Засгийн газар дэд сайд гэдэг орон тоогоо цомхотгоё

байгуул­лагаа тө­лөөлөх эрх байхгүй. Ядаж л санхүү, мөн­гө­нийх нь асуудлыг Төрийн нарийн бичиг нь шийд­чихнэ.

Сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар яам­ныхаа гол ажлыг ам­жуул­чихдаг болохоор дэд сайдад хийгээд байх ажил байхгүй аж.

Их сайндаа л сай­дынхаа эзгүйд орлож, заасан чиг­лэлийн дагуу ажлаа явуу­лахаас биш дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй.

Гэхдээ ор­лох дээрээ тулбал мөнгө, санхүүгээс ава­хуу­лаад дэд сайдаасаа илүү эрх мэдэлтэй Төрийн нарийнууд нь ор­­лочихдог.

Өдгөө С.Батболдын хэмээх Засгийн газар 11 яам, 14 дэд сайдтай үйл ажил­лагаа явуулж байна.

Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Нийг­мийн хамгаалал, хөдөл­мөрийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам гэсэн 11 яамны гурав нь хоёр, хоёр дэд сайдтай.

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам А.Гансүх, Т.Пүрэвдорж гэсэн дэд сайдуудтай бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд нь Х.Зол­жар­гал, Ж.Сауле нар. Эрдэс баялаг, эрчим хүчний яам­ны тухайд Б.Ариун­сан, Т.Энх­тайван хэмээх дэд сай­дуудтай.

Харин Гадаад харилцааны дэд сайд нь Б.Болор, Сангийн дэд сайд нь Ч.Ганхуяг, ХЗДХ-ийн дэд сайд нь В.Удвал, НХХ-ийн дэд сайд нь Д.Нямхүү, БСШУ-ны дэд сайд нь Ч.Куланда, Батлан хамгаалахын дэд сайд нь С.Баасанхүү, Эрүүл мэндийн дэд сайд нь Ч.Цолмон, БОАЖ-ын дэд сайд нь Ч.Жар­гал­сайхан нар юм.

Эдний хийдэг ажил нь сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллах, шийдвэр гаргах, энд тэндхийн болсон, болоогүй хурал зөвлөгөөнд суух, тууз хайчлах, гадаад дотоод томилолтоор газар сайгүй хэсэх явдал. Ерөнхийдөө дэд сайд гэсэн сэтэр зүүж, орон тоо бөг­лөх ёстой.

Харахад нэг л их ажил хийсэн мэт үзэгддэг тэд яг үнэндээ улстөрийн хүчнүүдийн хуваасан бялууг хүртэж яваа гэдгийг мэдэхгүй хүн үгүй.

Өнгөн дээрээ улсын ажлыг хийж яваа боловч хачир дээрээ улстөрийн хүчнийхээ үүрэг, чиглэлийг л ихэд сайн гүйцэтгэнэ.

Сайд нь аль нам бай­хаас шалтгаалж дэд сайд нь эсрэг намынх байх жи­шээтэй. НХХ-ийн сайд Т.Ганди МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн бол дэд сайд Д.Нямхүү нь АН-ын ҮЗХ-ны гишүүн. Гадаад харил­цааны сайд Г.Зан­дан­шатар МАН-ынх бай­хад дэд сайд Б.Болор нь АН-ын Ард­чилсан за­луу­чуудын хол­бооны дар­гын сонгуульт ажи­л­тай.

Ер нь хийгээд байсан олигтой ажил­гүй, шийд­вэрлэх эрх мэдэл­гүй дэд сайд гэдэг албан ту­шаалыг дараа дараагийн Засгийн газарт байлгах хэрэг бай­на уу. Хийх ажил нь тодорхойгүй, дав­хардсан албан ту­шаалыг цөөлөх хэрэг­тэй санагдана. Нэг хэсэг есөн яам­тай болоод л байсан. Тэгэх тэгэх­дээ бүр дэд сайд ч үгүй­гээр шүү дээ. Ажил цал­гардаж, хөг­жил хоцроод байсныг мэдэх­гүй л юм. Зарим улс орон бүр яамгүй мөртлөө манайхаас хавьгүй илүү хөгжөөд байгаа жишээ цөөнгүй. Жишээ нь Швейцарь улсад яам, яамны сайд гэсэн ойл­голт огт байдаггүй. Пар­ламентын нэг танхимаас бай­гуулсан хороод нь салбар салбараа хариуцаад явдаг. Өөрөөр хэлбэл яамны үүргийг манайхаар бол байнгын хороод гүйцэтгэдэг гэж ойлгож болохоор. Харин төр маань дэндүү данхайгаад, дарга нарын тоо олширч, унаа тэрэг­нээс эхлээд тусгай тансаг өрөө тасалгаа бэл­дэх хүртэл илүү зардал гараад байгааг л цомхтгох талаас нь хошуу нэмэрлэж байна.

Төр данхайхын хэ­рээр төсөв нэмэгдэж, нэ­мэгд­­сэн төсвийг захиран зар­цуулах со­нир­хол да­вамгайлах болж. Яг л баячуудын эх­нэрүүд мөнгөө хэрхэн үрэх вэ гэж санааширч суудаг шиг ажилгүй арван хэдэн дэд сайдад Монгол Улс хэтэрхий их мөнгө сул зарлагадаж, эрхлүүлээд байна.

Ер нь эдний жилийн төсвийг тоолж, хянаж үзэх юмсан. 11 яамны ажил­гүй 14 дэд сайд төрийн мөнгийг чамгүй хум­салж байгаа даа.

Төрийн машин унаж, том том өрөөнд дар­ган­цар царайлж суулаа гээд Монгол Улсын хөгжилд нэмэр болсон нь хаана байна. Төсвийн мөнгийг үрэл­­цэж, тэрүүхэн тэн­дээ ашиг сонирхлын аж­лаа амжуулж, тендер мендерхэн нааш цааш болгохоос илүү хийсэн, гавьсан юмгүй.

Гадаад харилцааны дэд сайд Б.Болор өнгөр­сөн жилийн туршид хилийн чанадад баригд­сан Б.Хурцын талаар хэв­лэлийнхэнд ярилц­­лага өгөхөөс өөр ажил хий­сэнгүй. Сүүл­дээ Б.Болор Б.Хурцын хэв­лэлийн төлөөлөгч эс­вэл хуулийн бай­гуул­лагад ажил­­ладаг ажил­­тан билүү ч гэж бодог­дох шиг.

Гадаад айлчлалын тухайд ч дэд сайдуудын амжуулаад байсан ажил үгүй. Ерөнхийлөгч, Ерөн­хий сайд, УИХ-ын даргыг дагаад дэд сай­дууд айлчлалаар явах нь их л харагдах юм. Гэвч даацтай ажил ам­жуулсан гэж ярих нь үгүй. Хийх ажил нь тодорхой бус, дав­­хар­д­сан ийм орон тоо­­­гоор Засгийн газар яах юм бэ.

Япон улсын нэг төрийн албан хаагчийн ажлыг манай 5-7 ажилтан хийж гүйцэтгэдэг, Мон­голын 5-7 албан ту­шаалт­ны хийх ажлыг Японы нэг төрийн ал­бан хаагч хийдэг гэсэн судалгаа ч бий. Тэгэ­хээр илүүдээ гар­­сан хөрөн­гө мөнгөгүй Мон­­гол Улсын Засгийн газар цаашдаа дэд сайд гэдэг албан тушаалаа байхгүй болгомоор юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button