Саусгоби Сэндс компани ажил амралтын хуваариа шинэчиллээ

Саусгоби Сэндс компани нь ажилчдынхаа ажил амралтын хуваариаэнэ сарын 20-ноос эхлэн шинэчиллээ. Шинэ хуваарийн дагуу тус компанийн засвар үйлчилгээ болон ашиглалтын хэлтсийн ажилчид бусад уурхайн ажилчдын нэгэн адил 14 хоног ажиллаад 7 хоног амарна.

Саусгоби Сэндс компани нь өөрийн үндсэн орд болох Овоот толгой дахь үйл ажиллагаагаа цаашид өргөжүүлэхэд нь энэхүү шинэ хуваарь нь эерэгээр нөлөөлөх юм. Түүнчлэн ажилчдын сарын орлогын хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байна.

Ажил амралтын хуваарийг өөрчлөх талаар компани болон ажилчдын холбоо удаа дараа ярилцаж зөвшилцсөний үндсэн дээр энэхүү шийдэлд хүрсэн. Шинэ хуваарьт шилжсэн нь ажлын байрны аюулгүй байдлыг сайжруулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, асар хурдтайгаар хөгжиж буй уул уурхайн салбар дахь тус компанийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Саусгоби Сэндс компани нь ажлын байр шинээр бий болгох, ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Уурхайн орчинд олон төрлийн сургалт зохион байгуулахын зэрэгцээ, саяхан тус компани нь Өмнөговь аймгийн Даланзадгад хот дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран стандартын өндөр шаардлага хангасан сургалтыг өөрсдийн ажилчдынхаа дунд зохион байгуулахаар шийдээд байна.

Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон уул уурхайн компаниуд ийм хуваарь мөрддөг. Тухайлбал Ухаа худгийн ордод үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компанийн ажилчид 14 хоног ажиллаж 7 хоног амардаг, Оюу Толгойн уурхайн ажилчид 28 өдөр ажиллаж 14 хоног амардаг, Нарийн сухайтын ордод олборлолт явуулдаг МАК-ийн ажилчид 30 хоног ажиллаж 15 хоног амардаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button