Долдугаар сарын 1-ний хэргийг оноос өмнө хянаж дийлэхгүй нь

Өнгөрсөн долоо хоногт галд шатаж, угаартаж долоон хүн амиа алдсаныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн мягмар гарагт Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо, Алтайн гудамжинд таван хүн угаартсан байдалтай нас барсан хэрэг гарлаа гэх дуудлага ирсний дагуу цагдаагийнхан хэргийн газар очиход 1-9 насны гурван хүүхэд аав, ээжийнхээ хамт угаартаж амиа алдсан байжээ. Үүний маргааш нь буюу лхагва гарагт Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 26 настай Н, 52 настай X нар гэртээгээ шатаж амиа алдсан. Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт машиндаа угаартаж амиа алдсан хэрэг мөн давтагдсан. Гал гарах, угаартах хэрэг нь ихэвчлэн иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэж байгаа нь харамсалтай. Иргэд цогтой нурмаа задгай асгах, ашиглах боломжгүй зуух, яндан хэрэглэснээс алтан амиа алдаж байна.

Долдугаар сарын 1-ний хэрэг ирэх жил шийдэгдэх бололтой

Харин улс төрийн хүрээнийхний болон хүчний байгууллагын анхаарлыг Цагдаагийн ар гэрийн холбоо ТББ-ын тэргүүн Ж.Алтангэрэлийн хийсэн мэдэгдэл татаж байлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийн нууц баримт дэлгэж, гурван жил цагдаа буруутай хэмээн яригдсан учир энэхүү мэдээлэл нь үнэн байжээ гэх бодлыг олон нийтэд төрүүлээд байгаа. Гэвч бодит байдал дээр огт тийм зүйл болоогүй.

Нэгдүгээрт, хэргийн газраас байлдааны сумны хонгио түүлгэж, оронд нь сургуулийн сумны хонгио тараасан гэж ярьсан. Гэтэл 2008 оны 7 дугаар сарын 2-нд үурээр буюу 03.00 цагийн орчим хүн нас барсан тухай мэдээлэл ирсний дагуу ЦЕГ, СБД-ийн ЦХ-ийн жижүүрийн бурэлдэхүүн, шинжээч, прокурор, хөнддөнгийн гэрчтэй хэргийн газрын үзлэг явуулж, эд мөрийн баримтыг хураан, тэмдэглэл үйлдсэн байдаг. Үзлэгийн дүгнэлт, хураагдсан эд мөрийн баримтыг өөрчлөх ямар ч боломжгүй юм гэх зүйлийг хэлсэн. Түүний хийсэн мэдэгдлийг долдугаар сарын 1-ний хэрэгт холбоотой гэж үзэхээсээ урьдаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний эсрэг хийж буй мэдээлэл гэж ойлгогдож байлаа.

Учир нь Ж.Алтангэрэл ямар нэгэн баримт дээр тулгуурлаж биш, зөвхөн УИХ-ын Х.Тэмүүжин гишүүний ярьсныг үгүйсгэж байсан нь ингэж бодоход хүргэсэн. Түүнчлэн долдугаар сарын 1-ний хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас прокурорт шилжүүлээд 14 хоног буй. Уг нь энэ хугацаанд прокурор хэрэгтэй танилцаж, хянаад, хэргийг буцаах эсвэл шүүх рүү шилжүүлэх хугацаа болохыг холбогдох хуульд заасан. Гэвч хэрэгт хяналт тавьж буй прокурор нь эрх үүргийнхээ дагуу хяналт тавих хугацааг сунгах бололтой.

Учир нь Улсын ерөнхий прокурорын хэвлэлийн албаны прокурор Н.Сүхбаатар Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой олон хавтаст хэрэг бий. Түүнтэй богино хугацаанд. танилцаад шийдвэр гаргах боломжгүй. Тиймээс өнөө, маргаашдаа дээрх хэргийг хянаж, дуусна гэж хэлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Тэгэхээр дээрх хэрэг шийдэгдэж амжилгүй дөрөв дэх жилтэйгээ золгох нь тодорхой болжээ.

Хүний наймаачдын шүүх хурал хойшиллоо

Үүнээс гадна нийслэлийн Сүхбаатар дүүрэгт шил шилээ даран хүн худалдаалсан гэмт хэргийн шүүх хурлууд үргэлжилж байгаа. Тухайлбал, өнгөрсөн пүрэв гарагт хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан хэрэгт сэжигтнээр татагдсан П.Батцэцэгийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч хойшилсон. Түүнийг Эрүүгийн хуулийн 124.2-т зааснаар Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түунчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button