1391 тусгай зөвшөөрөл банкны барьцаанд бий
Өнөөдрийн байдлаар ямар ч тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа юм байна. Тэгээд ч хуулиараа нөхөх олговрыг олгосны дараа цуцлах ёстой. Харин нөхөн олговрыг тооцох зорилгоор тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нөхөн сэргээлт, уурхайн хаалт, байгаль орчны мониторинг хийхээс бусад үйл ажиллагааг зогсоосон аж. Нөгөөтэйгүүр ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосноор гарч болох үр дагавар, нөхөх олговорт шаардагдах хөрөнгийн хэмжээг сайтар тооцохыг Засгийн Газраас даалгасны дагуу Усны болон Ойн газраас ажлын шугамаар ирүүлсэн хилийн заагийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай давхцуулан үзэж Ашигт малтмалын газар 2010 оны наймдугаар сарын 12-ны өдөр судалгаа гаргажээ.
Хуулийн дагуу хориглосон газартай давхцалтай талбай 1782 тусгай зөвшөөрлөөр олгогдсон 18,3 сая га талбайг хамарч нийт хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн 66,3 хувийг эзэлж байгаа ба давхцал бүхий 1782 лицензийн хуулиар хориглосон талбайтай давхцалтай талбайн хэмжээ нь 3,8 сая га гэнэ.
Түүнчлэн давхцалтай 1782 тусгай зөвшөөрлийг нийт 890 аж ахуйн нэгж эзэмшдэг бөгөөд тэдний 75,6 хувь буюу 673 нь дотоодын хөрөнгө оруулалттай бол 14,6 хувь буюу 130 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Харин 9,8 хувь буюу 87 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байдаг юм байна. Ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл ашиглалтын 391 тусгай зөвшөөрлийн 276 нь алтных. Өөрөөр хэлбэл 70,5 хувь нь гэсэн үг. Үүнээс үлдсэн 43 буюу 10,9 хувь нь барилгын материал, 31 буюу 7,9 нь нүүрс, үлдсэн 41 буюу 10,7 хувь нь бусад төрлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд гэж ойлгож болно. Дашрамд дуулгахад давхацсан 1782 тусгай зөвшөөрлийн 391 нь ашиглалт, 1391 нь хайгуулынх гэсэн.
Ямартай ч Ашигт малтмалын газрын гаргасан урьдчилсан тооцоогоор хайгуулын 1391 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын ажилд зарцуулсан зардал болон төлсөн татвар нь 315,4 тэрбум төгрөг, ашиглалтын 391 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулсан зардал, төлсөн татвар 4,73 их наяд төгрөг болжээ.
Нийт 1782 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нийтдээ 5,15 их наяд төгрөгний зардал гаргаж татвар төлсөн ба зардал татварыг тооцохдоо 1782 тусгай зөвшөөрлөөр олгогдсон 18,3 сая га талбайн хэмжээнд тооцсон аж. Эцэст нь тэмдэглэхэд Монгол Банкнаас энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр банкныхаа салбарын хэмжээнд хийсэн судалгаагаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө барьцаалан 322,7 тэрбум төгрөгийн зээлийг давхардсан тоогоор 70 зээлдэгчид олгосон нь тодорхой болсон. Тодруулбал, 139 ширхэг тусгай зөвшөөрөл барьцаанд байгаа гэсэн үг. Тэр ч утгаараа үүнийг дагаад их хэмжээний зээлүүд барьцаагүй болж чанаргүй зээл үүсэх магадлалтайгаар барахгүй лизинг болон уул уурхайн хүнд машин механизмын гадаад худалдаатай холбоотой зээлүүдэд ч эрсдэл учирч болзошгүй байгаа тухай мэргэжилтнүүд сануулсаар байгаа. Тэгэхээр нөхөн олговрын хэмжээг эцэслэн тооцож батлуулахаар ажиллаж буй ЭБЭХЯ, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Сангийн Яам, Хууль зүй дотоодхэргийн яам, Монгол банк хамтран ажиллаж буй нөхдийг л эрсдлийг тооцоолж, эвтэйхэн гарах арга сүвэгчилж буй гэж найдахаас өөр арга алга. Гэхдээ энэ удаа элдэв эрсдлийг төр даана гэсэн юм байхгүй шүү гэдгийг эртхэн сануулчихъя.