Оюутны шилдэг тамирчидыг 18 дах жилдээ шалгаруулав
2011 оны шилдэг оюутан тамирчид, дасгалжуулагч, сургууль хамт олныг шалгаруулах ёслолыг 12 дугаар сарын 26-ны өдөр Спортын төв ордонд хийв. Шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, Б.Оюун, МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нар гардуулан баяр хүргэв.
Шилдэг оюутан эмэгтэй тамирчин ШУТИС-ийн Математик менежментийн сургуулийн оюутан, их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын Шинжинь хотноо 2011 оны 8 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 26 дугаар Универсиад их наадмын хөтөлбөрт анх удаа орж зохиогдсон шатрын төрөлд амжилттай оролцон мөнгөн медаль хүртсэн амжилтаар ийнхүү 2011 оны шилдэг эмэгтэй тамирчинаар шалгарлаа. Б.Мөнгөнтуул нь тус наадамд оролцсон 30 орны 63 эмэгтэй шатарчдаас 6,5 оноо авч ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэхдээ 9 өрөг тоглон 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдон хүчтэй их мастеруудыг ардаа орхин ийнхүү өндөр амжилт гаргасан.
Эрэгтэй шилдэг оюутан тамирчин ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн геодезийн 1 дүгээр дамжааны оюутан, олон улсын хэмжээний мастер Н.Баяраа Дэлхийн 26 дугаар Универсиад наадмын буудлагын спортын урт бууны багийн төрөлд 1769 оноогоор мөнгөн медаль хүртэн 2011 оны шилдэг оюутан эрэгтэй тамирчнаар тодорлоо. Тэрээр урт бууны 50 м-ийн хэвтээ байдлаас 60 сум буудах төрөлд 19 орны 57 тамирчидтай Д.Бишрэл, Д.Ганзориг нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо хамгийн өндөр амжилт үзүүлэн 594 оноо авч мөнгөн медальд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Оюутны шилдэг дасгалжуулагч Буудлагын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш нь Дэлхийн оюутны Универсиад-2011 их наадмын урт бууны төрөлд баг тамирчидаа амжилттай бэлтгэн оролцуулж эмэгтэй ганцаарчилсан төрөлд Ч.Нарантуяа болон эрэгтэй багийн төрлүүдэд Д.Бишрэл, Д.Ганзориг, Н.Баяраа нарын шавь нараа мөнгөн медаль авахуулсан ба Монголын урт бууны баг тамирчдыг дэлхийн түвшинд хүргэсэн амжилтыг үзүүлэн ажилласан байна.