Нийслэл 271 мянган толгой мал тоолууллаа

Монголчуудын уламжлалт мал тооллогын ажил дуусчээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2011 оны жилийн эцэст манай улсын малын нийт тоо 36005.8 мянган толгойд хүрч, 2010 оныхоос 3276.3 мянга буюу 10.0 хувиар өслөө. Урьдчилсан дүнгээр адууны тoo толгой 2093.0 мянга, үхэр 2315.1 мянга, тэмээ 279.6 мянга, хонь 15509.1 мянга, ямаа 15809.0 мянгад хүрч, 2010 оныхоос адуу 172.7 мянга, үхэр 139.1 мянга, тэмээ 10.0 мянга, хонь 1028.7 мянга, ямаа 1925.8 мянган толгойгоор тус тус өслөө. Улаанбаатар хотын мал урд оныхоос 0,5 хувиар өссөн дүн гарчээ. Энэ жил нийслэлийн хэмжээнд Багануур дүүрэг хамгийн олон мал тоолуулсан байна.

Малын нийт тoo 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт 1.8-22.2 мянган толгойгоор буурсан байна. Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймагт малын тоо өмнөх оныхоос таван төрөл дээр өсчээ. Өвөрхангай (403.5 мянга), Архангай (304.8 мянга), Баянхонгор (294.4 мянга), Завхан (282.9 мянга), Говь-Алтай (279.3 мянга) аймгууд хамгийн өндәөр өсөлттэй байна.

Улсын хэмжээнд малын нийт тоо 2010 оныхоос 273 сум, таван дүүрэгт өсч, 56 сум, дөрвөн дүүрэгт тус тус буурчээ. 150 суманд таван төрөл дээрээ өсч, 13 суманд таван төрөл дээрээ буурсан байна. Нийт мал сүргийн дотор адуу 5.8 хувь, үхэр 6.4 хувь, тэмээ 0.8 хувь, хонь 43.1 хувь, ямаа 43.9 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхтой харьцуулахад ямааны эзлэх хувь 1.5 пунктээр өсч, харин адуу, үхэр, хониных 0.1-1.1 пунктээр буурч, тэмээ өмнөх оны түвшинд байна.

Хамгийн олон мал тоолуулсан эхний таван аймагт Хөвсгөл (3220.7 мянга), Архангай (2984.0 мянга), Төв (2961.6 мянга), Өвөрхангай (2414.0 мянга), Хэнтий (2352.0 мянга) аймгууд орж байна. Малын тооны өсөлтийг төрөл тус бүрээр авч үзвэл

Адууны тоо 20 аймаг, Улаанбаатар хотод өсч, нэг аймагт буурсан бөгөөд адууны тоогоор Төв (222.9 мянга), Архангай (218.7 мянга), Булган (185.7 мянга), Сүхбаатар (164.8 мянга), Хэнтий (155.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Үхрийн тоо 18 аймаг, Улаанбаатар хотод өсч, 3 аймагт буурсан бөгөөд үхрийн тоогоор Архангай (335.8 мянга), Хөвсгөл (305.2 мянга), Төв (184.9 мянга), Булган (180.3 мянга), Хэнтий (168.0 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Тэмээний тоо 15 аймагт өсч, зургаан аймагт буурав. Өмнөговь аймаг хамгийн олон буюу 88.7 мянган тэмээ тоолуулсан байна. Хонины тоо 17 аймаг, Улаанбаатар хотод өсч, дөрвөн аймагт буурсан байна. Хонины тоогоор Архангай (1464.4 мянга), Төв (1462.1 мянга), Хөвсгөл (1415.8 мянга), Булган (1181.8 мянга), Хэнтий (1128.5 мянга) аймгууд эхний 5 байрт орж байна.

Ямааны тоо Орхоноос бусад аймагт өслөө. Ямааны тоогоор Баянхонгор (1417.2 мянга), Хөвсгөл (1347.8 мянга), Өвөрхангай (1120.9 мянга), Төв (1088.8 мянга), Говь-Алтай (1045.0 мянга) аймгууд эхний таван байрт орж байна.

Н.ЛХАГВА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button