С.Дэлгэрмаа Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд урьд өмнө нь байгаагүйгээр, салют буудуулна
энэ сарын 31-нд Сүхбаатарын талбайд ямар арга хэмжээ зохиогдох талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газрын мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа.
-Сүхбаатарын талбайд шинэ оныг угтсан ямар арга хэмжээ зохиогдох бол гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд байгаа. Та энэ талаар ярихгүй юу?
-Сүүлийн жилүүдэд олон нийтийг хамарсан янз бүрийн өвчин, ханиад томуу дэгдсэнтэй холбогдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохиогдоогүй. Тэрнээс өмнө он солигдох мөчид ямар нэгэн байдлаар шоу арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байсан. Харин энэ жил түүхэн ой тохиож байгаатай холбогдуулаад томоохон арга хэмжээ зохион байгуулъя гэсэн шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргасан. Тиймээс нийслэлийн ЗДТГ, түүний харьяа байгууллагууд агентлагууд болон Нийгмийн ардчилал залуучуудын холбоотой хамтран энэ сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд Улаанбаатарын Мөнгөн үдэш цэнгүүнийг зохион байгуулахаар болоод байна. Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Хангарьд ордны дарга Ч.Бат ажиллаж байгаа.
-Дээрх арга хэмжээнд нийслэлийн дүүргүүд оролцох уу?
-Тийм ээ. Нийслэлийн зургаан дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагууд бүгд оролцоно. Сүхбаатарын талбайг урьд өмнө нь байгаагүйгээр, маш өвөрмөц байдлаар чимэглэнэ. Тухайн өдөр болох арга хэмжээнд зориулж, талбайд тайз засахаар болсон. Энэ сарын 31-ний өдөр нийслэлийн зургаан дүүрэг 07.00 цагаас эхэлж, өөрсдийн бэлтгэсэн урлагийн үзүүлбэрээ олон нийтэд сонирхуулж, бүтэн жилийн хугацаанд хийж бүтээснээ тайлагнахаар болж байгаа. Эдгээр арга хэмжээ өндөрлөсний дараа гол арга хэмжээ нь эхлэх юм. Уг цэнгүүн 24.30 минут хүртэл үргэжилнэ. Он солигдох мөчид Ерөнхий сайд Сүхбаатарын талбайд ирж, баярын мэндчилгээ дэвшүүлэх юм. Тус цэнгүүний найруулагчаар УДЭТ-ын найруулагч Н.Түвшин ажиллаж байгаа. Түүнчлэн энэхүү арга хэмжээнд урлагийн байгууллагууд, хамтлаг, дуучид оролцоно.
-Тэгвэл зохион байгуулалтын хувьд нэлээд ач холбогдолтой арга хэмжээ болох нь дээ. Талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Ер нь Сүхбаатарын талбайд аливаа арга хэмжээ боллоо гэхэд нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох газруудад үүрэг өгч иргэдийн аюулгүй байдлыг хангадаг л даа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар харьяа байгууллагууд, Нийслэлийн цагдаагийн газар, ОБЕГ зэрэг холбогдох байгууллагуудад чиг үүрэг өгсөн байгаа. Өмнөх жилүүдэд иргэд өөрсдөө Сүхбаатарын талбайд цугларч, янз бүрийн шаардлага хангахгүй салют буудуулснаас болж аюулгүй байдал
алдагдах асуудлууд гардаг байсан. Энэ жилийн хувьд өөр. Бид энэ талаар нэлээд анхаарч ажиллах болно. Албан ёсоор салют буудуулна. Гэхдээ урьд өмнө нь байгаагүйгээр, урт хугацаагаар салют буудуулахаар болж байгаа. Нэг салют гэхэд 15 минут үргэлжлэх юм. Тэгэхээр иргэд ямар нэгэн айдасгүйгээр чөлөөтэй баярлах боломжтой. Энэ хооронд Сүхбаатарын талбай дээр зассан тайзан дээр урлагийн үзүүлбэрүүд тасралтгүй үргэлжилсээр байх болно.
-Цугларсан олныг халуун кофе, цайгаар дайлах үйлчилгээнүүд Сүхбаатарын талбайд явагдана гэсэн байх аа?
-Тийм ээ. Халуун кофе, худалдааны асар, Grab and go зэрэг үйлчилгээнүүд байна. Мөн мэргэжлийн гэрэл зурагчид талбайд ажиллана.
Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд зохиогдох Улаанбаатарын Мөнгөн үдэш цэнгүүнд иргэд хэр идэвхитэй оролцдог, дэмжиж буй эсэхийг сонирхлоо. Үүнд иргэд ингэж хариулж байна.
– Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд болох арга хэмжээнд очих уу?
Сүхбаатарын талбайд очиж монголчуудтайгаа хамт шинэ оноо угтана
-Мэдээж очно. Хэдэн жил талбайд олигтой юм болсонгүй. Энэ жил нэлээд том арга хэмжээ болно гэсэн. Сүхбаатарын талбайд очиж монголчуудтайгаа хамт шинэ оноо угтана даа.
СБД иргэн ЗУЛ-ЭРДЭНЭ
Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг би дэмжихгүй
-Харийн зул сарын баярыг дуулиантай угтаж байснаас үндэсний хувьсгалын 100 жилийн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэсэн нь дээр юм биш үү. Би Сүхбаатарын талбайд болох арга хэмжээг дэмждэггүй.
СБД иргэн Баатаржав
Иргэдийн аюулгүй байдлыг сайн хангасан арга хэмжээ болоосой
-Би хэзээ ч Сүхбаатарын талбайд очиж шинэ оныг угтаж байгаагүй. Энэ жил томоохон арга хэмжээ болно гэдгийг сонсоод очмоор санагдчихпаа. Хүүхдүүдээ дагуулж очно. Гэхдээ аюулгүй байдлыг сайн хангасан арга хэмжээ болоосой. Холбогдох хүмүүст хэлэхэд иргэдийн аюулгүй, тайван байдлыг сайн хангаж ажиллаарай гэж хүсье.
БЗД иргэн Ядмаа
Манайхан харийнхны баярт дэмий мөнгө зарснаас утаа, хогноосоо саамаар юм даа
-Эмээ нь гэртээ л үр хүүхдүүдтэйгээ хамт шинэ оноо угтдаг. Талбайд энэ хүйтэнд очиж баярлана гэдэг юу л бол. Төр засаг, нийслэ-лийн ЗДТГ харийн орны шинэ жилийг ингэж сүр дуулиантайгаар тэмдэглэж дэмий мөнгө зарж байснаас энэ утаа, хогноосоо салмаар юм даа.
СБД иргэн өндөр настан Ариунзаяа
Бид талбайд танилнаж байсан шигээ шинэ оноо энэ талбайд угтана
-Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд очиж, шинэ оноо угтана гэж бодож байгаа. Бид хоёр үерхээд яг нэг жил болж байна. Тиймээс шинэ жилийг мартагдашгүйгээр тэмдэглэхийг хүсч байна. Талбайд урьд өмнө байгаагүйгээр, урт хугацаагаар салют буудуулна. гэсэн чинь бүр очмоор санагдлаа. Бид хоёр энэ талбайд анх танилцаж байсан шигээ шинэ оноо энэ талбайд угтана.
Оюутан Аюуш оюутан Ууганжаргал
Ө.БОТА