгөө нэхдэг аж. Ийнхүү өөрийн хариуцлагагүй байдлын уршигаа хэн нэгэнд бүү даатгаж байгаасай гэмээр. Нэгэнт оройтсон гэрлүүгээ яарч буй нөхдүүд нөгөө нэхсэн мөнгийг нь тоо харгалзалгүй өгөхөөс өөр аргагүйд хүрдэг байна. Хөдөлвөл хөлс гэдэг. Гэхдээ тэд хүн чанараа битгий гээсэн үйлдэл гаргаасай гэж л хүсэх байна.
Х.Баяр-Угтах