Томууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, жижгүүд сонгуулийн хуулийг гоочлов

дор бүрнээ нам жим болсон мэт харагдавч МАН-ынхан Тусгаар тогтнолын ордондоо өдөр болгон шахуу хуралдаж, АН-ынхан Монгол хүн 2020хөтөлбөрөө эрчимтэй боловсруулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гаргахаар зэхэж бас л ойр ойрхон хуралдаж байгаа сурагтай.

Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт МАН-ынхан хаалттай хуралдаж, хөгжлийнхөө мөрийн хөтөлбөрийг баталжээ. Сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө чиг баримжааг тодорхойлох уг хурлыг цоожтой хаалганы цаана хийсэн учир нь ирэх сонгуульд нэр дэвших хүмүүсийнх нь оролцоо их байсан сурагтай. Ийнхүү хоёр намууд Сонгуулийн тухай хуулиа баталж, сонгуулийн бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орж ил, далд хуралдаанаа зохион байгуулаад эхэлжээ. Тэдний энэ стратеги шинэ оны өмнөхөн тасалбар болж, он гармагц эрчимтэй хэрэгжиж эхлэх гэнэ.

Нэг нэгнийгээ баллуурдан 21 аймгаар ар араасаа цувран давхиж цаг, хугацаа хөрөнгө санхүү гарзадсаныхаа ид шид, үр дүнг тэд одоо л үзэж эх орны өнцөг булан бүрт суугаа иргэдийн хүсэл мөрөөдөлд нийцүүлсэн мөрийн хөтөлбөр гаргахаар цоожтой хаалганы цаана бөөгнөрч сууна.

Жижгүүд 48-д бус шууд 28-аас нэр дэвших бодол тээж байна

МАН, АН-ынхан сонгуулийн бэлтгэл ажилдаа шамдан орсон энэ үед жижиг намын удирдлагууд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн талаар ямар байр суурьтай байгаа талаар манай сонин редакцийн уулзалт зохион байгуулсан юм. Уг уулзалтад МАХН, МҮАН, МУНН, МЛН, ЭЧХН, ИЗН, МСДН, НН-ын удирдлагууд оролцож, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Тэд шинээр батлагдсан уг хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн ч байр суурь, харах өнцөг нь өөр өөр байсан. Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаяр шинээр батлагдсан хуулийг зөвхөн МАНАН-гийнхан дахин УИХ-д гарах боломжийг бүрдүүлсэн хууль гэж үзэж байсан бол МҮАН-ын дарга М.Энхсайхан ардчиллыг хууль ёсоор булшилсан Сонгуулийн хуультай боллоо гэж үзлээ. Зарим намын төлөөллүүд ардчиллаасаа бүрэн ухарсан олон намын тогтолцоо, эвсэл байгуулах эрхийг нь бүр мөсөн боомилсон хууль гарлаа хэмээн үзэж байсан бол ИЗН, МУНН-ынхан нэгэнт батлагдсан хуулийг хэрэгжүүлэх ёстой. Сайн сонгуулийн хууль батлагдсан учраас бүрэн дэмжинэ гэдгээ ч илэрхийлээд авав.

Жижиг намуудын дунд нийтлэг нэгэн зүйл ажиглагдсан нь тэд 28-д шууд өрсөлдөх буюу намынхаа таван хувийн босго оноог авах журмаар сонгуульд бэлтгэх шаанс байна гэдгийг зэрэг олж харсан байлаа. Өөрөөр хэлбэл 48 мандатын төлөө 26 тойрогт үзэх нь тэднии хувьд дэндүү эрсдэлтэй, аз сорьсон дайны талбар болох юм гэдгээ ч ний нуугүй хэлээд авиа лээ. Тиймээс парламентад суудалгүй намын дарга нар өөрсдөө УИХ-д гарах тухай пиараа хийсэн, ер нь амиа бодох тал руугаа хандсан өнгө аясыг илэрхийлж байлаа. Хэдийгээр эвсэл болох гарцыг нь хааж хуульчилсанд жижиг намуудын удирдлагууд бухимдаж байсан ч яг үнэн хэрэгтээ өөр өөрийн гэсэн эрх ашиг амбицтай, эвсэл бол гэсэн ч болохооргүй сонирхол нь давамгай ганцаарчилсан тоглолтдоо дассан болох нь илэрхий байлаа. Түүнчлэн ЭЧХН-ын зүгээс уг хуулийн зарим заалттай холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд хандсан болохоо мэдэгдсэн. Тэдний хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн Цэц энэ долоо хоногт хуралдаж, ямар нэгэн тодорхой хариултыг өгөх ёстой.

Б.Даваа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button