Мэргэжлийн урлагийг хөгжүүлэх төрийн бодлогод учир дутагдал бий
драмын эрдмийн театрын захирал, Монгол Улсын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбууг урьж, ярилцлаа.
-Таныг өөрийгөө театрын зарц нь гэж хэлэх дуртай гэж сонссон юм байна. Энэ үнэн үү?
-Тийм ээ.
-Яагаад тэр вэ?
-Яах юу байх вэ дээ, захирал хүн компаниа амжилттай удирдаж, авч явахын тулд хамт олныхоо сайн сайхны төлөө янз бүрийн л хүнтэй уулзана. Энэ утгаараа би театрынхаа хамт олонд үйлчилдэг зарц нь юм даа.
-Таныг театр гэдэг их айлын хаалгыг татаад олон жил болж байгааг мэдэх ч яагаад театртай амьдралаа холбох болсныг тань сонирхож байгаагүй юм байна шүү?
-Миний амьдралын баяр, гуниг бүхэн Драмын театртай салшгүй холбоотой. 1988 онд Соёлын яамны томилолтоор ирж ажилласнаас хойш Драмын театрт би 23 дахь жилдээ ажиллаж байна. Урлагтай амьдралаа холбох болсон маань гэр бүлийн хүмүүжил, өссөн орчинтой минь салшгүй холбоотой гэж боддог.
-Тэгэхээр таны амьдралын 20 гаруй жил театрын урлагтай холбогджээ. Энэ хугацаанд та орлогч даргын албыг хашиж байсан. Харин өнөөдөр Драмын театрын захирлаар ажиллаж байна?
-Тийм ээ, би 1988 оноос 2001 он хүртэл театрынхаа орлогч даргаар ажиллаж, 2001 оноос хойш захирлаар нь ажиллаж байна.
-Үндсэндээ та 10-аад жил захирлаар ажиллаж байгаа юм байна шүү дээ. Монголын сор болсон жүжигчдийг нэгэн жолоонд удирдана гэдэг амаргүй л байдаг байх?
-Баярлалаа, тийм ч амар ажил биш шүү.
-УДЭТ-т одоогоор хичнээн уран бүтээлч, ажилчид байна вэ?
-Ер нь манайхан театрыг нийлмэл урлаг гэж үздэг юм билээ. Олон хүний хөдөлмөр, хөлс хүчээр театр урлагийг бүрдүүлж, уран бүтээл гаргадаг. Энэ ч утгаараа өнөөдөр манай театр урлаг, уран бүтээлийн баг, арын албаны баг, үзвэр үйлчилгээ, харуул хамгаалалтын баг гэсэн үндсэн гурван нэгжтэй. Нийт120 гаруй хүн ажиллаж байна.
-Ингэхэд найруулагч, зураглаач, жүжигчид нь хэд билээ?
-40 орчим уран бүтээлч театрын маань ачааг үүрэлцэж явна.
-Харин энэ дундаас Ардын жүжигчин Н.Сувд, П.Цэрэндагва, Б.Мэндбаяр гэсэн цөөхөн ахмад жүжигчид Драмын театрын нүүрийг тахалж, авч явдаг гэсэн яриа байдаг?
-Аливаа зүйл үе үеэрээ байдаг, гарч ирдэг. Одоо ч гэсэн залуу үеийнхэн гарч ирсээр л байна. Харин эдгээр ахмад жүжигчин бол эх ундарга юм. Нэгэнт л ийм сайхан, авьяастай, чадалтай ундаргатай болохоор манай театрын хүний нөөц, боловсон хүчин муудна гэсэн ойлголт байхгүй байх гэж бодож байна.
-Магадгүй танай театрын босго, шалгуур өндөртэй холбоотой байж ч мэдэх юм?
-Чи манай театрын босгыг өндөр гэж байна. Энэ үнэн. Өндөр байх ч ёстой. Энэ ч утгаараа бид театрынхаа дэргэд сургалт явуулдаг. Өсч яваа залуу жүжигчдээс бид дахин сонгон шалгаруулалт хийж, нэг жил дадлагажуулагчаар гэрээ байгуулж ажиллуулдаг. Тэгээд тэр хүүхдүүдээсээ дахин сонгож, үнэхээр авьяастайг нь үндсэн жүжигчнээр авдаг юм.
-Тийм гэж үү. Тэгвэл Драмын театрын хаалгыг татаж буй залуу уран бүтээлчдэд яг ямар шалгуур, шаардлагыг тавьдаг юм бэ?
-Мэдээллийн эрин зуунд авьяас, ур чадвар, хөдөлмөрөөрөө гайхагдаж, бусдыг татах тийм ч амар зүйл биш. Манай мэргэжлийн онцлог наад захын шалгууруудыг тавьдаг. Тавих ч ёстой.
-Тухайлбал?
-Энэ асуултад саяхан UBS телевизтэй хамтарч хийсэн Орших уу, эс орших уу театрчилсан реалити шоу хариулчихсан гэж бодож байна. Тэнд тавигдаж байгаа уран бүтээлчдийн зөвлөгөө, шүүмж, асуулт, шаардлагууд л тавигддаг. Тэр л журмаар драмын театрынхаа жүжигчдийг сонгож авдаг.
