С.Оюун Халамж нийгэмд биш эмзэг бүлэгт шаардлагатай

ХОЁР НАМ ТОХИРОХГҮЙ БАЙГАА УЧРААС ХАЛАМЖИЙН ХУУЛЬ ГАРАХГҮЙ БАЙНА

-Өнөөгийн эрх баригчдын халамжийн талаар явуулж байгаа бодлого танай намын бодлоготой хэр нийцэж байна?

-Аль ч нийгэмд төрөөс халамж хүртэх шаардлагатай бүлэг байдаг. Асрах хүнгүй ахмадууд, өнчин хүүхдүүд, олон хүүхэдтэй үнэхээр орлого нь хүрэхгүй эмзэг бүлэг байдаг. Төрөөс явуулж байгаа халамжийн бодлого нь нийтийг хамарсан шинжтэй байгаа. Түүний оронд үнэхээр халамж шаардлагатай эмзэг бүлэгт бодит халамж хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр амьжиргаанд нь нэмэр болохуйц хэмжээний халамж олгох шаардлагатай байгаа юм. Одоогийн халамжийн бодлого нь халамж гэхээсээ илүү хавтгайруулсан мөнгө тараалт болоод байна. Үнэн хэрэгтээ нийтэд хэрэгтэй ч юм уу. Толгой дараалан 21 мянгыг тараагаад эхлэхээр халамжийн утга алдагдсан. Хувь, хишиг шиг юм болж хувирсан.

-Буянгийн Жагаа авч байгаа биз дээ.

-Авч байгаа гэнэ үү.

-Та авч байгаа юу?

-Авч байгаа.

-Яагаад?

-Төрөөс өгөөд байна шүү дээ.

-Тэгээд яагаад шүүмжлээд байгаа юм?

-Халамж гэчихээд хүн бүрт өгөөд байна. Халамж гэдэг чинь нийгмийн эмзэг бүлэгт очих ёстой мөнгө.

-Яагаад ингээд тараагаад байна?

-Сонгуулийн хөөрсөн амлалтын гай. Хүний хөгжлийн сангаас өнгөрсөн жил 800 тэрбум, энэ жил 880 тэрбум төгрөг тараана. Үүний талыг нь өр тавьж байж тараана. Өнгөрсөн жил ч тийм байсан. Өнөөдөр ч хэвээрээ. 2010 онд энэ их мөнгөнөөс 100 тэрбум нь л халамжид зарцуулагдсан. Тэр дотроос 50 тэрбум нь л үнэхээрийн эмзэг хэсэгт очсон. Бусад нь гавьяат, олон хүүхэдтэй эхчүүдэд очсон байсан. Манайд 16 төрлийн 60 гаруй халамж байдаг. Засгийн газар 2010 оны нэгдүгээр сард халамжийн бодлогыг шинэчлэх, хүрээг багасгахаар хуулийн өөрчлөлт санаачилсан юм билээ. Тэгээд л одоо хүртэл гацаад байгаа юм.

-Яагаад?

-Энэ хоёр нам л тохирохгүй байгаа юм шиг байна билээ. Манай нам бол тодорхой бүлэгт халамж олгох, тэр тусмаа ахиухан өгөх бодлого барьж байна. Хоёр нам тэгж зорьж байж болно. Гэтэл нөгөө сонгуулийн амлалтдаа баригдаад нийтээр нь цацахгүй бол бал pax гээд байх шиг байна. Төрд ачаа нэмэхгүйгээр халамжийг нэмж болно.

-Та нарын яриад байгаа зорилтот бүлэг, одоогийн нийтээр тарааж байгаагаас ямар ялгаатай вэ?

-Зорилтот бүлэг гэдэг нь харж, хандах хүнгүй хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдүүдийг хэлж байгаа юм. 2010 оны тооллогоор 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 30 гаруй мянган өнчин хүүхэд тоологдсон. Тэдэнд сард 56 мянган төгрөг өгдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ гэртээ асарч байгаа эцэг, эхчүүдэд 31 мянган төгрөг өгнө. Надтай Дорнодоос эцэг, эхчүүд ирж уулзсан. Тэд энэ мөнгөө ядахнаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 мянган төгрөгт хүргэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

-Тэр их мөнгө төсөвт бий юу?

-Байгаа. Гэхдээ төсвөөс нэмж гаргахгүйгээр зохицуулалт хийж болно. Хүний хөгжлийн сангийн 800 тэрбум төгрөгийн дэргэд халамжид өгч байгаа 100 хүрэхгүй тэрбум төгрөг чинь бага мөнгө. Өөрөөр хэлбэл хүн бүрт арван төгрөг тараах биш. Үнэхээр шаардлагатай байгаа 20 хүндээ 200 мянгыг өгч болох л байхгүй юу.

-Тэр гэртээ хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүдэд цалингийн доод хэмжээний тэтгэмж олгоход хэр их мөнгө шаардлагатай вэ?

