Төрийн төлөөлөл үү, иргэдийн төлөөлөл үү
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэж, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эхлээд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нарын гишүүдийн өргөн барьсан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Р.Рашийн асуулгын дараа гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж эхлэв.
Өнөөдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч 50 орчим агентлаг нийслэлд байгаа юм. Үүнийг хөдөө орон нутагт байршуулахыг дэмжих гишүүд байсан бол ингэснээр хүнд суртлыг бий болгох магадлалтай. Өндөр хөгжилтэй техник, технологи хөгжсөн улс оронд бол байж болно. Манай улсын хувьд хэдэн мянган километрийн цаанаас холбогдох гээд асуудлууд байна гэх гишүүд ч цөөнгүй байлаа. Харин үүнийг Э.Бат-Үүл гишүүн улс орны аюулгүй байдалтай холбон тайлбарласан.
Дэлхийн улс орнууд агентлагаа тарааж байрлуулсан нь учиртай гэнэ. Байгалийн гамшиг, элдэв бэрхшээлтэй тулгарахад ийм зохион байгуулалт чухал үүрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн З.Энхболд Техник, технологи хөгжиж байгаа энэ үед заавал хотод ирэхгүйгээр видео ашиглаж харилцаад байж болно. Улсаас улсын хооронд энэ мэтээр харилцаж болоод байна гэсэн. Үүнтэй холбогдуулж Засгийн газрын агентлагийг хаана байршуулахыг тодорхой болгож, аль болох олныг орон нутагт байгуулахаар УИХ-ын тогтоолын төсөл санаачлахаар болов.
Харин Д.Загджав гишүүн Агуулгын хувьд хөдөө орон нутагт байгуулах нь нийцэж байна. Гэхдээ хуульдаа төр, засгийн байгууллага нь нийслэлд байна гэсэн байгаа. Хэрэв энэ чигээрээ явбал хууль зөрчсөн хэрэг болно гэв. Үүнд Э.Бат-Үүл Хууль зөрчсөн асуудал байхгүй. Үндсэн хуульд төрийн дээд байгууллага нь нийслэлд байна гэж заасан гэлээ. Хоёр гишүүний энэ яриа нэлээд үргэлжлэв. Ингэсний эцэст гишүүд анхны хэлэлцүүлгийг дэмжлээ.
Дараа нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг болон Зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд нэлээд маргалдав. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт хот гэсэн статусыг оруулах гэсэн нь гишүүдийн олонхи нь дэмжихгүй гэсэн байр сууринаас хандсан.
Үүнд Д.Загджав гишүүн Жижиг асуудлуудыг ярьж байхаар Үндсэн хуулиа бүхэлд нь авч үзье гэлээ. Э.Бат-Үүл Д.Загджав Үндсэн хуулиа уншаагүй, ойлгоогүй байна. Засаг захиргааны нэгжид хотыг оруулдаггүй юм. Энэ асуудал чинь нутаг дэвсгэрээ дахин хуваах тухай хөндөж байна гэв. Д.Дамба-Очир Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд нийслэлийн тухай тусдаа заалт байгаа учраас хот гэж оруулах нь зүйтэй гэж үзсэн гэлээ. Ийнхүү гишүүд хот гэдэг бол өөр асуудал. Үүнийг оруулж ирэх гэж Үндсэн хууль өөрчпөх шаардлагагүй. Энэ асуудлыг өөрөөр шийдээд явах боломж бий хэмээж байв.
Харин Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр гишүүдээс нэлээд хэдэн горимын санал гаргасан. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг Хоёр гол асуудлаа хэлэлцье гэсэн. Энэ үеэр гишүүдийн олонхи нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт нэмэлт оруулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн бол 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэг маргаан дэгдээлээ.
Хэрэв сумын Засаг даргыг иргэд шууд сонгоно, багийн Засаг даргыг сумын Засаг дарга нь томилох, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд аймгийн ИТХ-тай хэлэлцэж томилно. Харин нийслэл, дүүрэг, хорооных нь хуучнаараа байхаар хуулийн төсөлд оруулжээ. Су.Батболд гишүүн Засаг дарга бол төрийн төлөөлөгч байх ёстой. Гэтэл иргэдээсээ сонгогдчихвол төрийн
төлөөлөл байж чадахгүй гэж хэлж байсан. Үүнд Н.Батбаяр Сумын Засаг дарга төрийн ч төлөөлөл, иргэдийн ч төлөөлөл байх ёстой гэсэн нь сумын Засаг даргыг нутгийн төлөөлөл болгож хувиргалаа. Хэрэв ингэж сонгогдвол төрөөс хамааралгүй болж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэлээ.
Сумын Засаг дарга ямар ч намын харьяалалгүй зөвхөн иргэдээс сонгогдоно гэж байгаа нь хөдөө орон нутагт намын тогтолцоог байхгүй болгох гэж байна хэмээх хардлага төрүүлж, маргаан үүсгэв. Хэрэв нам байхгүй болгоно гэж байгаа бол эвлэлдэн нэгдэх эрхийг нь хязгаарласан хэрэг болно. Мөн сум, сум бүлэглэлийн өмч болж хувирна гэсэн болгоомжлол ч байсан юм. Ийнхүү намын асуудлаар гишүүд нэлээд маргалдсаны эцэст Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван хуулийн төслийг нэгтгэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Ц.ЖАРГАЛ