Таван хувийн босго давж чадахгүй бол цаашаа
хурал хуй хийж явна. Ингэж шившигээ хутгах ч гэж дээ. Шуудхан хэлэхэд өөрсдийгөө хэн бэ гэдгээ хэлж өгч байна л даа. Монгол Улсын хэмжээнд нэг сая сонгогч байлаа гэхэд тэндээс 50 мянган хүний дэмжлэг авч чадахгүй байж хаанаас юунд нэр дэвших гээд байгаа юм бэ. Энгийнээр ойлгоход 2.7 сая хүнийг 50 мянгаас доош, магадгүй 30 мянган хүнээр төлөөлүүлэх хүсэл тэдэнд байгаа бололтой. Бүрэн эрхт улсын хэмжээнд хууль баталж байгаа болохоос биш хэн нэгэн улстөр сонирхогчдод зориулж хууль батлана гэдэг яавч болшгүй зүйл.
Энэ мэтийг эсэргүүцсэн нөхдийг дурдвал Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Ардчилсан намын данстай ч иргэний хөдөлгөөний төлөөлөл О.Магнай, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, бие даагч УИХ-ын гишүүн З.Алтай, МАХН-ын дарга Н.Энхбаяр гээд нэлээд хүмүүс шинээр төрсөн хуулийн талаар дургүйцлээ илэрхийллээ. Гэхдээ Ш.Төмөрсүх мэт л ил гарч далдаганаад байгаа болохоос биш Н.Энхбаяраас эхлээд ард түмний өмнө доошоо орж болохгүй гэдгээ мэдээд өөрсдийнхөө өмнөөс хэн нэгнийг явуулж байгаа нь ч тодорхой болжээ.
Уг нь тэд улстөрд байх ёстой хүн л юм бол ингэж өөрсдийгөө хэн бэ гэдгийг шууд зарлаж болохгүй л байсан. Хуульд алдаа байж болно гэдгийг хууль батлагчид хэлсэн. Тэр тусмаа энэ алдааг засаад цааш явъя гэж хэлсэн. Мэдээж алдаагүй зүйл гэж байхгүй.Тиймээс алдаа оноогоо яриад цааш явъя гэсэн санаа бол өнөөдрийн ардчиллын зарчим байх. Таван хувийн босго давж чадахгүйд хүрээд байгаа жижгүүдийн хувьд бухимдал нь дээд цэгтээ хүрчихсэн, чухам яахаа мэдэхгүй болчихоод байгаа юм.
Яг үнэндээ бол таван хувийн босготоо ч биш, давхар мандатын тоо цөөрсөнд байх шиг. Энэ хуульд байгаа ганц сайн зүйл бол хэн дуртай нэг нь улстөрд ашиг сонирхлын үүднээс өнгийдөггүйд байгаа юм. Тийм учраас л улстөрд санаархагч жижгүүд амь тавих гээд байгаа хэрэг. Тэр нь юу вэ гэвэл 48 хүн Монгол Улсын УИХ-д гишүүнээр сонгогдох эрхийн мандат өвөрлөн орж ирнэ. Харин үлдсэн 28 нь улстөрийн намын улсын хэмжээнд авсан саналын дагуу УИХ-д орж ирэх юм. Үүнд л хамаг учир бий.
Тэгээд ч энэ хууль дотор өнөөх л урьд өмнө яригдаж байсан олон бэрхшээлтэй асуудлыг эерэгээр шийдэж өгсөнд байгаа. Хэрвээ олон мандаттай мажоритар тогтолцоогоор явах юм бол улстөрд санаархагчдад өнөөх луйвар хийх, дэмий зүйлээ чалчаад явах орон зай гарч байна л даа. Үнэнийг хэлэхэд тэд азаа үзэхэд боломж олгосон ийм хууль байлаа. Ингэж азаа үзээд УИХ-д ороод ирсэн тохиолдол ч цөөнгүй бий. Харин өнөөдрийн шинэ төрөөд байгаа хуулийн хувьд ийм боломжийг хаасан нь улстөрийн том дэвшил.
Нөгөө талд жижгүүд хэзээ ч таван хувийн босгон дээгүүр алхаад ирнэ гэж байхгүй. Босгыг гурван хувь байлаа ч орж ирэхэд хэцүү гэдгээ хууль төрсний дараахь эсэргүүцлээрээ илэрхийллээ л дээ. Хэн ч биш ээ таниулаад байгаа жижгүүдийг улс төрөөс шахах нь хамгийн зөв гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу- Жижиг хүн бол жижиг орон зайдаа байдаг. Харин том хүн бол том орон зайдаа өөрөө төрдөг гэдгийг над мэтээр хэлүүлэх юун.
С.БАЯР