Салхин дээрээ утаа тавьсан Улаанбаатар
хувирлаа. Бүх муу муухай юм утаанаас болж байгаа гэх. Харин ч зүгээр юм уу даа хөдөөгийнхний нийслэл рүү нүүх нүүдлийг сааруулж болмоор. Утаатай Улаанбаатарт хордохыг хэн хүсэх билээ. Чинээлэгжүүхэн нэг нь өвөл болохоор хотын утаанаас дайжиж гадагшаа гарч өвөлжчихөөд ирдэг. Зарим нь дөрвөн уулын аль сайхан аман дахь хаустаа өвөлжиж байх жишээтэй. Нийслэлийн утааг арилгах гэж жилийн жилд олон тэрбумаар нь мөнгө үрж гэр хорооллынхноо ад үзсээр ирлээ. Гэрт амьдардаг айлууд утаа тавьдаг нь бодит үнэн.
Орон сууцаар хангачихаж чадахгүй байгаагаас хойш бор гэртээ богд гэдэг шиг уламжлалт монгол гэртээ утаа тавьж суухаас өөр яах билээ. Ямар ч техонологиор үйлдвэрлэсэн түлш байлаа ч гэсэн хортой хоргүй гэхээс биш утаа заавал гарах юм байх аа. Манайхан утааны асуудалд гэр хорооллын айлууд гэж анхаарлаа хандуулаад ирсэн. Өнөөдөр 100 мянган айлын орон сууцыг хүлээсэн 160 гаруй мянган айл өрхийг утаагаар утаж байна гэж буруутгаж байгаа.
Утааны асуудалд учир их байгаа аж. Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолынхноос илүү ДЦС -ууд хамгаас илүү хорт утаа ялгаруулдаг гэдгийг мэдэхгүй байлаа гэж үү. Энэ талаар судалгаа хийдэг ТББ, хувь хүмүүс байна. Өнөөдөр Улаанбаатарын салхин дээр дөрвөн ДЦС, хамгийн олон хүн амтай хөдөөнөөс нүүж ирэгсдийг шингээсэн Сонгинохайрхан дүүргийнхэн хамгийн их утаа тавьж байна. Одоо сонсож байх нь тавдугаар цахилгаан станцыг мөн л салхин дээр барих сурагтай.
Айдасын даваа, Яармагийн дэнж дээр гараад ирэхэд хот түүний гэр хороолол утаан дунд харагддаг. Цахилгаан станцууд нь цагаан утаа суунаглуулж харагддаг. Хар утаа гарахыг нь доголдож байгаа нь тэр гэж ярих.Тэр их утаа хаашаа шингэж байгааг одоо болтол тогтоогоогүй байж болмооргүй. Алтан тэвшийн хөндий баруунаасаа зүүнээд сунасан уужим газар нутаг. Олон гол горхи цутгасан Туулын сав нутаг өвөлдөө өдөр нь -20, шөнөдөө -40 хэм хүйтрэх нь энгийн үзэгдэл. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 болтол буурч 500 метрийн өндрөөс доош буудаг гэнэ.
Хүйтэн агаарын урсгал хойт зүг рүү салхины урсгал бий болгодог аж. Өглөөний нарны илч хойт зүгт тусч гэр хорооллын айлууд гал түлж хотын хойт хэсгийн агаар мандал халснаас хөнгөн агаар нь дээш хөөрөн өдрийн турш өмнөөс хойд зүг рүү салхины урсгал бий болдог байна. Иймээс гэр хороолол утаан дунд сүүмэлзэж харагддагаас гэр хорооллынхныг утаа үйлдвэрлээд байна гэж ойлгодог болжээ. Өнөөдрийн гадагш тэлж байгаа хотын төвд ДЦС-ууд нь байрлаж байгаа. Станцууд нь бүгд зэргэлдээ ойрхон байрласан нь бүрч хачирхалтай.
Цахилгаан станцуудаас гарч байгаа утаа агаарын урсгалыг дагасаар гэр хорооллын дээгүүр 100 метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг гэнэ. Харин гэр хорооллын айлуудын яндангаас гарч байгаа утаа газраас 50 метрийн өндөрт суунагладаг. Тэр хуралдсан утаанаас дээш 100 метрийн өндөрт агаарын урсгалд хөөгдсөн утаа тогтдог нь цахилгаан станцаас ялгарсан утааны бөөгнөрөл гэж үзжээ. Үүнийг бодож үзэхэд гэр хорооллынхон дангаараа утаагаар нийслэлийг бохирдуулаад байгаа хэрэг огт биш аж. Нэг цахилгаан станц хоногт 10 мянга гаруй тонн нүүрс шатаадаг гэдэг.
Манайхан гэр хорооллын утаа гэж ярихаас биш цахилгаан станцын утаа гэж ярихыг сонсоогүй юм байна. Цахилгаан станцаас гардаг утаа гэр хорооллынхоос хэд дахин өндөр хэмд нүүрс түлдэг учраас азот, хар тугалга ихээр ялгаруулдаг аж. Хотын агаар мандлын хар тугалганы 97,5 хувь нь цахилгаан станцаас, 2,5 хувь нь гэр хорооллын утаанаас ялгарч байна гэж үзэж байна. Гэтэл хамгийн их хор ялгаруулж байгаа цахилгаан станцууддаа давхар анхаарах хэрэгтэй болж байна. Анх хот төлөвлөлтөө буруу хийсний хор уршиг хойч үедээ ийнхүү нөлөөлж байгааг бид амсч байна.
Одоо тавдугаар ДЦС-ыг мөн л салхин дээр барихаар болжээ. Монгол нутгийн цаг уурын нөхцөл өвөрмөц. Салхины зүг чиг нь ихэнхдээ баруун баруун хойноосоо салхилдаг гэдэг. Салхин дээрээ цахилгаан станцуудаа бөөгнөрүүлж утаа тавьсан Улаанбаатарыг утаанаасаа сална гэхэд итгэл алдармаар.
Н.ЛХАГВАСҮРЭН