Хөшөөтийн асуудлаар Д.Зоригт сайдад асуулга тавив
Ийнхүү асуулга тавих болсон нь сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын зургаан гишүүн, түүний дотор Ховдоос сонгогдсон хоёр гишүүн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Мон Эн Ко компаниас санхүүжилт авч, Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй хамгаалж байна гэсэн агуулгатай мэдээлэл гарч байгаатай холбоотой аж.
Тиймээс асуулгаараа дамжуулан Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулахгүй байх ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл болон эс үйлдэл гаргаж, ЭБЭХЯ-нд хандсан гишүүдийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгохыг Д.Зоригт сайдаас хүссэн байна.
Мөн Мон Эн Ко компани өөрийн албан ёсны сайтдаа уг ордыг 460.0 сая тонн нөөцтэй гэж мэдээлсэн мөртлөө Хонгконгийн хөрөнгийн бирж дээрх танилцуулгадаа 2.5-4.5 тэрбум тоннын нөөцтэй хэмээсэн гэдгийг дурдаад, 2008-2010 онд хийгдсэн хайгуулын үр дүнд уг ордын нөөц ямар хэмжээнд хүрснийг тодруулж өгөхийг хүсчээ. Тогтоогдсон нөөц нь Хөшөөтийг стратегийн ордод хамрагдах нөхцөлийг хангаж байгаа эсэх талаарх ЭБЭХЯ-ны албан ёсны байр суурийг ч С.Бямбацогт гишүүн сонирхсон байна.