Ардчилал ба амьдрал

Энэ нь сүүлийн 20 жилийн турш монгол хөр­сөнд нутагшин төлөвшиж буй орчин үеийн барууны ардчиллын үзэл санааг, үнэт зүйлсийг, үр шимийг, ач холбогдлыг хүн бүрт хүргэх, хүр­тээх, амьдрал ахуйд нь хэв­шүүлэх, мэдрүүлэх бодит нөх­цөлийг бүрдүүлэхэд чиг­лэсэн болно.

Энэхүү бодлогын хөтөл­бөрийг хэрэгжүүлэх шаард­лага, үндэслэл нь манай намын сүүлийн хоёр Их хур­лаас сайшаан дэв­шүүл­сэн хүнийг эрхэм­лэн дээдлэх бодлогыг гүнзгийрүүлэх, ажилтай, эрүүл, боловсролтой, ирээдүйдээ итгэлтэй монгол хүнийг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг хангах, хариуцлагын тогтолцоог бий бол­гож төгөлдөржүүлэх, шудар­га ёсны үнэлэмжийг дээшлүүлэх, эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлэх, нийгмийн тэгш боломжийг бүр­дүүлэхэд улс орны эдийн зас­гийн өсөлт, нөөц боломж, хүн хүчийг зүй зохистой, үр нөлөөтэй ашиглахад оршино.

Ардчиллын 20 зууны баялаг уламжлалтай Монгол Улс орчин үеийн баруу­ны ардчиллын замыг сон­гоод 20 жилийг ардаа орхилоо. Нийгмийн цаг хугацаа, орон зайн хувьд харьцангуй богино энэхүү зурвас үед ардчиллыг үзэл санаа, үнэт зүйлсийн хувьд нь нутагшуулж, соёолуулж чадсан ч үйл явц болохынх нь хувьд, нийтлэг удирдамж, нийгмийн соёл болохынх нь хувьд хараахан төлөвшүүлэн хөгжүүлж чадаагүйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Монголын ардчилал Ази тивд төдийгүй бүс нутаг­таа, дэлхий дахинаа жишиг хэв загвар болж хүлээн зөвшөөрөгдсөн, ний­тээр үнэлэгдсэн, богино хугацаанд чамгүй амжилт, том дэвшилд хүрч чадсан. Гаднынхан Монгол Улсад ирээд үнэхээр ардчиллыг бүх талаар, жинхэнэ утгаар нь мэдэрдэг тухай яриа, үнэлэлт цөөнгүй байдаг. Улмаар боломж байвал заавал буцаж ирнэ гэж хэлээд буцдаг. Ардчилал нь хүнд өөрийгөө хэн болохоо илэрхийлэх, өөрийгөө бүх талаар чөлөөтэй хөгжүүлэх эрх, эрх чөлөөг зөвшөөрөн олгодог, хүсэл зоригоороо ажиллаж, амьдрах боломж, бололцоог бүрдүүлэн, хэрэгжүүлдэг нийгмийн бүтэц мөн.

Ардчилал нь хүн бүрт хүсэл зориг, эрэлт хэрэгцээ, ашиг сонирхлоо илэрхийлэн хам­гаалах, хадгалан хэрэг­жүүлэх улстөрийн, эдийн засгийн, оюун санааны эрх чөлөөний, нийгмийн олон талт үйлчилгээний боломж, бололцоог тэгш хүр­тэх, шударга оролцох, төр зас­гийнхаа бодлого, үйл ажиллагаанд иргэн, олон нийт үнэлэлт өгөх, сэт­гэл ханамжтай эсэхээ батал­гаажуулдаг ойлголт, хандлага гэж болно.

Ардчилал бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, аливаа шийдвэр гаргах ажиллагаанд иргэдийн идэвх оролцоо ил тод, нээлттэй байх, бодлого боловсруулах, сурталч­лах, хэрэгжүүлэхэд болол­цоог нь хангах, иргэн­дээ боломжийг адил тэгш эд­лүүлэх тухай цогц үзэл мөн.

Ардчилал нь хүн бүр үндэс угсаа, хэл соёл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, мэдлэг боловсрол, эрхэл­сэн ажил албанаас үл хамааран тэгш эрхтэй байх нөхцөлийг хангадаг улс­төрийн тогтолцоо байдаг.

