Тамирчин хүн хожигдоно гэж уралддаггүй
-Сэлэнгэ аймагт өндөр хэмжээний намын гишүүнчлэл хийгдсэн гэж байна. Намын нэрээ сэргээсэн нь сэлэнгэчүүдэд таалагдсан болохоор ирэх сонгуульд танай нам ялах нь гэж ойлгож болох уу?
-Тамирчин хүн хожигдоно гэж уралддаггүй. Тэгэхээр улстөрийн нам ч гэсэн ялгаагүй ялна гэсэн итгэл зорилготой сонгуульд оролцдог биз дээ.
-Өмнөх сонгуульд УИХ-ын хоёр ч суудлыг АН-д алдсан. Танай намаас хариуцлагыг өмнөх даргадаа хүлээлгэж таныг томилсон байх аа?
-Ер нийгэмд хүмүүс янз бүрийн юм ярьдаг. Бодит байдал ямар байсан бэ гэдэг дээр дүгнэлт хийх ёстой. Манай намын хувьд бусад улстөрийн байгууллагын адил удирдах дээд байгууллагаас өгсөн санал дээр үндэслэн томилгооны асуудал хэлэлцэгдсэн.
Тэгэхээр намын гишүүд хэнд итгэл үзүүлэх вэ, хэнээр удирдуулах вэ гэдгийг өөрсдөө шийдэж, шийдвэрээ гаргасан. Нөгөө талаар намын дүрэмд ч бий. Улстөрийн сонгуульд намыг ялагдуулсан бол тухайн удирдах бүрэлдэхүүнтэй хариуцлага тооцно гээд заачихсан. Энэ чиглэлээр намын даргатай л хариуцлага тооцсон.
-Дөрвөн жил шахам Засаг дарга хийлээ. Ихэнх аймгийн Засаг дарга нар сонгуульд нэр дэвшдэг. Тэр жишгээр 2012 онд сонгуульд дэвших үү?
-Аливаа нам улстөрийн сонгуульд орохдоо ялахын төлөө л байдаг. Ингэж ялахын тулд хэнийг дэвшүүлбэл боломжтой вэ гэдгээ сайн тооцож, хамгийн их ялах магадлалтайгаа нэр дэвшүүлнэ. Манай аймгийн намын хорооны гишүүд болон Бага хурлаас Эрдэнэбат дэвших боломжтой гээд үүрэг оногдуулах юм бол ямар ч байсан дэвшинэ.
-Сэлэнгийн ард иргэд итгэл хүлээлгэвэл нэр дэвшинэ гэж та хэллээ. Гэхдээ тойрогтоо дөрвөн жил ажилласан, 5.5 тэрбум төгрөг зарцуулсан ийм хүмүүстэй өрсөлдөнө гэхэд өвдөг чичрэхгүй байна уу. Эсвэл та тийм их хөрөнгөтэй хүн үү?
-Миний хувьд төрд 10 гаруй жил ажилласан. Ямар ч байсан Сэлэнгэ аймагт хэн юу хүсч байна түүнийг би хийх ёстой гэж зорьж явдаг хүн. Тэр ч утгаараа аймгийн Засаг дарга болохоосоо өмнө мөрийн хөтөлбөр боловсруулж, бүх сумаараа тойрч, ард иргэдтэйгээ уулзаж санал солилцсон. Тэгж байж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүд Сэлэнгэ нутгийн ард иргэдийн төлөө хийгдэх ажил байх ёстой. Хэдийгээр орон нутгийн хувьд эрх мэдэл бага ч гэсэн мөрийн хөтөлбөрөө 100 хувь биелүүлж ажиллалаа. Монголын улстөрийн амьдралын тогтвортой хугацаа дөрвөн жил байдаг. Энэ хугацаанд Эрдэнэбат гэдэг хүн юу хийсэн юм бэ. Түүнээс биш хэдэн тэрбум төгрөг зарцуулсан бэ гэдэг асуулт тийм чухал биш. УИХ-ын гишүүдийн 5.5 тэрбум төгрөгөөс гадна улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил Сэлэнгэд маш их байна. Зөвхөн тэрбум төгрөг зарцуулснаар сонгуульд ялах магадлалтай гэж хүлээж авах хэрэггүй. Тэр мөнгөөрөө оновчтой ажил хийсэн ч байж болно. Үгүй ч байж болох шүү дээ.
-Оновчгүй ажил хөрөнгө оруулалт нь ямар ажил байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд энэ тухай ярьмааргүй байна.
-УИХ-ын гишүүнийхээ нэрийг хэлэхгүйгээр тэр бүтээн байгуулалтад хийсэн хөрөнгө оруулалт оновчгүй болсон гэж зоригтой хэлчих л хэрэгтэй байхгүй юу?
-Хувь хүний үзэл бодол энэ асуулттай чинь зөрчилдөнө л дөө. Тиймээс хариулмааргүй байна. Тэгээд ч өнөөдөр аймгийн Засаг дарга ийм л юм хийчихвэл болно доо гэж санал бодлоо солилцож байтал арай өөр юман дээр төсөв тавигдчихаж болно. Эхний ээлжинд энэ нь хийгдэх ёстой гээд тодорхой дараалалтай хийх хэрэгтэй байхгүй юу. Тэр дараалал алдагдангуут ингэчихгүй дээ гэсэн бодол бол төрж байсан.
