Уул уурхайн салбар дахь оны онцлох үйл явдлууд
хөгжлийн гараагаа эрч хүчтэйгээр эхлүүлж чадсан. Стратегийн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орохын сацуу нүүрс, зэс голлох салбаруудад олон улсын хөрөнгө оруулалтын томоохон чуулга уулзалтууд болов. Юутай ч өнгөрөн одож буй 2011 он уул уурхайн салбарт ямар жил байсныг Монголын мэдээ онцолж байна.
Оюутолгойн гэрээнд өөрчлөлт орууллаа
Монголын Засгийн газар бие даан хийсэн хөрөнгө оруулалтын анхны томоохон гэрээ бол яах аргагүй Оюутолгой төсөл. Гэхдээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны сүүлчээр чамгүй хэл ам дагуулсан тул 2011 оны эхээр Засгийн газар хөрөнгө оруулагч талтай зөвшилцсөний үндсэн дээр тодорхой зүйл заалтуудад өөрчлөлт оруулахаар тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээг 30 жилийн хугацаатайгаар хийсэн ч явцын дунд Монголын талд илүү ашигтай байхаар өөрчлөх боломжтой гэдгийг Засгийн газар харуулж чадсан юм. Хоёр талын тохиролцооны дагуу эхний ээлжинд хувь нийлүүлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулах болж, 2010 оны 12дугаар сарын 31-нээс өмнө шийдэхээр болж байсан. Юутай ч хоёр тал яриа хэлэлцээр хийсний үр дүнд 2011 оны зургадугаар сарын 9-нд өөрчлөлт хийгдсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд гарын үсэг зурсан билээ. Нэмэлт, өөрчлөлтийн дагуу төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт болон зээлийн хувь хэмжээ харьцангуй өндөр буюу 9.9 хувь дээр нэмэх АНУ-ын инфляци байсныг өөрчлөн Лондонгийн банк хоорондын зээлийн хүү буюу LIBOR нэмэх 6.5 болгон бууруулсан. Ингэснээр Монголын талд ирэх зээлийн дарамт буурах давуу талтай. Хэдийгээр гэрээ зургадугаар сард зурагдсан боловч уг нөхцөл 2011 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөгдөхөөр болсон.
Гол болгоомжлол төрүүлж байсан Монголын талын 34 хувийг баталгаажуулж, тэр ч бүү хэл өөрийн талд ногдох хэсгээр ямар ч үед санхүүжилт гаргах эрхтэй болсон. Манай талаас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн байсан ч гэсэн 34 хувьд өөрчлөлт орохгүй байхаар болсон нь давуу талтай. Үүнээс гадна гуравдагч этгээдийн хөрөнгө оруулалт орж ирэх тохиолдолд хөрөнгө оруулагч тал Монголын талын бичгээр авсан зөвшөөрлийн дагуу гүйцэтгэхээр болж, маргаан үүсгээд байсан давуу эрхийн хувьцааны санхүүжилтийн хэлбэрийг ашиглахгүй байхаар тогтсон билээ.