Эдүгээ ардчилал гэдэг үг хүн бүрийн амнаас гардаг атлаа хэн ч тоодоггүй хуу­чин аялгуу болсон мэт, бүгд мэддэг юм шиг мөртлөө хэн ч мэддэггүй төвөгтэй асуудал болжээ. Энд бидний буруу биш. Хүн байнга хэрэг­лэдэг зүйлээ анхаарч анзаарахаа больчихдог, дасал болж дөжирдөг, үл ойшоодог. Хамгийн ойр зүйл нь хамгийн хол болчихдог. Ардчиллыг мэдрэхээ больчих вий. Арчилж тордохгүй бол болох­гүй ээ. Энэ гунигтай дүр зураг хүсүүштэй зүйл биш, ангижирвал зохих буруу хандлага гэж ойлгож, хандвал зохино.

Ардчиллын үзэл санаа, үнэт зүйлсийг цээжээр мэд­дэг, чанга хэлдэг байх нь чухал биш, хангалттай бус. Тэдгээр шаардлагыг, үнэт зүйлсийг амьдралын хэм хэм­жээ болгох, аж төрөх ёсны хэвшил болгох, мөрдлөг болгох, соёл болгох учиртай. Сэтгэлд нь шингэсэн байх, итгэл үнэмшил болсон байх, үгээр биш үйлээр нь илэрдэг байх.

Нийгэмд бий болсон энэ эзэнгүйдэж хүнийх бол­сон, тодорхойгүй байдал нь ардчиллын асуудалд шинээр хандах болсны дохио гэж хэлж болно. Мэдэх­гүй мөртлөө мэддэг дүр эсгэх нь аюултай. Буруу зөрүү ойлголттой болох нь мэдэхгүй байснаасаа бүр дор, илүү хор уршигтай.

Ардчилал бол үзэл санаа, үнэт зүйл төдийгүй үйл явц, үр дүн мөн. Тиймээс ард­чил­лын үнэлэмжтэй, хандлагатай, соёлтой болохын тулд нэг талаас төр, нийгмийн харилцаанд, нөгөө талаас айл өрх, иргэн бүрт ардчиллын боловсрол олгох, төлөвшүүлэх нь нэн чухал болжээ. Энд төрийн олон талт үйлчилгээнээс гадна иргэний нийгмийн оролцоо, нөлөөг нэмэгдүүлэх, байр суурь, дуу хоолойг сонсох, харгалзах нь хэзээ хэзээнээс чухал байна.

Ардчиллын боловсролыг бэх­жүүлэх, чухалчлах нь чухам­хүү эрэмбэлэгдсэн мэд­лэгээр дамжуулан хагарал, задрал, талцал, хуваагдал, үл ойлголцол, үл хүн­дэтгэлийг даван туулах, үгүй болгох тухай ойлголт, хандлага мөн.

Монголын нийгэмд, олон түмний сэтгэл зүйд, ялан­гуяа залуу үеийнхний сэтгэл­гээнд ардчиллын мөн чанар, зарчим, үнэт зүйлсийг жин­хэнэ утгаар нь суулгаж өгөх, зөв ойлгуулах, амьдрал үйл ажиллагааных нь хэвшил, мөрдлөг болгох шаардлагатай болжээ. Бидний түүхэн уламжлал, сэтгэлгээний хэв маяг, сэтгэл зүйн онцлог, иргэдийн амьдарч байгаа орчин, мэдлэг боловсролын түвшин, эрхэлж буй ажил хөдөлмөр, эзэмшсэн мэргэжил, мэдээлэл хүлээн авах боломж, хүртээмж зэргээс хамааран ардчиллыг ойлгох байдал, харьцах хандлага ч өөр өөр байна.

Ардчиллын зарчим, үнэт зүйлсийг өрөөсгөлөөр ойл­гох, буруугаар ашиглах бол­сон нь санаа зовооход хүр­гэж байна. Ардчилал нь өөрийнхөө хүндтэй нэрний ард эрх чөлөө, шударга ёсны дай­сан, хамгийн адгийн, олиггүй үзэгдэл, юмсыг нуудаг гэгээн халхавч байж таарахгүй. Улмаар ард­чиллын өнгө гундаж, хөгжлийн хүрсэн түвшин, олсон амжилт зарим талаар уруудах төлөвтэй болжээ.

