МАН, АН байсан цагт Монгол хүнд ирээдүй байхгүй
амьдрал юунд хүргэх вэ хаашаагаа явж байгаа нийгэм бэ гэдгийг түүхэн баримтууд дээр л тулгуурлаж тааварлах боломжтой. Энэ бол түүх судлахын ач холбогдол оршино.
Түүх судлалын энэхүү зарчмаар монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгал, түүнээс хойшхи 20 жилийн үйл явдлуудыг үнэн бодитоор дүгнэлт хийж, өнөөдрийн нийгмээ хаашаа явж байгааг дүгнэж болох юм. Зарчимгүйгээр хэтэрхий нэг талыг барьж муулаад эсвэл учир утгагүй магтан дуулаад байх нь ч зөв биш.Ардчилсан хувьсгал хийх үед монголчууд ямар байсан, хэн байсан, юу хүсэж байсан бэ гэдгийг түүхчид тодорхой зарчмуудыг барьж бодитоор гарган тавих үүрэгтэй. Улс төрчид түүхийг өөрт ашигтай, өөрийнхөөрөө тайлбарлаад байж болохгүй.
Үнэхээр ардчилсан хувьсгалыг монголын ард түмэн хүсэж хийсэн үү? гэсэн асуулт гарна. Налайхын уурхайчин, Сэлэнгийн тариаланч, хөдөөгийн малчин, сургуулийн багш, үйлдвэрийн инженер үнэхээр ардчилал-ыг хүсэж байсан уу? Цаашлаад ер нь монголчууд ардчиллыг мэдэж байсан уу? Энэ бол юун түрүүнд хариулах ёстой асуулт.
1990 оноос хойшхи түүх Монгол орны хувьд уруудан доройтож, ядууран сульдсан үе байсныг бид одоо харах болно.Төр гэдэг ард түмний төлөө л байдаг болохоос биш өөр гадны хэн нэгний тусын тулд оршдоггүй юм. Ардчилсан хувьсгалаа хийснийхээ маргааш нь анхны ерөнхийлөгч нь ард түмэндээ төмөр нүүр гаргах тухай ярьж байсан нь ардчилалаа ч, төрөө ч ойлгоогүй хүн байсныг илтгэдэг.
1990 оноос өмнө 70 жилд монголын эрх баригчид Зөвлөлтийн мэргэжилтнүүдээр бүгдийг заалгаж байсан бол 1990 оноос хойш гадаадын тэр тусмаа барууны мэргэжилтнүүд болон ОУБ-уудаар заалгаж эхэлсэн юм. Үндсэн Хуулиасаа эхлээд бүхий л хууль дүрмүүдээ хийхдээ гадныхны амыг харж, эдийн засгаа хөтлөн явуулахдаа Дэлхийн Банк, Азийн Сан, ОУВС гэх мэт гадны байгууллагуудын заавруудыг яс мөрдөж байсан юм. Чөлөөт эдийн засаг, эрх чөлөө гэх хоёр уриа монгол орныг элгээр нь хэвтүүлсэн. Энэ бүхэн гадны зөвлөгчдийн л санаанууд.
Гадны зөвлөгч нар өмчөө хувьчил гэсэн. Ардчилагчид амжилттай гүйцэтгэсэн. Тэдний энэ шийдвэрМонголын ард түмнийг ядууруулах эхлэл болсон юм. Өмч хувьчлал нэрээр өнгөрсөн70 жилийнхээ бүтээн байгуулалтыг нураан унагаж, үрэн таран хийсэн. Аймаг, сум бүрт байсан үйлдвэр, цехүүдээ задлан зарж, дампууруулсан юм. Мэдээж социализмийн хатуу чанга идеолог буюу үзэл суртлыг устгах ёстой байсан. Гэхдээ бүтээн байгуулалтаа устгаж, өөрсдийнхөө баялгаа өөрсдийнхөө гараар сүйтгэх нь хэнд ашигтай байсан бэ?
Монгол улсынхаа баялгийг өмч хувьчлал нэрээр өнөөгийн эрх баригчид өөртөө авч, дампууруулхыг нь дампууруулж, зархыг нь зараад Монголын ард түмнийг Модыг нь бариулсан юм. Ингээд гадаадынхны тусламжыг хэмжээ хязгааргүй авч эхэлсэн. Үнэгүй юм байдаггүй. Эцэст нь эрх баригчид гадаадын зээл тусламж нэрээр ерөнхийдөө авлигалд идэгдсэн юм. Тэрбум, тэрбумаар урсан орж ирсэн тэр их зээл тусламж монголчуудын амьдралд наалдаагүй. Өнөөдөр монголын гадаад өр үндэсний нийт баялгийн талаас илүү хувьтай тэнцчихээд байгаа нь нэгийг бодогдуулна. Энэ их өрийг хэн төлөх вэ?