-Ийм амьдралтай 5-6 мянган хүн байдаг. Тэдэнд өрдөө л 570 сая төгрөг байхад хангалттай. Нөгөө шүүмжлэл дагуулаад байгаа УИХ-ын гишүүн бүрт олгосон тэрбум төгрөгийн тал нь шүү дээ.

-Тэтгэмж нэмэхээр ядуурах сонирхол нэмэгдэхгүй юу?

-Нэмэгдэх хандлага байдаг. Гэхдээ эмзэг бүлэг нь дотроо хоёр хэсэгт хуваагддаг. Хөдөлмөрийн чадвартай буюу чадваргүй гэж. Үнэхээр хөдөлмөрлөх боломжгүй хэсэгт шууд мөнгөн хэлбэрээр тусламж үзүүлэхээс өөр арга байхгүй. Харин нөгөө хэсэгт нь ажил олгох байдлаар тусламж үзүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс үнэлгээ багатай ч олон ажил хийгээд ирэхээрээ урамшдаг. Илүү их ажиллаж, ахиу мөнгөтэй болох сонирхолтой болдог. Нийтийн хөдөлмөр хийгээд ажилдаа дадлагажиж байнгын ажлын байртай болсон олон хүн бий. Мэдээж боловсрол, туршлагaтай байж өндөр цалинтай ажилд орно. Гэхдээ айлын мал хариулж байгаад нэлээн хэдэн малтай болчихсон олон айл байдаг. Энэ жишгээр өдөөж өгвөл олон хүн өөрөө ядуурлаас гарах боломжтой гэж бид үзэж байна.

-Нөхцөлт тэтгэмж гэдэг нь юу вэ?

-Төр нэгэнт мөнгө өгч байгаа болохоор тодорхой болзол тавихыг хэлж байгаа юм. Жишээлбэл амьжиргаанд хүрэлцэх хэмжээний мөнгө өгч байгаа юм чинь төрөөс явуулж байгаа бодлогод хамрагдах ёстой.

ТӨР ТЭР ЧИГЭЭРЭЭ 1.5 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА

-Тийм их мөнгө өгөх юм уу?

-Амьдралд хангалттай мөнгө гэж хэлээгүй. Амьжиргаанд шаардлагатай мөнгө гэдэг нь хүний хамгийн бага хэрэщээнд зориулсан мөнгийг хэлж байгаа юм.

-Жишээлбэл?

-Хүүхдүүдээ заавал сургуульд хамруулах, вакцинжуулалтад сайн дураараа хамрагдах, хорооноос зохион байгуулж байгаа нийтийн хөдөлмөрт заавал хамрагдах гэсэн шаардлагыг тавьж болно.

-21 мянган төгрөгийг нөхцөлтэй өгнө гэж үү?

-Харин тэрийг л би яриад байна. Хэрэв нийтийг хамарсан ажилд хоёр өдөр оролцоод ав гэвэл хэд нь авах бол. Үүнээс гадна хэнд 21 мянган төгрөг хэрэгтэй байна гэдэг нь тодорхой болоод ирнэ. Та бид хоёр нөхцөлт ажлыг хийхгүй бол нөгөө 21 мянган төгрөг нь амьжиргаандаа хүрэхгүй байгаа хүмүүс энэ ажлыг хийгээд орлогоо нэмэгдүүлж болно шүү дээ.

-Нийтийг хамарсан тийм их ажил олдох уу?

-Эхний ээлжинд хог байна. Үерийн далан, зам гээд хотод олон ажил байж болно. Хөдөө ч худаг усаа засах, түлээ түлш бэлдэх гээд олон ажил байна. Одоо залуусыг архидаад байна гэж шүүмжлээд байна. Ямар ч залуу хүн аятайхан цагаа өнгөрөөх боломж байвал архины хойноос дэгдээд байхгүй. Хүүхдүүд PC гээд донтоод байна. Тэдэнд өөр сонголт байхгүй байгаа биз дээ. Гэрийнхээ орлогоор архи ууж гэр бүлээ зовоогоод байгаа хүмүүсийг нэмээд гэрийнх нь орлогоор торгож байна. Ингэлээ гээд гэр бүлийн орлогоо нөхөр нь архи ууж нэг хорооно. Дээр нь төр торгож байна гэж улам хорооно. Энэ бүх ачаа эргээд архичинд биш гэр бүлд нь тусаад байгаа байхгүй юу.

-Тэгээд архичдыг саатуулах газар байгуулах юм уу?

-Тэгж мушгиж болохгүй. Тэр архи уусан этгээдээр ажил хийлгээд гэр бүлд нь олгох ёстой.

-Тийм ажил олдох уу?

-Компаниуд тогтмол ажилчин олохоо байчихаад хоног, цагийн цалинтай ажил санал болгож эхэлж байна. Үүнийг ашиглах хэрэгтэй шүү дээ. Тэр бүү хэл, төрөөс 21 мянган төгрөгийн ачааг багасгах боломж байна.

