Э.Бат-Үүл Бурхан минь, Үндсэн хуульд тэр өөрчлөлтийг хийчихээгүй нь яамай

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэд хэдэн хуулийн төсөл УИХ дээр байна. Тэдгээрийг Та дэмжиж байгаа юу?

-Эдгээр Үңдсэн хуулийн өөрчлөлтийг УИХ хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохыг юуны өмнө хэлье. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай нийцэж байгаа эсэхийг УИХ-ын дарга сайтар тунгаах ёстой байсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн аливаа нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль дахь хүний эрхийн талаархи зүйл, заалтыг дордуулж болохгүй гээд заачихсан байх жишээтэй.

Гэтэл Н.Батбаяр тэргүүтэй УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөтэй холбогдох заалтыг дордуулсан байгаа юм. Тодорхой хэлбэл, сумын Засаг даргыг сонгох сонгуульд улстөрийн намыг оролцуулахгүй гэсэн нь намын дор эвлэлдэн нэгдэх эрхийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хориглосон хэрэг. Тэгээд ч байнгын хороон дээр энэ төслийг хэлэлцэх эсэх шийдвэр гараагүй. Нэр бүхий гишүүд сумын Засаг даргыг шууд сонгоё гэж байгаа нь зүйтэй ч дээрх шалтгааны улмаас би дэмжихгүй байгаа. Намуудыг муучлах хандлага газар авсан нь үнэн л дээ. Гэвч энэ нь улстөрчдийн хариуцлагагүй байдал, намын олхиогүй байдалтай холбоотой.

Гэтэл улстөрийн нам гэдэг нь зохион байгуулалтын их дэвшилттэй хэлбэр байхгүй юу. Нам бий болохоос өмнө хүмүүс ураг төрөл, овог, цусан төрлөөрөө л эвлэлдэн нэгддэг байсан. Ингээд намыг хориглочихоор суманд цусан төрлийн өрсөлдөөн л бий болно. Аягүй бол шашны өрсөлдөөн үүснэ. Суманд намын оролцоог байхгүй болгочихвол тэнд иргэний байгууллага ч амжилт олохгүй. Дээрээ төр нь намаар байгуулагдцаг, дороо цусан төрлөөр зохион байгуулагдцаг хоёр хэлбэрт Монголыг хуваах гээд байгаа юм уу.

-Бусад төслийн тухайд?

-Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийн өргөн барьсан төсөлд хот гэдэг засаг захиргааны нэгжийг бий болгохоор орж ирснийг эсэргүүцэж байгаа. Үндсэн хууль дахь засаг, захиргааны нэгж болох нийслэл, аймаг дээр хотыг нэмчихвэл наад зах нь Улаанбаатарт нийслэл, хот гэсэн засаг захиргааны хоёр нэгж давхардана шүү дээ. Ер нь энэ төслөөр Монгол Улсын нутаг дэвсгэрийг дахин хуваах болчихоод байгаа юм. Одоогийн засаг захиргааны нэгж дотор хот, тосгон байж болно гээд хуулиар тогтоочихсон. Нөгөө талаас уул уурхайн нэг том компани Монголд орж ирээд л хот байгуулчих нь байна шүү дээ. Тэдэнд нутаг дэвсгэр тасалж өгч засаг захиргааны буюу төрийн эрх олгох байдал уруу хальтирах гээд байна.

Ер нь аль ч улсад засаг захиргаа нь аймаг, нийслэл, эсвэл аймаг, мужид хуваагддаг. Тэр дотроо л хот, тосгон гэсэн хуулиар тогтоосон эрх хэмжээ бүхий нэгжүүдтэй байдаг. Мөн энэ нь аюулгүй байдалтай ч холбоотой. Хил дээр хотууд босоод ирвэл яах вэ. Хилийн зурвасыг дахин хувааж, засаг захиргааны нэгж болгох уу. Зүгээр л Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиа сайжруулах ёстой. Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр хот, тосгоны асуудлыг сайжруулж болно. Харин Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн өөрчлөлтийг тодорхой заах хэрэгтэй.

Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нар УИХ-ын гишүүн байна гэхчилэн тодорхой заагаагүйгээс болж Ерөнхий сайд гарын хүмүүсээ УИХ-ын гишүүн байхаар, бусдыг нь УИХ-ын гишүүн биш байхаар оруулж ирдэг дур зоргын байдал үүснэ. Ер нь Үндсэн хуульд сайд заавал УИХ-ын гишүүн байна гэж заагаагүй. Зүгээр л байж болно гэсэн байгаа. Энэ чинь байхгүй ч байж болно гэсэн үг шүү дээ. Засгийн газрын тухай хуулиар шийдэж болох асуудал байтал Үндсэн хуулиар оролдох гээд байх юм.

-Эцэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дэмжихгүй байгааг бодоход Үндсэн хуульд гар хүрэх гарцаагүй шаардлага одоохондоо алга гэж ойлгож болох нь ээ?

