Долоодугаар сарын нэгэн-ий хэрэгт уучлал гуйх мэдэгдэл хүргүүлэв

Хүн буудсан этгээдийг олох гэж олон таамаг дэвшүүлсэн ч буруутан олдож хариуцлага хүлээгээгүй байсаар. Эхний таамаг хар машин. Үймээний үеэр хар машин хөлөглөсөн хэсэг этгээдүүд гал нээн хүмүүсийг буудаж байсан талаар олон гэрч, эх сурвалжууд мэдүүлсэн байдаг. Машинд явсан хүмүүс чухам хэн байсан бэ? Иймэрхүү төрлийн хар машин зөвхөн Эрүүгийн цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газарт л байдаг аж. Тэгвэл хар машины эзнийг олох тийм хэцүү биш баймаар. Харин одоог хүртэл хар машины талаар сураг ажиг гараагүй байгаагийн нь юуны учир вэ? 2008 оны долдугаар сарын нэгний хэргийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн өдрийн тэмдэглэл, бууны сумны хонгио зэргийн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Түүний дэлгэсэн баримтаар иргэд рүү гал нээсэн нь цагдаа нар болох нь батлагдсан. Хэрэгт холбогдсон цагдаагийн ахмадуудыг одоогоор шалгаж байгаа. Харин цагдаагийн ар гэр хохирогчдын холбооныхны зүгээс Х.Тэмүүжин гишүүний баримтыг үгүйсгэж, цагдаа нар хүн буудаагүй гэдэг байрь суурь дээр бат зогссоор байгаа.

Түүнчлэн долдугаар сарын нэгний үйл явдлын нэгэнд ард олныг турхиран үймээний эх суурийг тавьсан О.Магнай, Ж.Батзандан нарт хуулийн хариуцлага тооцох ёстой. Хохирсон цагдаа нарын хохирлыг бүрэн барагдуулах шаардлагатай хэмээн мэдэгдэж байгаа. Харин Эрс шинэчлэл, Миний Монголын газар шороо, Гал үндэстэн болон бусад холбоодын зүгээс тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-ын удирдлагын бүлэглэлийн гол оролцоотойгоор долдугаар сарын нэгэнд үймээн самуун үүссэн. Тиймээс ард түмнээсээ уучлал гуйх ёстой хэмээн уучлал гуйхыг олон удаа шаардсан. Тэдний зүгээс Монголын төр буруугаа хүлээн, цаашил ийм зүйл давтахгүй байх баталгааг бий болгох зорилгоор иргэдээсээ уучлал гуйх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэлцэх үед МАН-ын нэр бүхий гишүүд эсэргүүцэн, олон нийтийг доромжилж, балмад авирласанд иргэний хөдөлгөөнүүд, түүний гишүүд дэмжигсэд эсэргүүцэж байна. Уучлал гуйгаагүй тохиолдолд 2012 оны улс төрийн сонгуульд ёс, суртахууны эрхгүй хэмээн үзэж энэ талаар Монгол ардын намын дарга С.Батболдод тус мэдэгдлээ өчигдөр хүргүүлсэн.

Долдугаар сарын нэгэн дахин давтагдахгүй гэх баталгаа байна уу?

Эцсийн дүндээ долдугаар сарын нэгний үйл явдал эрх баригчдын улс төрийн суудалд үлдэх гэсэн байсан. Сонгуулийн дүнд сэтгэл дундуур байсан хэсэг бүлэг этгээд үүндээ ард олныг хутган үймээний байдал хүргэсэн. Эцэстээ хоёр нам тохиролцон дахин эвcлийн Засгийн газар байгуулсан. Харин хохирсон ард тумнээ хөсөр хаяж, шийтгэхийн нь шийтгэж, иргэн цагдаа хоёроо хооронд нь талцуулаад өнгөрсөн. Сонгууль будлиантай болсон хэмээн иргэдэд турхирч машинд чулуу ачин авчирч өгөн, архиар цөсийг нь хөөргөсөн тэдгээр нөхөд хариуцлага хүлээгээгүй байхад таван хүн амиа алдаж, 115 цагдаа хүнд гэмтэн өнөөдрийг хүртэл хууч өвчтэй эмнэлгээр явж байна.

Түүгээр ч барахгүй олон зуун иргэд ганц шил виски авсан, чулуу шидэн цонх хагалсан, гэм хийгээгүй ч жагсаалд оролцсоныхоо төлөө шоронгийн хаалга татсан. Эдгээр залуус Өршөөлийн хуулиар суллагдсан гэх боловч таваас дээш жилийн ял сонссон 30 орчим иргэн өнөөг хүртэл ял эдэлж байгаа аж. Сонгууль булхайтай болсон гэдгийг бүгд л ярьцгаадаг. Гэхдээ энэ нь сонгогч иргэдийн буруу биш. Тэгвэл ирэх оны сонгуулиар өнөөх санал хураалтын луйвар эхэлбэл юу болох вэ? Ялагдсан тал нь гомдол мэдүүлэн иргэдийг турхирч бас жагсах уу? Иргэд жагссан тохиолдолд цагдаа нар дахиад буу шагайх уу? Аль эсвэл нөгөө хар машин унасан анчин буугаа үүрээд дахин хүн агнаж эхлэх үү? Бүр болохгүй бол хамтарсан Засгийн газраа байгуулах ч юм бил үү? Ямар ч байсан Монголын төр сонгуулиар шоудаж, үүний хөлд ард олныг үрэгдүүлэх ёсгүйн зэрэгцээ ирэх сонгуулиас өмнө хэрэгтнийг илрүүлж, ард байлгахыг Монголын ард түмэн хүсч байна гэдгийг мэдэгдэлд дурджээ.

С.Мөнх-Од

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button