Тавантолгойн нүүрс дэлхийн зах зээлийг зорив
Тавантолгойн ордын ашиглалтыг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх Эрдэнэс Тавантолгой компани анхны экспортоо хийж, нүүрсээ гаргалаа. Ёслолын ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болж, Эрдэнэс Таван-толгой компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, ТӨХ-ны дарга Д.Сугар, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцсон юм. Эрдэнэс Тавантогой компани энэ хүрээнд БНХАУ-ын Chal-со, Chan steel компаниудтай таван жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэснээр ойрын таван жилд Монголын Тавантолгойн ордын нүүрс тус улсыг зорихоор болсон. Экспортлох нүүрсний тонн тутмынх нь үнэ 70 ам.доллар гэж буй. Хэтэрхий хямд үнэ гэх шүүмжлэл дагуулсан ч Засгийн газар болон ТӨХ-ны албаны эх сурвалжууд энэ үнийг улирал тутамд тооцож, шаардлагатай бол өөрчлөлт оруулах боломжтой хэмээн мэдэгдсэн билээ. Юутай ч Монголын нүүрс дэлхийн зах зээлийг зорилоо. Нүүрс ачсан анхны цувааг Эрдэнэс Тавантолгой компанийн жолооч С.Энхтүвшин ахалснаар түүхэнд нэрээ бичүүллээ. Нийт 40 ширхэг тус бүр нь 100 тонн нүүрс ачсан цуваа өмнөд хөршийг зорьж, монгол түмэн сүүн цацлаа өргөсөн билээ. Нүүрсний экспорт албан ёсоор эхлэхтэй зэрэгцээд байгаль орчинд халгүй байдал хэр байна, автозам тавих, дэд бүтцийг сайжруулах гэх мэт асуудал хөндөгдсөн. Эрдэнэс Тавантолгой компани эхний ээлжинд Энержи ресурс компанитай гэрээ байгуулснаар тус компанийн барьсан замаар нүүрсээ тээвэрлэхээр болж байна. Цаашид нүүрсний экспортыг улам нэмэгдүүлэх, 2015 он гэхэд жилд экспортлох нүүрсний хэмжээг 150 сая тоннд хүргэх зорилт тавьж байгааг албаны эх сурвалжууд дуулгаж байлаа.
Нүүрсний экспорт зэсийнхтэй тэнцлээ
Монголын уул уурхай, цаашилбал хөгжлийн голлох бүтээгдэхүүн нүүрс гэдэг нь тодорхой боллоо. Нүүрсний экспорт 2010-2011 онд анх удаа 18 сая тоннд хүрч, дээд амжилт тогтоож байсан бол 2011 он гарсаар зэсийн экспортын хэмжээтэй тэнцэж эхлэв. Гэхдээ өртгийн хувьд мэдээж зэсийн хэмжээнд хүрэх болоогүй. Нүүрс, зэс хоёрын үнэ эрс өөр шүү дээ. Тиймээс цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн сацуу боловсрлуулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох, Тавантолгойн коксжих нүүрсэнд түшиглэн Сайншандад кокс, химийн үйлдвэр барих гэх мэт асуудлууд тулгамдаж байна. Үүнээс гадна хамгийн чухал асуудал нүүрсний экспортыг даган бий болох байгаль орчны сүйрэл. Өмнийн говийн хөрс улаанаараа эргэсэн гэдгийг одоо ч нутгийн иргэд хэлсээр байгаа билээ. Энэ хүрээнд Өмнөговийн дэд бүтцийг сайжруулах, нүүрснээс экспортын татвар авах, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх гэх мэт асуудал тулгамдаж байна. Ялангуяа ойрын жилүүдэд өсөн нэмэгдэх экспортыг тэтгэхийн тулд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр боомт барих асуудал нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал болоод байгаа. Албаны эх сурвалжууд Энэ тал дээр тодорхой ажил хийгдэж байгаа бөгөөд байж болох бүх нөөц бололцоогоо дайчилж байна гэх хариулт өгч буй билээ. Одоогоор Өмнийн говиос урагшаа гарч буй нүүрсийг Гашуунсухайт болон Хангимандалын боомтоор дамжуулан тээвэрлэж байна. Ойрын жилүүдэд нүүрсний дэлхийн нүүрсний эрэлт улам нэмэгдэнэ гэх судалгаа гарчээ.
Монголд дэлхий дээр хараахан ашиглагдаагүй байгаахар алтны хамгийн том үүц байна. Энэ тохиолдолд нүүрс стратегийн голлох бүтээгдэхүүн болохоос ч өөр аргагүй юм. Гэхдээ энэ салбарт төрөөс баримтлах бодлогыг улам тодорхой болгох, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортлох асуудал одоо ч яригдсаар байна. Энэ хүрээнд Монголд анх удаа нүүрсний салбарын нэгдсэн бодлогыг тодорхойлохоор Coal Mongolia-2011 чуулга уулзалтыг зохион байгуулсан билээ.