Ардчиллын асуудлыг олон жил ерөнхийлөн ярьс­наар хэн ч сонирхон анхаарахаа больж, үр нөлөө нь суларч эхэллээ. Иймд ард­чиллын зарчим, тулгуур ойл­голтууд, ардчиллын үнэт зүйлс, илрэл зэрэг онолын асуудлыг иргэдийн амьдрал ахуйтай, нөхцөл байдалтай нь холбон энгийн ухамс­рын түвшинд нааж ойлгуулах, орчин нөхцөлтэй нь холбон мэдрүүлэх хэрэгтэй болсон санагдана. Уриа лоозон, суртал тунхаглалаар хий хоо­сон цэцэрхэх бус, бодит ажил хэрэг, үйл ажиллагааны хэм хэм­жээ болгоход анхаарч, ард­чиллын үзэл санаа, үнэт зүйлсээр амьсгалах, ундаалах шаардлагатай байна.

Ардчилал нь эрх чөлөөний бамбар мөн ч дураараа аашилдаг талбар биш. Ардчиллыг анархизм болгон хувиргаж болохгүй. Ардчиллаар халхавч болгодог, арилжаа хийдэг байж таарахгүй. Миний эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддаг гэдгийг ямагт санаж дур зоргоор авирлахгүй байх нь ардчилсан үзэлтэй хүний зан үйл, зөв төрх мөн.

Ардчилал бол боломж. Ор­чин үеийн ардчилал нь хүн бүрт сайхан боломж олгосон, тэгш гэж хэлж чадахгүй. Амьд­ралд олон хязгаар, хориг тавигдсан, хаана аж төрөхөөс авахуулаад аялан зорчих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд захын баримтаар баталгаажуулж болно.

Нийгмийн амьдралын бүх хүрээнд, эдийн засгийн, нийгмийн, улстөрийн, оюун санааны хүрээнд олон боломж нээгдсэн, ашиглахыг хүлээж байна. Хүн бүх талаар хөгжих, өөрийгөө харуулах боломж бүрэн бүрдсэн, гагцхүү тэр боломжийг ашиглаж чадаж байна уу, үгүй юү гэдэг өөр асуудал юм. Ардчиллын зарчим, тул­гуур ойлголтуудыг зарлан тун­хаглах бус, амьдрал үйл ажиллагаандаа мөрдлөг бол­гох, аж төрөх ёсны хэвшил бол­гох нь чухал. Иргэний өдөр тутмын амьдрал, ахуйтай холбон ойлгуулах, мэд­рүүлэх нь хамгийн чухал юм.

Ардчилал нь төр засгийн бод­лого, шийдвэрийн түв­шинд л хэрэглэгддэг, хэрэгждэг ховор, хол зүйл биш, хүн бүрийн хувийн амьдрал ахуйд өдөр тутам тохиолд­дог, тааралддаг бодит хэрэглээ, агаар ус мэт эрхэм чухал зүйл болохыг мэдүүлэх, мэдрүүлэх нь хөгжлийн өнөөгийн шатны чухал зорилт мөн. Хувь хүний хооллох, хувцаслах хүр­тэл ардчиллын үзэл санаа­тай салшгүй холбоотой болохыг иргэдэд ойлгуулах цаг болсон.

Ардчилал бол баярын бичиг, одон медаль шиг нэг авсан бол тоосыг нь арчаад тахин шүтэж суудаг эд өлгийн үнэт зүйл биш, байнга арчилж тордож байх учиртай, өдөр бүхэн хийдэг мөнхийн сонголт, байнгын боломж байх учиртай.

Ардчиллын зорилго, зарчим, үнэт зүйлсийг цаасан дээр буулгачихаад хадгалах, тахих бус, байнга өдөр тутмынхаа хоолонд хольц, хачир болгон хийж, амьдрал ахуйдаа хэрэглэж, амт чанар, үр шимийг нь хүртэж, ач холбогдлыг нь бие, сэтгэлээрээ мэдэрч байх нь чухал юм.

Ардчиллыг амьдралд хэрэг­жүүлж, амьдралаас ард­чил­лыг мэдэрцгээе.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button