Орлогоо алдсан түрээслэгчид Гранд плаза-гаас дайжих дөхөж байна

Цахилгааны гэмтэл гарсан. Түүнийг засч байгаа гэхээс өөр мэдээлэлгүй тэд одоо яахаа ч мэдэхгүй байгаа юм байна. Аргаа барахдаа бараагаа гэрэл тусгасан зарим давхарын коридорт дэлгэжээ. Энэ цогцолбор аваарийн горимд шилжсэн учраас нөөцийн цахилгаанаар коридор, нийтийн эзэмшлийн газрууд л гэрэлтэй байв. Зарим түрээслэгчид мөнгөө нийлүүлж 200, 500 мянгаар цахилгаан үүсгэгч худалдан авсан байна. Гэсэн ч Гранд плаза цогцолборыг зорьж очигсдын цуваа тасрахгүй байлаа.

Энэ өдөр 14.00 цагаас түрээслэгчдийн төлөөлөгчидтэй тус плазагийн захиргаа уулзана гэсэн боловч 15.00 цаг болтол тодорхой шийдгүй байв. Харин хаалган дээр үйлчлүүлэгчдийн сонорт Гранд плаза цогцолборын мэргэжлийн инженерүүдийн хамтарсан баг өдөр, шөнөгүй ажлын талбар дээр ажиллаж байна гэсэн зураг наалттай байлаа. Нөөцийн цахилгаан ажиллаж байгаа давхруудын шат гэрэлтэй.

Харин ажлын байрны шат тэр чигээрээ харанхуй учраас хүмүүс гар утсаараа гэрэл гарган тэмтчин яваа харагдсан. Энэ мэтээр бухимдсан, ундууцсан хүмүүс хаа сайгүй, цахилгаан хэзээ ирэх нь ч тодорхойгүй байлаа.

Энэ талаар тодруулахаар зарим түрээслэгчидтэй уулзлаа.

Худалдагч Г.Сарантуяа Нарантуул зах дээр зогссоноос дээрдэх юм алга

-Өмнө нь цахилгаан ийм удаан хугацаагаар тасарч байсан уу?

-Наадмаар долоон хоног тасарсан. Тэр үед зун байсан болохоор даарч хөрөх асуудал байгаагүй. Харин энэ удаад өдрийн орлогод саад болохоос гадна даарч хөрөх гээд хүнд байна. Усаа ч буцалгаж ууж чадахгүй юм.

-Та гадуур хувцас зардаг юм байна. Сард хэдэн төгрөгийн түрээс төлдөг вэ?

-Би сард нэг сая 200 мянган төгрөгийн түрээс төлдөг. Ид орлоготой үед цахилгаан тасраад наймаагаа хийж чадахгүй болохоор яаж түрээсээ төлөх юм бэ. Хэцүү байна. Өмнө нь манай түрээс 900 мянган төгрөг байснаа арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдээд нэг сая 200 мянгаас, нэг сая 700 мянган төгрөг болсон. Нарантуул зах дээр зогсохоос дээрдэх юм алга.

-Цахилгаан тасарсан нь таны орлогод хэр их нөлөөлж байна вэ?

-Бямба, ням гаригт хамгийн их орлоготой байдаг. Гэтэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хамаг орлогоо алдлаа. Одоо л энэ сард бараагаа сайн зарж чадахгүй бол гуравдугаар сараас хойш орлого багасдаг. Зарим өдөр 20,30, 10 мянган төгрөгийн орлоготой байх нь ч бий. Харанхуй болохоор шатаар гарахаас төвөгшөөгөөд хүмүүс буцаад явчихаж байна.

-Нийтийн бие засах газрын асуудал ч хүнд болж байгаа биз дээ. Ер нь энэ талаар дээд удирдлагадаа хандсан үү?

-Хэлсэн. Засч байгаа. Гурав дахь өдрөөс ирж магадгүй гэсэн. Бие засах газар, хоолны газар ажиллаж байгаа.

-Цахилгаан тасарсан хугацааг түрээснээсээ хасдаг уу?

-Үгүй ээ. Хэлэхээр Цаана чинь оръё гэсэн хүн зөндөө байна, гар л гэдэг. Ийм том газар байтлаа цахилгааны гэмтлээ засч чадахгүй болохоор нэр төрдөө ч эвгүй шүү дээ. Олон төрлийн үйлчилгээ явуулах зориулалтаар баригдсан барилга чанартай байх хэрэгтэй. Эндээс олон хүн амь амьдралаа залгуулж байгаа. Мэргэжлийн хяналтын газар хүлээж авахдаа энэ талыг сайн бодолцож баймаар байна. Уг нь зун цахилгаан тасарснаас сургамж аваад одоо ийм асуудал байхгүй болсон байх ёстой шүү дээ. Гэтэл өвлийн хүйтэнд бид хөлдүү газраа ухаад цахилгаанаа залга гэж шаардахад ч хэцүү байна.

Худалдагч Р.Батхүү Гранд плаза их өртэй юм гэсэн

-Цахилгаан тасарсны улмаас өдрийн орлогоо алдаад хэцүү байна уу?

-Би ажлын өдөр тав, амралтын өдөр 11 куртка зардаг. Гэтэл одоо арайхийн хоёр куртка зарлаа. Таван өдрийн орлогоо алдаад байна. Гранд плаза их өртэй юм гэсэн. Тэр өрөнд нь цахилгааныг нь таслаад бид хохирч байгаа ч юм бил үү хэн мэдлээ. Дээр нь би гурван лангуу эзэмшдэг болохоор түрээсээ төлнө, худалдагчдаа цалинжуулна гээд зардал их гардаг. Гэрэлтэй болохоор коридорт гарч суугаад ч нэмэр алга гэв.

Д.НЭРГҮЙ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button