III Кимийг эгч, хүргэн хоёр нь хянана
Өрнөдийн зарим шинжээч энэ улс одоо л дарангуйлагч дэглэмээ халах нь хэмээн найдаж байна. Учир нь Ким Чен Ун буюу III Ким Швейцарийн Берн хотын олон улсын сургууль төгссөн юм билээ. Гэвч залуу Кимийг капитализмын сөрөг нөлөө-нд автуулахгүйн тулд хатуу хяналтад байлгаж ирснийг мартаж болохгүй. Ким Чен Ун зожиг амьдралтай, сургуулиас өөр хаа ч явдаггүй байсан. Мөн гадаадаас ирээд Пхеньяны Ким Ир Сений нэрэмжит цэргийн их сургуульд сурсан. Энд түүнийг үзэл суртлын хувьд зохих ёсоор боловсруулсан байж таарна. Ийм учраас түүнийг дуулиант ах Ким Чен Намаасаа илүү удирдагчийн дүрд тохирно гэж сонгосон бололтой. Тэгэхээр хэрэв III Ким улсынхаа улстөрийн чиг хандлагыг эрс өөрчлөхөөр шийдсэн ч түүнд тийм боломж олгохгүй. Хэдийгээр БНАСАУ нь удам дамжсан улаан хаант улс ч төрийн тэргүүн нь дангаараа жолооддоггүй бөгөөд Хөдөлмөрийн намын удирдлагын зөвшөөрөлгүй юу ч хийж чадахгүй.
Ингэхэд III Кимээс том эрх мэдэлтэй хүн БНАСАУ-д бий. Тэр бол Ким Чен Ирийн охин Ким Ген Хигийн нөхөр генерал Чан Сон Тхэк. Энэ хос түүнийг хянах тул ойрын ирээдүйд Умард Солонгосын бодлого огцом өөрчлөгдөх боломжгүй. Түүнчлэн БНАСАУ-ын нам болон цэргийн элитүүд ч үүнийг зөвшөөрөхгүй.
Гэхдээ тус улсын бодлого өөрчлөгдөхийг хүсэгчид бий. Жишээлбэл Япон, Өмнөд Солонгос, АНУ. Япончууд нэг бус удаа Умард Солонгосыг гол аюул хэмээн нэрлэсэн. Харин АНУ-ын хувьд Солонгосын хойгт дарангуйлагч дэглэм оршин буй нь том асуудал билээ. Вашингтон чухамдаа Пхеньяны эрх баригчдыг өөрчлөхийн төлөө байгаа. Учир нь энэ улсын нутаг Хятадыг тогтоон барихад тун боломжтой түшиц газар. Гэвч америкчууд үүнийгээ яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байна.
Цөмийн зэвсэгтэй Умард Солонгосыг тэд Ирак шиг эзэлж чадахгүй. Мөн Ливийн хувилбар ч энд хэрэгжихгүй. Мэдээж цөмийн зэвсэг гол хүчин зүйл ч БНАСАУ-д сөрөг хүчин байхгүй нь гол асуудал. Тиймээс Умард Солонгост ордны эргэлт, өнгөт хувьсгал дэгдэх боломжгүй. Гэхдээ хямрал нүүрлэсэн энэ орон эдийн засгаа өөрчлөх шаардлага бий. Эсрэг тохиолдолд дэглэм өөрөө сулрах аюултай.
Мөн хөрш Хятадын нөлөө их гэдгийг мартаж болохгүй. БНАСАУ эдийн засгийн хувьд Хятадаас шууд хамааралтай. Хятадууд тэдэнд мөнгө, түлш, хүнсээр тусалдаг. Иймээс Хятад л Пхеньяны цаашдын чиг хандлагыг тодорхойлох магадлалтай. Тэгээд ч Бээжингийн гол бодлого нь Умард Солонгосыг халхавч болгон ашиглах. Эсрэг тохиолдолд БНАСАУ нь гадны аюул, тогтворгүй бүс болон хувирах аюултай.
Ер нь Хятад улс Солонгосын судсыг барьж байгаа цагт ямар нэг өөрчлөлт гарна гэж горьдолтгүй. Мэдээж, бүх юм БНАСАУ-ын удирдлагын хийх алхмаас ихээхэн хамаарах нь ойлгомжтой.
М.Цогзолмаа