Д.Мандах хариуцлагаас зугатаан харийг зорьжээ
Н.Алтанхуяг цалингийн 20 хувиар торгохоор болсон билээ. Учир нь Шударгa өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах 2010 оны есдүгээр сарын 7-нд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн экспорт, импорт болон орон нутгийн долоон төрлийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох зэргээр хэд хэдэн хуулийг зөрчсөн гэж үздэг. Үүнээс болж дээрх хоёр эрхэм жил гаруй хугацаанд маргалдаж, шүүхээр явсан.
Эцэстээ шүүх байгууллага, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг зөвтгөж, ШӨХТГ-ын дарга Д.Мандах ялагдал хүлээсэн байдаг юм. Гэвч өнөөдрийг хүртэл Д.Мандах энэ талаар ам ч нээгээгүй, нам гүм хэвээр байгаа. Харин байдал цаашид хэрхэн эргэхийг энэ хүрээнийхэн тэсэн ядан хүлээж буй сурагтай. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах сүүлийн үед ажилдаа ирэхээ ч больжээ.
Үүгээр зогсохгүй өөртэй нь холбоотой ямар нэгэн мэдээллийг гадагш нь өгөхийг өөрийн хүрээнийхэн болоод ажилчиддаа хатуухан сануулаад байгаа аж. Түүний эвлэлийн төлөөлөгч Б.Цолмонгэрэлтэй уулзаж Д.Мандахыг ажилдаа хэзээ ирэхийг нь асуув. Тэрбээр Дарга ажилдаа ирэхгүй. Гадаад руу явсан гэсэн хариу өгсөн юм. Харин даргыгаа гадны аль улс руу, ямар ажлаар явж байгааг нууцлангаа хувиараа явж байгааг нь хэлэв. Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр шүүхийн шийдвэрээр ялагдал хүлээсэн Д.Мандах дарга бухимдлаа тайлж, зугаацах гэж гадныг зорьжээ.
Гол нь тэрбээр хариуцлага хүлээхээс татгалзаж, тэрүүхэндээ нэлээд гүйлдсэн бололтой. Эцэстээ санасандаа хүрээгүй тул гадаад руу зугтаасан байх юм. Сонирхуулахад, түүний удирддаг одоогийн байгууллага нь Засгийн газрын 2004 оны 222 дугаар тогтоол, Шадар сайдын 17 дугаар тушаалаар Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тэр цагаас Д.Мандах шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ирсэн.
Анх энэ албан тушаалд очих үедээ Д.Мандах Өрсөлдөөний шударга бус хэлбэрүүдийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, шударга өрсөлдөөнд харш аливаа шийдвэрүүдийг хянан зохицуулах арга замаар бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, зах зээлийг эрүүлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж ам гарч байсан гэдэг.
Гэтэл үнэн хэрэгтээ энэ байдал нь шударга өрсөлдөөний төлөөх газар нэрийн дор шударга бус өрсөлдөөнийг бий болгох байгууллага болон хувирсныг дээрх жишээ харуулах шиг л болов. Юутай ч Д.Мандах дарга стрессээ тайлангаа нэг хэсэгтээ харьд байх нь. Энэ нь түүний хувьд хариуцлагаас мултрах арга залиудынх нь нэг бололтой.
Ө.БОТА