Оны хамгийн том залилангийн хэргийг прокурорт шилжүүллээ
Өнгөрсөн зургаадугаар сард Байгаль-Эрдэнэ сан ТББ, Айсуй жаргал ТББ Хөгжлийн хөтөч ТББ зэрэг есөн байгууллага нийлж, иргэдийг 350 мянга, 650 мянга, дөрвөн сая төгрөгийн төлбөртэйгөөр орон сууцтай болгоно хэмээн залилж, их хэмжээний хохирол учруулсан.
Тодруулбал 466 иргэнээс 295 сая төгрөг залилсан Говийн хөгжлийн ирээдүй ТББ-ын захирал Ч.Мөнхбат нарын зургаан хүнд холбогдох хэрэг, 137 иргэнээс 74 сая 500 мянган төгрөг залилсан Барагдашгүй алмаз ХХК-ийн захирал Б.Мөнхтуяа нарын найман хүнд холбогдох хэрэг, 634 иргэнээс 120 сая төгрөг залилсан Хүсэл мөрөөдлийн хүч ТББ-ын захирал С.Баатар нарын зургаан хүнд холбогдох хэрэг, 143 иргэнээс 85 сая төгрөг залилсан Түшигт хан Цэцээ ТББ-ын захирал У.Наранбаатар нарын таван хүнд холбогдох хэрэг, 2100 иргэнээс 996 сая 400 мянган төгрөг залилсан Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч ТББ-ын захирал З.Энхжаргал нарт холбогдох хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдүүлэхээр Баянгол дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
Харин 2323 иргэнээс гурван тэрбум 200 сая төгрөг залилсан Байгаль-Эрдэнэ сан ТББ-ын захирал Т.Уранчимэг нарын 12 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.
Мөрдөн байцаалтын явцад гэмт этгээдүүд иргэдэд учирсан таван тэрбум 584 сая төгрөгийн хохирлоос хоёр тэрбум 960 сая төгрөгийн хохирлыг барагдуулжээ.
Иймээс үлдсэн хоёр тэрбум 229 сая төгрөгийг төлүүлэхээр тогтоон, 254 сая 770 мянган төгрөгийн бэлэн мөнгө, данс, автомашин, эд зүйлийг битүүмжлэн иргэдийн хохирлыг төлүүлэхээр болсон байна.
Хэдийгээр иргэдийн хохирлыг барагдуулж байгаа хэдий ч тэд залилангийн хэргээр зохих хариуцлагаа хүлээж, хоригдох нь тодорхой болсон аж.