2011 онд 66 сэтгүүлч ажлаа хийж яваад амиа алджээ

Өнгөрч буй онд дэлхийн өнцөг булан бүрт нийт 66 сэтгүүлч амиа алдсан хэмээн хэв­лэлийн эрх чөлөөг хам­гаалагч Хил хязгааргүй сэт­гүүлчид төрийн бус байгуул­лага мэдэгдлээ. Ийнхүү 2011 онд өмнөх жилүүдээс олон сэтгүүлч амь үрэгдсэн нь Арабын ертөнцийн хувьсгал хүчээ авсантай шууд холбоотой гэж тус байгууллага үзэж байна. Харьцуулахад 2010 онд дэлхийн өнцөг булан бүрт 57 сэтгүүлч нас барсан юм. Түүнчлэн Мексикийн хар тамхины гэмт хэрэг болон Пакистаны улстөрийн тогт­воргүй нөхцөл байдлын ул­маас олон сэтгүүлч амиа алджээ.

Хил хязгааргүй сэт­гүүл­чид төрийн бус бай­гуул­лагын мэдээлснээр 2011 онд Пакистанд амь үрэгдсэн 10 сэтгүүлчийн дийлэнх нь аллагын золиос болсон гэнэ. Ер нь Пакистан улс сүүлийн хоёр жил дараалан сурвалжлага хийхэд хамгийн аюултай улсаар шалгарч байна.

Энэ оны эхнээс Арабын ертөн­цөд газар авсан Засгийн газрын эсрэг бослого,үймээний үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан 20 сэтгүүлч амиа алджээ. Ийн­хүү Арабын улс орнуудад амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо өмнөх оноос даруй хоёр дахин нэмэгдсэн байна. Эргэн сануулахад Арабын хувьсгал 2011 он гарсны дараахан буюу Ерөнхийлөгчөө унагах Египетийн ард түмний бослогоос эхэлсэн. Удалгүй Египетийн хувьсгал ойр орчмын улс орнуудад газар авсан билээ.

Хамгийн гол нь амиа алдсан сэтгүүлчдийн дийлэнх нь Арабын орнуудын Засгийн газрын цэргүүд, цагдаагийнхны суманд өртсөн аж. Энэ нь Арабын ертөн­цийн зарим улс орон сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдсан үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой гэж Хил хязгааргүй сэт­гүүл­чид байгууллага мэдэгд­жээ. Мөн Латин Америкийн хамгийн аюултай бүс нутаг болох Мексикт гэмт хэргийн золиос болж, амиа алдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхоос хоёр дахин өсчээ.

1044 сэтгүүлч баривчлагджээ

Хил хязгааргүй сэт­гүүл­чид байгууллагын мэ­дэгд­сэнээр 2011 онд дэлхий дахинд нийт 1044 сэтгүүлч баривчлагдсан гэнэ. Энэ нь өнгөрсөн жилээс хоёр дахин өссөн тоо юм. Ийнхүү баривчлагдсан сэт­гүүлчдийн тоо огцом өссөн нь мөн л Арабын ер­төнцийн хувьсгалтай шууд холбоотой. Түүнчлэн АНУ, Чили, Их Британи, Грек, Беларус, Уганда зэрэг улсад дэгдсэн хөрөнгөтний эсрэг бослогын үеэр ажил үүр­гээ гүйцэтгэж явсан олон сэтгүүлч баривчлагджээ.

Хэвлэл мэдээллийнхэнд хам­гийн ээлгүй орноор Хятад, Иран хоёрыг нэр­лэсэн талаар Хил хяз­гааргүй сэтгүүлчид бай­гуул­лага мэдэгдэв. Энэ хоёр улсын тухайд ямар нэг таагүй мэдээлэл нийгэмд тарахад хамгийн түрүүнд л сэтгүүлчдийг буруутгадаг. Үүнтэй холбоотойгоор олон сэт­гүүлч өнөөг хүртэл өргөст торны цаана сууж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button