Эдийн засаг гэдэг бол монгол хүн, монголын ард түмний төлөө байхаас биш гадаадын компаниудад, гадаад улсуудад шууд ашигтай байж болохгүй. Эдийн засгийн сэргээн босгож, үйлдвэр уурхай барьж байгуулах талаар ямарч дорвитой ажил хийсэнгүй. Харин төрөөс архины үйлдвэрүүдийг л дэмжсээр.
Үндэстний мөнхийн оршихуйн эх ундарга болсон эмэгтэйчүүдээ хамгаалах бодлогогүй болгож зөнд нь орхисон бол улс орныхоо ирээдүйг нуруундаа үүрэх залуучууддаа зориулсан бодлого боловсруулж, төрөөс дэмжихийн оронд мухар сүсэгтэй, мэдлэггүй болгон хүмүүжүүлж байгааг юу гэж ойлгох вэ? Орон сууц, ажлын байраар залуучууд болон иргэдээ хангахын оронд нүднээс далд гадагшаа явуулах бодлого барьж байгаа төрийг хэний төлөө төр гэж ойлгох вэ?
Хийж бүтээх, амжилт бүтээлээр дүүрэн үедээ гадны оронд очин хүнд хүчир ажил хийж эрүүл мэндээ хохироон байна залуучууд минь. Эмэгтэйчүүд, залуучууд, хүүхдүүдийн талаар цаашлаад гэр бүлийн талаар төр анхаарлынхаа гадна орхисон. Нийгмийн хамгаалал, боловсрол болон эрүүл мэндийн асуудлыг зөнд орхисон. Энэ бүхний үр дүнд юу болсоныг монгол түмэн минь мэдэрч байна.
Мэдлэггүй нийгэмд л мухар сүсэг газар авдаг. Шашин нэртэй хүний тархийг угаасан солиорлууд манай нийгэмд газар авч, хүмүүсийн идэвхтэй амьдралыг чөдөрлөж, цаг мөнгийг үрж байна. Аливаа шашин хүмүүсийг моралтай буюу ёс суртахуунтай болгоход чиглэгдэх ёстойгоос биш мунхруулж, мөнгө олох бизнесийн зорилгод чиглэгдэх ёсгүй. Нийгэмд зөв буруу, сайн муугийн хэм хэмжээг тогтоон барих нь үүрэг төдийгүй шашинтай байхын ач холбогдол юм.
Эдгээрийг монголын ард түмэн үнэхээр хүссэн үү? Одоо бид асуух цаг нь болсон.Ардчиллын 22 жилийн хугацаанд хүн амынхаа 40 хувь буюу 1 сая 100 мянган иргэнээ ядуу гэсэн ангилалд оруулчихлаа. Үүнийг монголын ард түмэн хүссэн үү? Тэгээд энэ ардчилал мөн үү?
Энэ бүхнийг удирдан зохион байгуулж, гардан гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр ч амьд сэрүүн үргэлжлүүлсээр л байна. Энэ бүхний буруутан МАН, АН. Тэд ямар гэмт хэргүүд хийснээ мэдэж байгаа учраас үүнийг ярьхаас зайлсхийж, тойруулсаар л… Тэд хаа сайгүй л ардчилал ярьж Монгол хүн-2020, Ард түмнээ сонсъсё, Эдийн засгийн хувьсгал эхэллээ гэх амьдралгүй, агаарын урианууд хэлж, одоо л бид монголыг сайхан болгоно гэх худал үгээ дахин давтсаар л байна.
Ардчилал гэдэг өөрөө хүний төлөө, хүмүүнлэг засаглал. Ардчилсан улсад ард түмнийхээ төлөө л төрийн бодлого чиглэж, эдийн засгийн үйл ажиллагаа зориулагддаг. Ардчилал төгс ардчилал, нэг ардчилал гээд уриа лоозон ярьснаар ирдэггүй. Ардчилал гэдэг хоосон уриа биш харин бодит амьдрал байх ёстой. Ардчилал гэдэг мэдлэггүйгээр, эрдэмгүйгээр босож ирдэггүй юм. Тиймээс л ардчилал мэдлэгтэй, боловсролтой хүмүүсийг өөрөө шаарддаг систем. Мэдлэг, боловсролтой хүмүүс л төрд гарч байж ардчиллыг бий болгодгийг хүн төрөлхтний түүхээс бэлээхэн олдоно.
Одоо тэгээд Монголчууд минь МАН, АН-д найдаад, дахин найдаад суугаад байх уу? Манантай байхад монголын ирээдүй тодорхойгүй хэвээр. Өнгөрсөн хугацаанд юу хийснийг нь харлаа, биеэрээ мэдэрлээ.Гэнэт л дахин төрсөн мэт сайхан зүйлүүд амлалаа ч итгэж, найдаж чадна гэж үү? Хөхөө шиг донгодоод, Тогос шиг гоёод хүрээд ирвэл дахин найдах уу?
22 жилийн турш Монгол орныг хэрхэн сүйрүүлснийг харлаа, биеэрээ мэдэрлээ. Эцэст нь ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр. МАН, АН байсан цагт Монгол хүнд, Монгол улсад ямар ч ирээдүй байхгүй юм байна.