Мягмар гараг хүртэл Сонгуулийн хуульд хориг тавих эрх нээлттэй
ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл уг хуульд хориг тавих эрх Ерөнхийлөгчид нээлттэй гэлээ.
Мөн шинэчилсэн хуульд орсон өөрчлөлтүүдийн талаарx мэдээллийг тус тус өгсөн юм. Шинэ хуулиар нэр дэвшигчид сонгогчийн саналыг өөртөө татахын тулд санал худалдаж авах үйлдэл гаргавал хатуу хариуцлага хүлээлгэх гэнэ. Түүнчлэн сонгуулийн жил эхэлснээс нэр дэвшигчийг бүртгэж үнэмлэх олгох хүртэлх хугацаанд болон сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх, ивээн тэтгэх, хүлээн авалт, дайллага цайллага хийхийг хуулиар хориглосон гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэгчээр нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт мөнгө, эд хөрөнгө, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлогоос иргэдэд хишиг хувь хүртээх амлалт өгөхийг хориглосон зохицуулалтыг ч хуульд тусгажээ. Эдгээр зохицуулалтыг зөрчсөн нам эвслийн сонгуульд оролцох бүртгэлийг хүчингүй болгох, нэр дэвшигчийг жагсаалтаас хасах зэрэг арга хэмжээ авах аж.
Энэхүү хуульд иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авахаас 30 хоногийн өмнөөс хориглох заалт оруулсан. Өөрөөр хэлбэл сонгуулийн будлианаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой гэнэ. Үүгээр ч зогсохгүй нөхөж нэр дэвших асуудалд нэлээд цензуртэй хандах юм байна. Нэр дэвшигч нас барсан, шүүхээр ял шийтгүүлсэн гэсэн хоёр тохиолдолд л нөхөн нэр дэвшүүлэх аж. Үүнээс бусад шалтгааныг хүндэтгэж үзэхгүй байхаар тогтжээ.
Энд нэг зүйлийг онцлоход гадаадад байгаа монголчууд пропорциональ хэсэгт санал өгөх боломжтой хэмээлээ. Гэхдээ гадаадад байгаа монголчуудын санал авах журмыг Гадаад харилцааны яамтай хамтарч гаргана гэв. Ингээд ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудтай хамтарч санал хураалтаас 15-аас доошгүй хоногийн хугацаанд харь оронд суугаа элэг нэгтнүүдийнхээ саналыг авах гэнэ. Харин санал тооллогыг Монголд санал авах өдөр зэрэг явуулахаар болжээ.
Сонгогчид саналаа өгөхдөө нэг ширхэг саналын хуудас авч, хуудасны дээд хэсэгт бичсэн тойрогт нэр дэвшигчийн нэрсээс мандатын тоондоо тааруулан тэмдэглэнэ. Мөн хуудасны доод хэсэг дэх намуудын нэрээс өөрийн дэмждэг нэг намын нэрийг тэмдэглэх учиртай юм байна.
Дашрамд дурдахад сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр зохион байгуулна. Ингэхдээ иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд тухайн өдрийг амралтын өдөр болгох юм байна.