Ардын нам шинэ жилийн өмнөх гэнэтийн бэлгээ задаллаа
танилцууллаа. Танилцуулах уулзалтад тус намын удирдлага, УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, анхан шатны байгууллагуудын төлөөлөл оролцож, улс орныг ойрын 20 жилд хөгжүүлэх стратегийг хэлэлцлээ. Ардын намын залуу улстөрчид, эрдэмтэн, судлаачид, эдийн засагчид боловсруулсан уг хөтөлбөрийг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр 2016 онд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг 12 000 ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Энэ нь өнөөдрийн Турк, Польш, Чилийн зиндаанд очно гэсэн үг юм. Харин 2031 онд 60 000 ам.долларт хүргэх гэнэ. Хорин жилийн дараа Монгол Улс өнөөгийн Швейцарийн хөгжлийн зэрэгт хүрнэ гэсэн үг. Сэрчихгүй бол сайхан л зүүд байна гэдэг шиг үнэхээр биелдэг бол… гэсэн бодол уншигч Танд төрж болох юм.
Улс орныхоо хөгжлийн өнөөдрийн байдалд бодит үнэлгээ өгч, эдийн засгийн тооцооллын олон улсын загвараар хөтөлбөрийг хийсэн нь хэрэгжих магадлалыг өндөрсгөж байгаа аж. Гэхдээ үүнд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэйг Ардын намын удирдлагууд онцолж байна. Улс орноо хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх эдийн засгийн нөөц боломжийг ч давхар тусгаж өгчээ. Ер нь Монголд хөгжлийн нэгдсэн стратеги, хатуу чанд төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үр дүнтэй механизм үгүйлэгдсээр байгааг хэн хүнгүй л хэлдэг билээ.
Хөгжлийн төлөвлөлтгүй хөгжих гэж зүтгэх нь харанхуйд тэмтчихтэй л адил зүйл. Тиймээс ийм хөтөлбөр боловсруулах цаг болсон гэдэгтэй олон нийт санал нэгдэх биз ээ. Монгол Ардын Нам аргагүй л тулхтай улстөрийн хүчний шийр зааж Монгол орныг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг боловсруулан нам дотроо хэлэлцүүлж байна ч гэж хэлж болох юм. Тус нам XXҮI Их хурлаараа шилжилтийн үеийг цэглэж, шинэ хөгжлийн гараан дээр ирснийг зарласан билээ.
Үүнийгээ ажил хэрэг болгож, Монгол орныг хөгжүүлэх 20 жилийн хөтөлбөрийг ул суурьтай боловсруулсан нь энэ. Ардын намын энэ удаагийн хөгжлийн хөтөлбөрийг шинэ жилийн өмнөх ээлжит гэнэтийн бэлэг ч гэж хэлж болох юм. Учир нь тус нам шинэ жилийн өмнө үе үе иймэрхүү гэнэтийн бэлэг барьдаг зуршилтай. Тухайлбал, 2003 оны шинэ жилээр ОХУ-д их өр төлснийг зарлаж, оргилуун дарсны чимээнд шуугиан нэмсэн нь тухайн үедээ баяр дээр баяр нэмсэн юм даг.
Т.БУД