Хойд солонгосын ирээдүй
бие нь эрс муудсан Ким Чен Ирийг хэн орлох вэ, байдал хаашаа эргэх магадлалтай вэ гэх мэт асуудлуудад хөрш зэргэлдээ улсууд нь бэлтгэлтэй мэт байсан ч түүний гэнэтийн үхэл бүхнийг цочирдуулаад байна. Зарим хэвлэл мэдээлэлд 27-той, заримд нь 29 настай гэх өөрөөр хэлбэл насыг нь хүртэл зөв тодорхойлж чадахгүй байгаа дэлхийд бүү хэл Солонгосын хойгтоо олны танил болж амжаагүй, шинэ үе залгамжлагч Ким Чен Ун яаж хөдлөх вэ, хэрхэн аашлах вэ гэдэг түмэн таамаглал хүлээлт үүсээд байна.
Хойд Солонгосын улс төрийн зохион байгуулалт, уламжлалт удирдлагын арга барил зэргээс шалтгаалан доорхи үндсэн чиглэлээр асуудал өрнөх болов уу.
Чиглэл 1. Ким Чен Ун бүх удирдлагыг гартаа авч, улс төрийн амьдрал хуучнаараа үлдэнэ
Бүхий л шинжээчид Ким Чен Уныг хэтэрхий залуу, бие даан улс орныг удирдаж үзээгүй, эцгийгээ эрүүл байхад ажил амьдралын туршлага хомсхон цуглуулсан тухай онцолж байна.
Гэхдээ түүний эцэг, түүний өвөөгөөс улсынхаа удирдлагыг авахад бүр хэцүү байсныг мартаад байх шиг. Гэтэл Ким Чен Ир 1994 оноос хойш улсаа удирдахдаа хөл алдаагүй. Социалист орнуудын хэлхээ холбоо задалж, олон жилийн туршид л ивээн тэтгэж байсан донор улсууд нь нүүр буруулсан, жил дараалсан ган, өлсгөлөн хэдэн зуун мянган хүний амийг егүүтгэсэн гэх мэт түмэн бэрхшээл байсан ч тэсээд л гарсан. Иймд Ун бас чадна гэдгийг үгүйсгэхгүй.
Чиглэл 2. Ким Чен Ун зөвхөн тайзан дээр удирдагч, тайзны ард хамтын удирдлага
Ким Чен Уны нагац эгч, Ким Чен Ирын охин дүү Ким Чен Хи түүний нөхөр Чен Сон Тэг гээд сүүлийн үед удирдлагын түвшинд ихэд дээшилсэн хүмүүс бий. Залуу Унд нөмөр нөөлөг болох гэхээсээ илүү удирдан чиглүүлэх дүрд илүү зүтгэх сонирхолтой хүмүүс ч мөн байгаа. Энэ нь эцэстээ Ким Чен Уныг зөвхөн ард түмний өмнө удирдагч мэт харагдуулж харин хөшигний ард дээрх хүмүүсийн бүлэглэл улс орныг удирдах магадлал өндөр боломжтой.
Чиглэл 3. Ким Чен Унд зарим хүчин дургүйцлээ илэрхийлнэ. Зөрчилдөөн үүснэ
Өмнөд Солонгосынхон болон Өрнөдийн шинжээчдийн дэвшүүлж буй гол чиглэл. Ким Чен Ир, Унаас гадна хоёр хүүхэдтэй гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа Ким Чен Нам нь нэг хэсэг эцгийгээ залгамжлах магадлалтай гэгдэж байсан. Одоо Хятадад амьдардаг тул ард талдаа сайн ивээн тэтгэгчтэй гэж ойлгохоор. Мөн сүүлийн жилүүдэд нөлөөллийн хүрээ нь огцом ихэссэн Ким Ок ( Ким Чен Ирын сүүлчийн эхнэр ) гэж бий. Иймэрхүү хү-мүүс ямар нэгэн байдлаар хуучны хүч чадал, албан тушаалаа алдвал эсэргүүцэл үзүүлж магадгүй. Дарангуйлагч системтэй улсад хэн нэг нь зөөлөн дуугарч эхэлбэл үргэлжлээд гинжин цуврал аятай үзэгдэл эхэлдгийг бид мэдэх тул энэ чиглэлийг үгүйсгэх аргагүй юм.
Чиглэл 4. Дотоод болон гадаад хүчин зүйлээс болж Ким Чен Ун мэдлээ алдаж, иргэний дайн үүсэх
Хамгийн муу магадлалтай чиглэл. Ямар тохиолдолд ийм байдал үүсэх вэ? Ким Чен Ун удаа дараалан улс орныг удирдах чадамжгүй гэдгээ харуулах, улс орны эдийн засаг дампуурлын ирмэгт ирэх, үүнээс үүдээд дүрвэгчдийн цуваа Хятад улс руу чиглэх, Хятад улс Хойд Солонгосын дотоод үйл явдалд хутгалдах гэх мэт бараг боломжгүй, гэхдээ үгүйсгэж бас болохгүй хүчин зүйлүүдээс шалтгаалах юм.
Энэ бүх чиглэлүүд эцэстээ зөвхөн таамаглал юм. Гэхдээ нэг үнэн зүйл нь Хойд Солонгос улсын шинэ залуу лидер Ким Чен Уны хувийн чанар, авьяас билгээс цаашдын өрнөл ихээхэн шалтгаалах бөлгөө.