Эмэгтэйчүүдийг архи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар хэлэлцлээ
Охид, эмэгтэйчүүдийг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь сэдэвт өргөн хэлэлцүүлэг тус холбооны байранд 12 дугаар сарын 19-нд болж өнгөрлөө.
Дээрх хэлэлцүүлэгт Гал голомт төрийн бус байгууллагын тэргүүн Д.Мөнхөө, Монголын эмэгтэйчүүд хүүхдийн архи, мансуурлын эсрэг нийгэмлэгийн тэргүүн болон гүйцэтгэх захирал, Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Засаг дарга болон 6,7,8 дугаар хорооны нийгмийн ажилтнууд, Баянзүрх дүүргийн иргэд, Нийслэлийн ахмад багш нарын холбооны багш нар, Оюуны эрэл оюуны холбооны тэргүүн болон хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм.
Хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Архигүй Монголын төлөө хамтдаа гэсэн уриалгыг дэмжин ажиллаж, архидалт болон архидалтын эсрэг ямар гарц байна вэ гэсэн асуулгад санал бодлоо солилцож, өөр өөр өнцгийн санал санаачилгууд гаргалаа.
Тухайлбал, төрийн бүх арга хэмжээг архигүй байх, архи ууж байгаа шалтгаан нөхцөлүүдийг судлах, архины үйлдвэрүүдийг төрийн хяналтад авах, гэр бүлийн зөвлөгөө өгөх төв ажиллуулах, сэтгэлзүйчид хандах, оюутны хотхонд архи дамлан зарж байгаа явдлыг хянаж зохицуулах зэрэг санал гаргав. Түүнчлэн эмэгтэйчүүдийн банк байгуулах буюу эмэгтэйчүүдэд бага хүүтэй зээл олгож, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих, хонхны баярыг архигүй тэмдэглэх, гуравдугаар сарын найман, зургаадугаар сарын нэгэн гэх баяруудыг архигүй тэмдэглэцгээе гэдэг уриалга гаргахаар хэлэлцүүлэгт оролцогсод санал нэгдсэн юм.
Эдгээрээс гадна хороодод дэмжих бүлэг байгуулах, баар ресторануудын тоог цөөлж, залуучуудын соёл амралтын төвүүдийг байгуулах, эмгүй эмчилгээний сургалт явуулах, телевизүүдээр гардаг архи сурталчилсан олон ангит кинонуудыг цөөлөх, 21 нас хүрээгүй залуучуудад архи худалдаалахыг зогсоох нь зүйтэй гэж үзжээ.