-2000 онд Үндсэн хуульд нэг удаа өөрчлөлт хийж үзсэн. Тэр үйл ажиллагаанд ч оролцож явлаа. Сүүлд ч бас Үндсэн хуульд нэлээд том өөрчлөлт хэрэгтэй гэж ярьж л байсан. Гэхдээ энэ бүх өөрчлөлт зайлшгүй шаардлагын үүднээс бус дандаа улстөрийн сонирхлын хүрээнд хийгдэж байна. Үндсэн хуулиар зохицуулж болохгүй харилцаа гарч ирсэн тохиолдолд л хуульдаа нэмэлт, өөрчлөлт хийх ёстой. Үндсэн хуульд хүрэхгүйгээр шийдэж болох асуудалд заавал түүнийг өөрчлөх замаар шийднэ гэж дайраад байгааг харахад өмнө нь ч их алдаж, одоо ч алдаа хийх гэж байна гэж бодогдох юм. Ер нь их олон хүн Үндсэн хуулийнхаа мөн чанар, үг хэллэгийн цаана нуугдаж буй гүн гүнзгий бодлогыг ойлгоогүй нь харагдаж байна.

-Тэгэхээр 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг алдаа байсан гэж хэлэх гээд байна уу?

-Алдаагаар барах уу. Тэнд миний гарын үсэг байгаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бид хоёрын бланкан дээр өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байдаг. Үнэхээр алдаа байсан уу гэдгийг амьдрал харуулсан л байхгүй юу. Наад зах нь УИХ-ын гишүүн сайд байж болохоор хийчихсэн шүү дээ. Үүнээс хойш Засгийн газрын үйл ажиллагаа тогтворгүй болж, УИХ-ын гишүүд сайдын албан тушаалд дугаарлах болсон. Нөгөө талаас парламент Засгийн газраас хараат бус байх байдал алдагдсан. Ер нь УИХ Засгийн газарт үйлчлэх байдалтай болсон.

Засгийн газрын 17 гишүүн УИХ-д орж ирээд л нэг нь 2-3 гишүүн хариуцан ажиллахад УИХ Засгийн газрын хяналтад орчихож байгаа юм. Энэ өөрчлөлт том сургамж өгсөн. Гар хүрэхээсээ Үндсэн хуулиа дахин дахин уншиж, утга учир, цаана нуугдсан бодлогыг ойлгох хэрэгтэй. Бид нэг хэсэг аймгуудад их хэмжээчий эрх мэдэл олгох ёстой гэж байлаа. Бурхан минь, Үндсэн хуульд тэр өөрчлөлтийг хийчхээгүй нь яамай. Хийсэн бол өнөөдөр баялагтай аймгууд ямар араншин гаргаж байгаа бол гэхээс дотор зарсхийдэг юм. 2000 онд улстөрийн зорилгоор хийгдсэн нэмэлт, өөрчлөлт ямар их гай тарьж байгааг бид харж байна.

-Гэхдээ 20 жилийн өмнөх хуульд цаг үеийн шаардлагаар гар хүрэхийг үгүйсгэх аргагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл болгож бэлдээгүй ч бодож, төлөвлөсөн зүйл Танд байна уу?

– УИХ-ыг хоёр танхимтай болох хэрэгтэй энэ тэр гээд л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн зүйлийг их сэдрээсэн хүний нэг нь яах аргагүй би. Гэхдээ үүнийг сайтар нягтлах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. УИХ хоёр танхимтай байж болох ч хоёр танхим хоёулаа хууль тогтоох эрх мэдлийг хуваалцах ёстой. Харин миний ярьж байсан хоёр дахь танхим хууль тогтоох гэхээс илүүтэй томилгооны эрхтэй байсан. Манай Үндсэн хууль их сайн бодож хийсэн хууль болохыг цаг хугацаа өнгөрөх тутам улам бүр үнэмших боллоо.

Анхнаасаа бодож хийсэн тэр л амин сүнсийг нь ойлгож чадахгүй байгаа нь Үндсэн хуулийг өөрчилье гэх яриа хөөрөөний үндэс болж байна. 1992 оны Үндсэн хууль сайн болсны нэг том нотолгоо нь энэ хууль хөгжлийн явцад өөрчлөгдөхийг үгүйсгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж болно гэсэн том зүйл, заалттай. Гэхдээ үүнийг улстөрийн зорилгоор бус аргагүй үед хэрэглэх учиртай.

-УИХ-ын сонгуулийн хууль Үндсэн хуулийн цэц дээр унана гэх яриа байна. Энэ тухайд Та юу хэлэх вэ?

-Хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлж хийсэн гэж хэлэх байна. Цэц дуудвал би Үндсэн хуульд нийцсэнийг нь нотолно.

Б.НОМИН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button