Гоё хувцастай ах, эгч нарыг дагаж очоод чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн

-Чөлөөт бөхөөр хэдэн настайгаасаа хичээллэсэн бэ?

-2006 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн. Үндэсний шигшээ багийн Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багшийн удирдлаган дор одоо хүртэл бэлтгэл сургуулилтаа хийж байна. Анх 2008 онд зохиогдсон Ерөнхийлөгчийн цомын тэмцээнд 63 кг-ын жинд хүч үзэж хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн онд зохиогдсон И.Ярины нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдааны үеэр Дэлхийн аваргын мөнгөн медальт Оросын тамирчинг ялж медалийн тавцанд гарсан. Тэр барилдаан их амттай байсан.

-Яагаад чөлөөт бөхөөр хичээллэх болов?

-Анхандаа бөхөөр хичээллэнэ гэж бодоогүй. Нэг удаа гоё хувцастай ах, эгч нарыг Спортын төв ордон руу орохыг хараад дагаад орсон. Тэгээд чөлөөт бөхөөр хичээллэж байгаа тамирчдыг хараад багш дээр нь очоод Би чөлөөт бөхөөр хичээллэмээр байна гэдгээ хэлсэн. Тухайн үед уулзсан хүн Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар багш маань байсан. Тэгээд л чөлөөт бөхөөр хичээллэсэн.

-Хамгийн их сэтгэлд хоногшсон тэмцээн?

-Краснярскийн хүрлийн төлөөх барилдаан, Туркийн Стамбул хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. ДАШТ-ий медалийн тавцан дээр гарахад сайхан байсан ч аваргын төлөөх барилдаанаа хүссэн хэмжээндээ хийгээгүй болохоор харамсалтай байсан. Медаль авсны дараа хүмүүс баяр хүргэх мөч сэтгэлд ойр үлджээ. Тухайн үед мөнгөн медаль хүртсэндээ өөрөөрөө бахархсан.

-Таныг сурдаг гэж сонссон. Аль сургуульд сурдаг вэ?

-МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангид сурдаг. Энэ жил төгсөх гээд зав муутай байгаа. Сургуулиа төгсөөд дахин сурах бодол бий. Тамирчин хүн спорттойгоо сэтгэл зүрхээрээ холбоотой явдаг болохоор чөлөөт бөхөө орхихгүй. Гэхдээ гадаад хэл сураад давхар мэргэжилтэй болъё гэж боддог.

-Бөх хүнд өөрийн гэсэн мэх байдаг. Та ямар мэхийг хамгийн даацтай хийдэг вэ?

-Пира татаж хөл авах мэхийг сайн хийдэг. Дэлхийн аваргын барилдаан хийхийн өмнөхөн багш маань таарах бөхчүүдийн барилдааны бичлэг үзүүлж яаж барилдах талаар арга мэх зааж өгсөн. Ер нь барилдах бөхчүүдийнхээ барилдааныг үзэж бэлтгэлээ хийдэг. Гэхдээ энэ барилдааны үеэр мэхээ сайн хийж чадаагүй.

-Лондоны олимпийн эрхээ биелүүлж амжсангүй. Хаана алдаа гаргачихав?

-Дэлхийн аваргын үеэр алтан медалийн төлөөх барилдааныг хараад хүмүүс намайг медальдаа ханачихлаа гэж байсан. Гэхдээ миний хувьд тийм зүйл болоогүй. Ялна гээд гарсан ч ялагдсан. Тухайн барилдаанд ялагдсандаа харамсдаг. Сүүлд нь бичлэгээ үзэж байгаад тактикийн том алдаа гаргаснаа мэдсэн. Хятадын бөхийг барилдахгүй зогсоод байхаар нь шодохоор шийдсэн. Тэр нь буруудчихсан л даа. Гэхдээ энэ алдаа дараа дараагийн тэмцээнд туршлага болно. Дахин тийм алдаа гаргахгүй гэж бодож байна.

-Үлгэр дууриал авдаг тамирчин бий юу?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ОУХМ О.Насанбурмаагаас үлгэр дууриал авдаг. Бид хоёр найз, бэлтгэлээ хамт хийдэг. Найз маань их дайчин болохоор бэлтгэл сургуулилт хийхэд хойш суух цаг гардаггүй. Би ийм сайн найзтай болсон нь амжилт гаргахад нөлөөлсөн гэж бодож явдаг. Найзын минь хөдөлмөр надад их амжилт гаргахад тусалсан. Найздаа баярлалаа гэж хэлье. Мөн Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын барилдааны арга барил таалагддаг. Түүний барилдаануудыг үзэхэд их урамтай байдаг юм. Хийсэн мэх нь сайн ордог, хүссэн мэхээ хийгээд оноо авч чаддаг.

-Мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Тамирчин хүн бүрийн мөрөөдөл олимпод оролцох. Тийм болохоор бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд мөрөөдлөө биелүүлнэ. Мөн дэлхийн аваргын медалиа баталгаажуулж дахин медалийн тавцанд гарна. Миний мөрөөдөл 2016 онд биелэх байх гэж бодож байна.

-Бөртэ чоно- 2011 наадмын шилдэг тамирчинд нэр дэвшээд шилдгээр шалгарсан. Тухайн үед юу бодогдож байсан бэ?

-Чөлөөт бөхөөр хичээллээд таван жил болж байна. Өмнө нь ах, эгч нар оны шилдэг тамирчин болохыг хараад Би заавал амжилт гаргаад шалгарна гээд өөртөө зорилго тавьж байсан. Энэ жил шилдэг тамирчны нэг болсондоо баяртай байгаа. Спортоор хичээллэхээр хүн амьдралын зорилготой болдог. Бие бялдрын хувьд ч чийрэгждэг. Мөн хүнийг хүндэлж сурдаг.

-Саяхан чөлөөт бөхийн холбооныхон шинэ жилээ тэмдэглэсэн. Таны сайн бүжиглэдгийг тэгэхэд л мэдсэн шүү?

-Манай эмэгтэй арван тамирчин холбооныхоо шинэ жилээр чөлөөт бүжиг бүжиглэсэн. Бид бүжгээ тав хоног бэлтгэсэн. Холбооны удирдлага болон тамирчдадаа бэлэг барья гэж бодсон. Бүжгээрээ бэлэг барьж чадсан байх аа.

-ДАШТ-ээс мөнгөн медаль авахад ойр дотныхон чинь их баярласан байх. Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу?

-Манайх Завханы Дөрвөлжин сумын айл. Би айлын бага нь. Дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй. Манай аав ээж хоёр аль эрт өөд болсон. Дэлхийн аваргын медаль хүртээд амжилт гаргаж байгааг аав, ээж маань харсан гэж бодож байна. Заримдаа охиноороо бахархах байсан байх гэж харамсдаг юм. Аав ээж хоёр маань намайг тэнгэрээс харж байгаа. Манай ах нар барилддаг. Аав сумын заан цолтой хүн байсан.

-Ямар дуу дуулах дуртай вэ?

-Дэлгэр Монгол орон, Халуун элгэн нутаг, Төрийн дуулал-аа орой болгон тооны дараа дуулдаг. Тамирчдын хувьд төрийн дууллаа эгшиглүүлэх нь гоё байдаг юм. Төрийн дуулал сонсохоор өөрийн эрхгүй зүрх огшоод, сэтгэл догдлоод нэг л өөр болчихдог. Нэг үгээр хэлбэл тэнхээ нэмээд байх шиг санагддаг юм.

Б.Сэлэнгэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button