-Орших уу эс орших уу шоуг үзэж байхад харамсалтай зүйлүүд их л ажиглагдаж байлаа?
-Юу тэр билээ.
-Үнэхээр авьяастай залуус өчүүхэн төдий алдаанаасаа болж хасагдаж харагдсан?
-Тийм ээ, үнэхээр харамсмаар зүйлүүд тохиолдож л байсан.
-Энэ нь нэг талаараа харамсмаар ч урлаг хатуу гэдгийг олон хүнд ойлгуулсан байх гэж бодож байна?
-Магадгүй. Урлагт бичигдээгүй олон шаардлага байдаг. Наад зах нь цаг барьдаг байх ёстой. Цагийн юмыг цагт нь хийх, хөдөлмөрч, хүн чанартай байх ёстой гэдэг ч юм уу маш олон шаардлага байдаг л даа.
-Гэхдээ л танай театрт орох гэсэн олон залуу уран бүтээлч байдаг?
-Тийм ээ, шалгалтад олон хүүхэд хамрагддаг. Харамсалтай нь бид авьяастайг нь л авдаг.
-Хэдийгээр залуу үеийнхэн гарч ирж байгаа ч танай театрын босгыг давчих авьяаслаг жүжигчид цөөхөн болоод байгаа юм биш үү?
-Үгүй байх аа, би энэ асуулттай санал нийлэхгүй байна. Яагаад гэхээр Монголын ард түмэн авьяастай. Билиг танхай авьяасаараа театрын урлагт дурлаж, сонирхож орсон алтан үеийнхэн тодотголтой олон сайхан уран бүтээлч байсан. Өнөөдөр яах аргагүй Монголын театр урлагийн ачааны хүндийг хэдэн ахмад жүжигчид үүрч байгаа нь үнэн. Гэхдээ манай театрт үе үеийн уран бүтээлчид, төгсөгчид ажилласаар байна шүү дээ. Би уран бүтээлчдийг бэлдэж байгаа мэргэжлийн урлагийн сургуулиудыг муу боловсон хүчин бэлдэж байна гэж хэлэхгүй.
-Гэвч өнөөдөр урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр олон залуу төгсөж байна. Төгсчихөөд бүгд мэргэжлээрээ ажилладаг уу гэвэл бас л учир дутагдалтай?
-Урлаг бол авьяас, гарвал шинжийг шаарддаг ажил юм. Тэр утгаараа буруу сонголт хийсэн хүн байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү соёл урлагийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа төрийн бодлогод учир дутагдал байна.
-Төрийн бодлогод учир дутагдал байна гэдэг тань яг юу гэсэн үг вэ?
-Үндсэндээ 2.7 сая хүрэхгүй ард түмэнд үзвэрийн насны хэдэн хүн байгаа билээ, ямар ямар театр, хэдэн жүжигчин байх ёстой гэдгийг бодох л асуудал. Жүжигчид олон жил хөдөлмөрлөж, сурч байж мэргэжлийн гэж хэлэгддэг шүү дээ. Энэ ч үүднээсээ төрийн шинэ бодлого, шинэ зүйл үгүйлэгдэж байхыг үгүйсгэхгүй. Жүжигчний мэргэжлээр олон залуу төгсдөг ч үндсэн мэргэжлээрээ ажилладаг нь цөөхөн байдагт би нэг талаасаа эмзэглэж хүлээн авдаг. Яг энэ асуудалд чамтай санал нэг байна.
-Манай жүжигчдийн ур чадвар, театрын урлаг аль түвшинд явна гэж та үзэж байна?
-Өнөөдөр театрт ажиллаж байгаа үе үеийн уран бүтээлчид маань авьяасын дээд авьяастай. Манайхан тайз, дэлгэцийн бүтээлд гадаад, дотоодын уран бүтээлчдийн хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн. Гадны уралдаан тэмцээн, театр урлагийн фестивальд оролцоход мэргэжлйин хувьд бусад улс орон, үндэстэн ястнаас манай уран бүтээлчид сул дорой биш. Хэрэв ажиллах орчин, нөхцөлийг нь л сайн бүрдүүлээд өгвөл манай уран бүтээлчид дэлхийн болоод үндэсний ямар ч бүтээл дээр ажиллах боломж, чадвартай гэж би үзэж байна.
-Маш гоё хариулт байна. Удахгүй шинэ он гарах гэж байна. Танд болон танай хамт олонд шинэ ондоо эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье?
-Баярлалаа. Он солигдох мөчид Монголын ард түмэндээ, үзэгч олондоо, цаг үргэлж театрын урлагийг дэмжигч, бидэнтэй хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүст орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага УДЭТ-ын хамт олны өмнөөс шинэ жилийн баярын мэндийг хүргэж эрүүл энх, аз жаргалыг хүсье. Та бүхний сэтгэл оюуны баялаг ертөнц тань уран бүтээлийн онгод хиймориор цаг ямагт бялхаж, оюуны тэжээл авч байхын ерөөл дэвшүүлж байна.
-Ярилцсанд баярлалаа, ерөөл бат оршиг.