Дэлхийн хөрөнгө оруулагчдыг татсан уулзалтууд
Дэлхийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монголын уул уурхайн салбар бүр ч ихээр татах боллоо. Өнгөрөн одож буй онд зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалтуудаас энэ бүхэн тод харагдаж байна. Металлургийн салбарт анх удаа Metals Mongolia-2011 чуулга уулзалтыг нүүрсний салбарт анх удаагаа Coal Mongolia-2011 чуулга уулзалтыг зохион байгууллаа. Түүнчлэн уламжлал ёсоор зохион байгуулагддаг Discoүer Mongolia-2011 найм дахь жилдээ олон улсын анхаарлыг монголд татсан. Олон улсын хөрөнгө оруулагчид жил бүр ирэхдээ хууль эрх зүйн орчин тогтворгүй, хүнд хэцүү, ойлгомжгүй байна гэж гомдоллодог байсан цаг өнгөрчээ. Одоо тэд харшщан ашигтай хамтран ажиллая гэж ярих болж. Монголчууд ч бас манайд ирээч, хөрөнгөө оруулаач хэмээн царайчлах бус харилцан ашигтай ажиллая л гэх болсон.
Энэ оны Discoүer Mongolia-2011 уулзалт л гэхэд Харилцан ашигтай хамтын ажиллагаа уриан дор зохион байгуулагдсан билээ.
Бусад томоохон уулзалтууд дээр ч бас олон улсын хөрөнгө оруулагчид Монголтой хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж байсан. Оюутолгой, Тавантолгойн ордыг монголчууд амжилттай эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан нь хөрөнгө оруулагчдыг далласан биз ээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр барина
Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс эхэлсэн нефтийн хомсдолд Монголын эдийн засаг эгээ л хөмөрчих шахав. Нэг улсаас хараат байхын зовлонг Монгол Улс жинхэнэ утгаараа мэдэрсэн. Хэдийгээр ОХУ манайхаас бусад улсуудад гаргах нефть бүтээгдэхүүнээ хязгаарласан гэж мэдэгдэж байсан ч дотоодын зах зээл дээр бензин шатахууны үнэ хэдхэн өдрийн дотор хэдэн зуун төгрөгөөр нэмэгдсэн билээ. Монгол Улсын Засгийн газар нефть бүтээгдэхүүний хомсдлын асуудлыг яаралтай шийдэхийн хамт цаашид яаралтай нефть боловсруулах үйлдвэрийг дотооддоо үйлдвэрлэх нь зөв гэж үзсэн. Энэ бодлогын хүрээнд Дорноговь, Дорнод, Дархан-Уул аймгуудад бүс нутгийн чанартай нефть боловсруулах үйлдвэр байгуулахаар болсон билээ.
Эдгээр нефть боловсруулах үйлдвэр баригдчихвал манай улс дотоодын хэрэгцээгээ хангах төдийгүй гадаад улсуудад экспортлох ч боломж бүрдэнэ гэж буй. Үүнээс гадна нүүрснээс ншнгэн түлш боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр Герман улстай хамтран ажиллахаар болж, гэрээнд гарын үсэг зурлаа. ХБНГУ-ын канцлер Ангела Меркел манай улсад айлчлах үеэр уг асуудлыг шийдэж, Мон-голын талаас Худалдаа аж үйлдвэрийн корпораци, ХБНГУ-ын талаас Ферростаал компаниуд төслийг хамтран хэрэгжүүлэхээр болж, санамж бичгийг үзэглэсэн билээ. Ингэснээр манай улсад хамгийн элбэг байдаг хүрэн нүүрснээс нефть бүтээгдэхүүн гаргах үйлдвэрийг ойрын 34 жилд ашиглалтад оруулахаар болж байна.
Хэрэв энэ үйлдвэр ашиглалтад орвол Монгол Улс нефть бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангах боломж бүрдэх учиртай. Төслийн нийт санхүүжилт 1.8 тэрбум евро буюу нэлээд өндөр байгаа. Үйлдвэр барих ажил 2012 онд эхлэх юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс жилд дундчаар сая тонн дизель, 275 мянган тонн шингэрүүлсэн газ үйлдвэрлэх боломжтой болно.
Л.Энхдэлгэр