Р.Раш Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй байж болохгүй

төслийн талаархи хэлэлцүүлэг халуухан уур амьсгалд болж өнгөрлөө. Гишүүд ч энэ асуудалд өөр өөрийн байр суурь, саналаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Р.Рашаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Таны хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Олон л зүйл сонслоо. Гол нь Засгийн газрын бүрэлдэхүүний тухай асуудлыг шийдчих ёстой юм байна. Миний ч байр суурь ийм байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт оруулсан заалт байж болно. Харин бусад зүйлд миний хувьд санал нэгдээгүй. Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн хоёр, гурав дахь хэсэгт нэмэлтээр сумын Засаг даргыг сумын иргэд нь шууд сонгодог болъё гэж оруулж байна. Үүнийг зарим нь дэмжиж, зарим үгүйсгэлээ.

Зөрүүтэй саналууд байгаа нь ажиглагдсан. Тиймээс хянуур хандах хэрэгтэй. Сум нь сонгуулийнхаа хороог байгуулаад сумынхаа иргэдийн төлөөлөгчдийг сонгоно гэж байгаа нь намын харъяаллыг байхгүй болгоно. Энэ асуудалд эргэлзэж байгаа юм. Ер нь улстөрийн бэхэжсэн намуудгүйгээр парламентыг бүрдүүлнэ гэдэг хэцүү. Парламент гэдэг бол төрийн эрх барих дээд байгууллага. Тэгэхээр доод талдаа нам хэрэггүй гэж үзэж байгаа бол УИХ-ыг намаар явуулъя гэдэг ч эргэлзээтэй.

-Ардчилсан намын бүлгээс нийслэлийн хорооны Засаг даргыг иргэд шууд сонгохоор санал оруулсан. Үүнийг Та дэмжиж байна

уу?

-Оруулж ирсэн хуулийн төсөлд ийм зүйл байхгүй. Ийм зүйл ярьсан. Ямар хуулийг яаж санаачлах нь гишүүдийн өөрсдийнх нь асуудал. Түүнээс биш яг одоо хийчихэж байгаа хэрэг огт биш. Дараагийн асуудлаар ярьж байж болно. Мэдээж хувь гишүүдийн зүгээс, янз бүрийн л санал оруулж ирж байна. Үүнийг үгүйсгээд байлтай биш, олноороо хэлэлцэж байгаад шийднэ дээ.

-Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт нийслэл гэдгийн дараа хот гэсэн статусыг тусгайлан оруулах хэрэгтэй гэж байсан. Энэ нь хэр оновчтой вэ. Хуучин бол хот гэсэн статус байсан шүү дээ?

-Хуучин цагт Эрдэнэт хот, Дархан хот гэж байсан нь олон давуу талтай байсан. Эдийн засгийг бэхжүүлж, бүс нутгийг хөгжүүлэхэд хот гэсэн статус нь илүү гэж боддог. Улсын нэгдмэл тогтолцоо буюу засаг захиргаа гэдэг талаас нь хэлж байгаа байх. Үндсэн хуулиа өөрчлөхөд эрх баригчдын үгийг сонсохгүй бол учир дутагдалтай. Хот гэдэг үг бол өөр агуулгатай. Үүнийг засаг захиргааны нэгж болгож болохгүй гэж яриад байна. Үүнийг дахиж бодолцох нь зүйтэй.

-Жижиг зүйлээр Үндсэн хуульд гар хүрч байна. Асуудлуудаа тусад нь шийдээд явах ёстой гэж үзэх гишүүд байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж гарсан. Уг хуулийн хүрээнд бол байж болно. Гэтэл Үндсэн хуулийнхаа 20 жилийн ойг өргөн хүрээтэй, утга агуулгатай тэмдэглэнэ гэж яриад байдаг. Нөгөө талаар Үндсэн хуулиа өөрчилье гэж байгаа нь агуулгын хувьд нийцэж байна уу гэдэг асуудлаар намын бүлэг дээр хэлсэн.

Ерөнхийдөө УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн 2000 оны өөрчлөлт холилдчихсон нь дутагдалтай байна гэж олон түмэн хэлж байна. Энэ асуудлаа хэлэлцээд бусдыг нь хойшлуулах хэрэгтэй. Цаг хугацаа тулсан үед зөрүүтэй саналуудыг харгалзаж хойшлуулахад болохгүй зүйлгүй. Үндсэн хуульд болгоомжтой хандах ёстой. Гэхдээ Үндсэн хуулийг огт өөрчлөхгүй гэдэг асуудал байж болохгүй. Тэгэхээр өнөөдөр ямар асуудал ярьж байгаа нь харагдаж байгаа байх. Яаж ч бодсон жижиг асуудал биш шүү.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button