Ерөнхий сайд С.Батболд шилдэг аж ахуйн нэгжийнхнийг урмаар мялаалаа
улсын Ерөнхий сайд С.Батболд улсдаа хамгийн их төсөв бүрдүүлсэн 100 аж ахуйн нэгжийн удирдлагуудыг өнгөрөгч баасан гарип хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн. Засгийн газрын тэргүүн улсынхаа сан хөмрөгийг арвижуулахад томоохон хувь нэмрээ оруулж ирсэн бизнес эрхлэгчийг Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн нь анхны тохиолдол юм.
Шилдэг татвар төлөгч 100 аж ахуйн нэгжийг Эрдэнэт үйлдвэр, Тавантолгой, Монголын алт, АПУ, Оюу-толгой, Энержи ресурс, Мобиком, Скайтел, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Дулааны III цахилгаан станц, Талх чихэр, МИАТ .Худалдаа хөгжлийн банк, Монполимет зэрэг байгууллага тэргүүлсэн. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрбээр Та бид их түүхийн тэгш ойнуудын төгсгөлд их хөгжил бүтээн байгуулалтын эхэнд уулзаж байна. Ирэх жилүүдийг бүтээн байгуулалтын жил гэж тайлбарлан тодорхойлж байна. Энэ бол том дэвшил юм. Энэ жил бас их өөдрөг сайхан жил байлаа. Улаан буудай, төмсний хэрэгцээгээ бүрэн хангасан, эрдэнэт сүргийн тоо толгой нэмэгдсэн. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил-ийн хүрээнд Та бүхний санаачлагаар 72000 гаруй ажлын байр шинээр нэмэгдлээ.
Манай Засгийн газрын үед концессын гэрээгээр хувийн аж ахуйн нэгжүүдээр томоохон ажлуудыг гүйцэтгүүлдэг боллоо. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа нэг шатаар ахисан гэж бодож байна. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шийдвэр бодитойгоор хэрэгжиж Тавантолгойн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэсэн. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдийн, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг ч гэсэн тусгахыг хичээж байна. Тавантолгой болон бусад томоохон бүтээн босголтод үндэсний аж ахуйн нэгжүүдийнхээ оролцоог хангахад ихээхэн анхаарч байна.
Цаашид ч энэ бодлого төр, засгийн анхаарлын төвд байх ёстой. Манай улсын эдийн засаг тэлж, өргөжих бүрэн боломж нээгдлээ. Ийм таатай боломжийг бид бүгдээрээ ашиглаж, улс орноороо хожиж гарах ёстой гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр шилдэг аж ахуйн нэгжүүдийн дотор барилгын компаниуд, банкуудын төлөөлөл бараг харагдсангүй. Үүнд ямар учир байна вэ, татвараа төлөхгүй нуугаад байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу. Энэ асуудлыг бид хариуцлагатай авч үзнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд татвараа ил тод, нээлттэй төлдөг байхыг энэ дашрамд уриалж байна хэмээв.
Энэхүү үүрэг даалгаврыг холбогдох газруудад ч өгсөн гэдгээ хэлсэн. Түүнчлэн Оюутолгой, Тавантолгойн бүтээн босголт үргэлжилж, шинэ үйлдвэр ашиглалтад орж, дэд бүтэц эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг ч энэ үеэр онцоллоо. Өнөөгийн Монгол Улс эх орныхоо баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж, оны эцэс гэхэд 20 орчим хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Ийнхүү шилдэг 100 аж ахуйн нэгжийн удирдлагыг хүлээн авч хүндэтгэсэн Ерөнхий сайд С.Батболд Засгийн газраас цаашид нийгмийн хариуцлагыг сайн хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, урамшуулна гэдгээ тэмдэглэн хэлэв.
Ц.ЖАРГАЛ