-Яаж?

-Хүүхдүүдийг юуны түрүүн шийтгэхийг урьдал болголгүйгээр тодорхой хэмжээний хөдөлмөр хийлгэж болно. Компаниудын ажлыг ямар нэгэн зөрчил дахин гаргаад байгаа этгээдээр албадан гүйцэтгүүлээд хөлсийг ар гэрт нь өгч яагаад болохгүй гэж. Хөнгөн төрлийн гамт хэргүүдийг ажлын цагаар хэмжээд үнэлгээ тогтоож болно. Хэн хэндээ ашигтай тусна биз дээ. Хоосон хүнээс хоёр чихийг авалтай биш гэдэг үзэл дээр доргүй газар авч байна. Хуулийнхан ч, хулгайч нар ч энэ үзэл дээр дөрөөлдөг болсон. Хуулийнхан тавиад явуулчихна. Хулгайч нь түүнийг ашиглана. Албадан хөдөлмөр хийлгээд бага хэмжээний хохирлыг төлүүлээд явбал давтан хулгай багасна.

-Мөнгөтэй, мөнгөгүй хийчих энэ ажлуудыг төр яагаад хийхгүй байна?

-Одоо төрийн ажил явуулах боломж алга. Төр тэр чигээрээ нөгөө амласан 1.5 сая төгрөгт зүтгэж байна. Бэлэн мөнгө тараахаас илүү ажлын байр бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Ингэж чадвал цалин өөрийн эрхгуй нэмэгдэнэ. Жишээлбэл Өмнөговь аймагт байгаа жолооч 800 мянгаас хоёр сая төгрөг хүртэл цалин авч байна. Ажлын байр ихсэх тусам компаниуд ажиллах хүчийг өндөр үнэлж өрсөлдөнө. 2007 онд стратегийн 15 орд гээд баталчихсан. Энэ төслүүдийг хөдөлгөөд эхэлбэл ажлын байрны төлөө биш, ажилчдын төлөө өрсөлдөөн нэмэгдэнэ. Дөрвөн жилийн турш 1.5 сая төгрөг өгөх гээд төр хамаг ажлаа алдаж байна. Хэрэв төслүүдийг хэрэгжүүлээд эхэлбэл сардаа л сая төгрөгийн орлоготой болно.

-Нийтдээ хэдэн монгол ажилгүй байгаа бол?

-110 мянга гэдэг албан ёсны тоо байдаг. Тэгэхээр Оюу толгой арваад мянган шууд, гучаад мянган хүн дам ажлаар хангаж байгаа юм чинь үлдсэн стратегийн ордуудаа хөдөлгөөнд оруулчихвал ажиллах хүчин дутагдах болно. Энэ чинь өөрөө цалин нэмэх хөшүүрэг болно. Ингэж байж л ядуурал буурах болохоос дөрвөн жилд нэг удаа сая төгрөг аваад хэн ядуурлаас гарах вэ дээ. Ер нь хувийн хэвшил л баталгаатай ажлын байр бий болгодог л доо.

-Манай эдийн засгийн бүтэи ямар байгаа юм бол?

-Нэг хэсэг хувийн хэвшил эдийн засгийн 80 хувьд хүрч байсан. Одоо буураад 60 хувь болсон. Бид өмнө нь зүүдлээгүй их мөнгөтэй болсон. Гэхдээ мөнгөтэй болоод л ард түмэн нь жаргачихна гэсэн ойлголт худлаа болж байна. Нэг хэсэг бүх юмыг хувьчлаад сайхан болно гээд баруун тийшээ хэлбийсэн. Одоо бүх юмыг төр хураачихаад ард түмнээ жаргаана гэдэг онол газар авч байна.

-Эргээд социализм байгуулах гэж байна уу?

-Тэр нь ч юу юм. Гэхдээ нийгмийн 40 хувь нь ядуу байна гэдэг чинь бодлого буруу байгааг харуулж байна. Засаг баяжаад улс баяждаггүйг л батлаад байна. Төр бүх юмыг мэдээд эхлэхээр л социализм болчихно.

-Иргэдээ баяжуулах гээд мөнгө тараагаад байгаа юм биш үү?

-2008 онд төсөв 2.5 их наяд байхад 4.5 их наяд төгрөг ард түмэндээ амласан. Энэ чинь өрөөр л баяжина гэсэн үг болчихоод байна. Төр өр тавиад л мөнгө тараагаад байна. Эргээд төр төлөхгүй. Та бид л татвараар төлнө. Ингэж баяжих хэрэг байна уу. Бид төлөхгүй гэхэд хойч үе маань төлнө. Үр хүүхдэдээ өр үлдээхийн тулд өнөөдөр 1.5 сая төгрөг авч байна л даа.

Х.БАТТӨГС

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button