Чөлөөт бүсийн ажил ийм л байна
төлөвлөлт хийгээгүй нь алдаа болж, дэд бүтцийн асуудлыг шийдээгүй нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Анх эдийн засгийн, худалдааны чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалаа 1995 онд дэвшүүлж байжээ.
2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдаж, Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль, Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн тухай хууль, Цагааннуур худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай зэрэг хууль батлагдсан байна. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд ажил арай ахицтай байгаа бөгөөд 11.4 км урттай хашаа баригдаж, зорчигчдод нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай төрийн хяналт, шалгалтын нэг давхар барилга баригдсан гэнэ.
Тэнд зургаан орны 140 гаруй аж ахуйн нэгж 750 сая орчим ам.долларын гэрээ байгуулаад байгаа аж. Гэвч хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулаагүйгээс гадна, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас үйл ажиллагаа эхлэх боломжгүйд хүрсэн. Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсэд стратегийн хөрөнгө оруулагч оруулах тендерийг хоёр удаа зарлахад гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд шалгарч, үйл ажиллагаагаа эхлүүлэлгүй байсаар Засгийн газар гэрээгээ цуцалсан байна.
Тэнд эзэнтэй үгүй нь үл мэдэгдэх нэг давхар байшин, түүнийг тойрсон хашаа л бий. Харин Цагааннуурт хөрөнгө оруулалт муутай учраас ажил эхлээгүй гэхэд болох гэнэ. Чойрын чөлөөт бүсийн хувьд хууль нь батлагдаагүй байгаа. Манай улс босоо замын гол тэнхлэг буюу Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон дэд бүтцийг хөгжүүлэх, тэдгээрт чөлөөт бүс байгуулахыг илүү анхаарч байсан. Алтанбулагт гаргасан алдааны улмаас үйл ажиллагаа урагшгүй байгаа бол Замын-Үүдийн хувьд хөрөнгө оруулалт дутагдалтай байгаа.
Хамгийн гол нь дотоод дэд бүтцээс гадна энэхүү хоёр чөлөөт бүсийг холбосон дэд бүтэц ч шийдэгдээгүй байгаа нь асуудал юм. Эдгээрийг холбосон төмөр зам нь ачааллаа дийлэхээ больсноос гадна автозамын сүлжээ байхгүй. Нийслэлээс Алтанбулагийн чөлөөт бүс хүртэлх автозам хэт хуучирсан, нарийн учраас ачаа тээвэрлэх боломж тун муу. Харин Замын-Үүд хүрэх автозамын ажил, тэнд байгуулагдах чөлөөт бүсийн ажил хоёр ч удаа бүдэрсэн.
Одоо Замын-үүдийн зам нь ч, чөлөөт бүсийн ажил ч дуусаагүй байна. Уг нь зорьсондоо хүрээд, чөлөөт бүсээ байгуулчихвал түүхий эдийн нөөц ихтэй хэрнээ импортоос хараат манайх шиг улсын хувьд давуу тал ихтэй юм. Харин чөлөөт бүсдээ экспортын үйлдвэрлэл хөгжүүлэх тухай бус казино мэтийг байгуулах санал гарсан нь буруу юм шиг.
Ямартай ч ирэх онд чөлөөт бүсүүдэд зарцуулах хөрөнгө оруулалтын хэмжээг нэлээд нэмэгдүүлж, Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд Хятадын талтай хамтарч ажиллахаар болсон гэнэ. Хятадын Засгийн газраас манай улсад олгож буй 300 сая ам.долларын зээлийн 31 сая ам.долларыг тэнд зарцуулах юм байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