-Сэлэнгээс сонгогдсон гишүүд орон нутгаараа очдог уу. Жишээ нь УИХ-ын гишүүн О.Чулуунбат Сэлэнгэд томилолтоор ажиллалаа гэж барагтай бол сонсогдоггүй. Орон нутгаа эргэж тойрохгүй бол УИХ-ын гишүүн болох хэрэг байна уу?
-Миний хувьд энэ нь манай намаас сонгогдсон. Тэр нь сөрөг хүчнээс сонгогдсон улстөрч шүү гэдэг байдлаар асуудалд ханддаггүй. УИХ-ын гурван гишүүнтэй хэнийг нь хэн гэхгүйгээр аймаг орон нутгаа хөгжүүлье гэсэн бодол, сэтгэлтэй хамтарч ажилладаг. Өнөөдөр монголчууд хэтэрхий улстөржилт юм уу, талцлаас болоод ямар нэг хийгдэх ёстой ажил хийгдэхгүй болдог. Тэгээд ч МАН яагаад АН-тай хамтарсан Засгийн газар байгуулсан бэ гэдэг миний дээр хэлснээс үндэслэсэн болов уу. Тийм учраас өнөөдөр Сэлэнгэ аймгаа хөгжүүлэхийн тулд бие биеэ муу хэлээд өрсөлдөөд байх шаардлагагүй гэж бодож байна. Тэр утгаараа гурван гишүүнтэйгээ аймаг орон нутагт хийгдэх ажлын талаар снал бодлоо солилцоод явдаг. О.Чулуунбат гишүүний хувьд аймагтай холбоотой ажлын талаар байнга утсаар, уулзалт хэлбэрээр санал солилцдог. Аль ч гишүүн адилхан. Ирж очихын хувьд тэртэй тэргүй улстөрийн чиглэлээр албан тушаал хашиж байгаа хүн иргэд сонгогчидтой уулзаж санал солилцож байх ёстой л доо. Энэ чиглэлд аль аль нь хангалттай ажилладаг.
-Жишээ нь Э.Бат-Үүл гишүүн Сэлэнгэд ямар ажил хийсэн бэ?
-Ер нь хэн нэгний тухай онцолж ярьмааргүй байна. Хийхийн хувьд бүгдээрээ л юм хийдэг. Гэхдээ тэр хийсэн зүйл нь Сэлэнгэ нутгийн ард иргэдэд үр өгөөжөө өгсөн эсэхэд гол асуудал байгаа болохоос биш, хэн хэн нь шаардлагатай ажил үйлчилгээнд туслалцаа үзүүлж ирсэн.
-Сангийн сайд С.Баярцогт дахин сонгогдохоо бодоод ихэнх хөрөнгө оруулалтыг нутаг руугаа татдаг гэсэн шүүмжлэл байдаг?
-Манай сайд их нийтлэг хүн л дээ. Сэлэнгэ аймагт социализмын үед маш их бүтээн байгуулалт хийгдсэн учраас бүтээн байгуулалт бага байх ёстой гэж хэлдэг хүн. Хүмүүс их харддаг. Сангийн сайд учраас Сэлэнгэ рүүгээ тийм юм тавьсан байна гэж ирээд л ярьж гарна. Нөгөө талдаа улс орны эдийн засгийн чадавхи өсчихлөө гэдгийг бодолцох ёстой. Магадгүй та бүхэн хөрөнгө оруулалтын чиглэлийн судалгаануудыг он оноор нь гаргаад үзээрэй. Манай аймаг тийм өндөр үзүүлэлттэй гарахгүй. Тиймээс энэ сэрдэлт үндэслэлттэй биш юм.
-Нэгэнт тантай уулзса
-Ер нь тухайн орон нутгийн удирдлагууд уул уурхайн чиглэлийн зүйл рүү анхаарах нь их өрөөсгөл ойлголт л доо. Төмөртэйн орд бол Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуйн нэг. Томоохон үйл ажиллагаа явуулдаг гэхээрээ олны анхаарал өртдөг байх. Төмөр зам тавиулах асуудалд тухайн үеийн аймгийн орлогч дарга байсны хувьд энэ асуудал яригдаж байсан. Аль болох дэмжээд байгуулчих ёстой гэдэг бодолтой байлаа. Монгол Улс маань хөгжиж байна шүү дээ. Аливаа улс орны хөгжил дэд бүтцээ дагаж хөгжинө. Улсын комисс хүлээж аваагүй замаар ард иргэд бараа таваар тээвэрлэж байгаад тодорхой хэмжээнд зөрчил гаргах юм бол хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр утгаараа улсын комисс хүлээж автал шаардлагыг тавихад хүндрэлтэй байгаа юм. Цаашдаа улсын комисс хүлээж авах талаар холбогдох яаманд хүсэлт гаргасан. Улсын комисс хүлээгээд авчихсан тохиолдолд ард иргэдийг магадгүй зорчигч тээвэр явуулах боломжтой.
-Улсын комисс хүлээж аваагүй замаар яагаад хувийн компанийн үйл ажиллагааг явуулаад байгаа юм бэ. Харин ч зогсоох ёстой юм биш үү?
-Явуулахгүй гэдэг байгаа. Энэ чиглэлээр холбогдох яаманд маш удаан санал тавьж байгаа л даа. Улсын комис миний мэдэхийн 4-5 удаа ирж ажилласан. Тодорхой шаардлага өгдөг гэсэн.