Ирэх онд алтны үнэ 1480-1850 ам.долларт хэлбэлзэнэ

2010 онд алтны эрэлтийн хэмжээ нийт 3,971 тонн бай­сан. Үүний 50.8 хувийг үнэт эдлэлийн салбар, 37.4 хувийг хөрөнгө оруулалтын сал­бар, үлдсэн 11.8 хувийг тех­нологийн салбар бүр­дүүлсэн юм. 2010 оны алтны эрэлтийн хэмжээ 2009 оноос 10 хувиар өс­сөн. Алтны хамгийн өндөр эрэлттэй салбар бол үнэт эд­лэлийн салбар юм. Энэ сал­бар нь алтны нийт эрэл­тийн 45-80 хувийг эзэлдэг.

Сүүлийн жилүүдэд тас­ралтгүй өсч байгаа нэгэн эрэлтийн салбар бол хөрөн­гө оруулалтын салбар. Ойрын жилүүдэд үнэд гол­лон нөлөөлөгч хүчин зүйл болоод байгаа хөрөнгө оруулал­тын зориулалттай алтны эрэлтийн хэмжээ 2000 онд 166 тонн байснаас 2010 онд 1,487 тонн болж, олон жилийн туршид эрэлтээр тэр­гүүлж байсан үнэт эд­лэлийн салбартай эрэлтийн хэм­жээгээр ойролцоо болж байна. Алт нийлүүлэлтийн гур­ван үндсэн эх үүсвэр бай­даг. Үүнд алтны уурхайн бүтээг­дэхүүн, хаягдал алт, төв­банкууд ордог.

Сүүлийн таван жилийн дун­даж үзүүлэлтээр нийт ний­лүүлэлтийн 60 орчим хувийг уурхайгаас үйлд­вэрлэгдэн гарч буй алт эзэлж байна. Харин хаягдал алт нь дундаж үзүүлэлтээр нийт ний­лүүлэлтийн гуравны нэгийг эзэлдэг.

Алтны нийлүүлэлтийн бас нэгэн эх үүсвэр болох төвбанкуудын нийлүүлэлт нь сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээр нийт нийлүүлэлтийн ес орчим хувийг эзэлж байна. Төвбанкууд нөөцөн дэх алтаа зарж эхэлснээр алтны нэгэн томоохон нийлүүлэлтийн эх үүсвэр нь Төвбанк бол­сон. Харин ойрын үеэс төв­банкууд нийлүүлэгчээс худал­дан авагчийн байр суурь руу шилжиж байна.

Эндээс харахад 1985 оноос хойших алтны үнийг үндсэн гурван хэсэгт хувааж үзэж болохыг судлаачид тог­тоосон юм билээ. Одоогийн байдлаар алтны үнэ эрчимтэй өсөлттэй үедээ явж буй. 2001 онд нэг унци алт 270 ам.дол­лар байсан, жил бүр өссөөр өнөөдрийн байдлаар 1,600 ам.долларын ханштай байна.

Алтны үнийн цаашдын хандлагын талаар эрдэмтэн суд­лаачид ихээхэн анхаарал хан­дуулж, олон төрлийн таамаглал гаргадаг. Судалгаа шинжилгээний 24 бай­гууллагаас алтны үнийн ойрын болон хэтийн таамаг-лалыг гаргасан бөгөөд 2011 онд алтны үнэ өндөр байх боловч урт хугацааны таамаглалаар алтны үнэ буурч, ойролцоогоор унци нь 1,200-1,300 ам.доллар болох магадлалтай хэмээн үзэж байв.

Дунджаар1410 ам.доллар орчим байна гэж таамаглаж байсан нь бодит байдал дээр дөхөж очсон. 2011 онд алтны үнийн доод хэмжээ нэг унци нь 1,320 ам.долларт хүрч, үнийн дээд хэмжээ өнгөрсөн есдүгээр сард унци алтны үнэ 1850 ам.долларт хүрсэн нь энэ цаг үед ажиглагдаагүй өндөр үзүүлэлт боллоо. Блүүмбэрг агентлагийн уламжилснаар үүнд Европын өр зээлд баригдсан эдийн засгийн асуудлууд нэрмээс болж буй. Тиймээс хөрөнгө оруулагчид өөрсдийн аюулгүй байдлыг алтаар батал­гаа­жуулж буй нь үнийн хөөрөг­дөл үүсэхэд нөлөөлсөн хэмээв.

Энэхүү сүүлийн таван жилийн алтны дундаж үнэд үндэслэн хийсэн шин­жилгээгээр нэг унци алтны дундаж 2012 онд 1600 ам.дол­лар, 2013 онд 1,780 орчим ам.долларт хүрнэ гэж үзэж байна. Харин хамгийн бага үнэд хийсэн шинжилгээгээр нэг унци алтны үнэ 2012 онд 1480, 2013 онд 1,620 орчим ам.доллар байхаар байна.

Энэхүү шинжилгээг сүүлийн таван жилийн алтны хамгийн өндөр үнэд хийвэл нэг унци алтны үнэ 2012 онд 1850, 2013 онд 2,100 ам.доллар орчим байхаар байна. Үүнээс үзвэл сүүлийн дөрвөн жилийн алтны үнэд үндэслэн 2012 болон 2013 оны үнийн таамгийг дэвшүүлбэл нэг унци алтны үнэ 2012 онд 1,480-1,850 ам.доллар, 2013 онд 1,620-2,100 орчим ам.долларт хэлбэлзэнэ гэж эдийн засагчид таамаглаж байна.

Даршрамд дуулгахад дээрх алт олборлолтын таамаглалаас үзвэл 2020 он хүртэлх алт олборлолтын жилийн дундаж хэмжээ Оюу толгойн орд газраас олборлох алтны хэмжээг оруулсан байдлаар 29.8 тонн, үүнийг оруулахгүй бол 10.8 тонн байхаар байна.

Оюу толгойн алтыг эх орондоо цэвэршүүлэх боломж тус ордоос үйлдвэрлэгдэн гарах зэсийн баяжмалыг хай­луулах үйлдвэр барьсан тохиолдолд нээгдэх учраас Монгол Улсын алт цэвэр­шүүлэх үйлдвэрийн хэтийн таамаг нь Монгол Улсад зэс хай­луулах үйлдвэр барих эсэх шийдвэрээс ихээхэн хамаа­ралтай.

Д.Баяржаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button