Амжилт бүтээлээр дүүрэн сайхан жил боллоо
Европ, Америк зэрэг дэлхийн аварга гүрнүүд эдийн засгийн хямралаа даван туулах гэж өр шир тавин, зовж байхад монголчууд харин эдийн засгийн их өсөлтөө яаж зохицуулах вэ хэмээн сандралдсан билээ. Дэлхийн анхаарлын төвд Монгол Улс орж ирсний баталгаа болж их гүрнүүдийн удирдагчид ээлж дараагаараа айлчиллаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байден, Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг, БНХАУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн өндөр албан тушаалтнуудын айлчлалыг нэрлэж болно. Их гүрнүүдийн удирдагчид шил дараалан нэг жилд ирж байсан тохиолдол Монголын түүхнээ хараахан бичигдээгүй байв. Монгол Улс 2011-2012 онд түүхэндээ анх удаа маш өндөр буюу 9.9 хувийн алдагдалтай төсөв баталсан ч гуравдугаар улирлын сүүлч гэхэд төсөв маш өндөр орлоготой гарлаа. Төсвийн орлого санаснаас их байсан учир Засгийн газар төсөвтөө тодотгол хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг нэн даруй санхүүжүүлэв. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ гуравдугаар улирлын сүүлчээр 2100 ам.долларт хүрч байна. Үүнийг таван жилийн өмнөхтэй харьцуулбал, даруй гурав дахин өссөн үзүүлэлт юм. Ирэх онд нэг хунд ногдох ДНБ-ний хэмжээ 5000 ам.долларт хүрнэ гэх өөдрөг төсөөлөл байгаа билээ.
Монголын ард түмний Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 50 хувьд хүрч, дэлхийн уул уурхайн акулууд монголын зүг анхаарал хандуулав. Тавантолгойн ордод дэлхийн шилдэг компаниуд хамтрахаар болж, гэрээ хэлцлээ ч байгуулаад эхэлчихлээ. Тавантолгойн ордын Зүүн цанхид АНУ-ын ПиБоДи Энержи, БНХАУ-ын Шинхуа Энержи болон Монгол оросын хамтарсан консорциум БНСУ, Японы төлөөлөгчид ажиллахаар болж байгаа бол баруун цанхиас монголчууд өөрийн хүчээр анх удаа нүүрсээ экспортолж эхэллээ. Зүүн цанхийн нүүрсийг ачсан анхны 40 машин цувааг монгол түмэн сүүн цацалтайгаа үдэв. Монголын нүүрс дэлхийн зах зээлийг зорилоо. Монгол түмэн газрын баялгаасаа хувь, хишиг хүртэж эхлэв. Засгийн газрын шийдвэрийн дагуу 2011 оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн монгол хүн бүр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 536 ширхэг хувьцаа эзэмшиж байна. Энэ хувьцааны хэмжээг саяхнаас улам нэмэгдүүлж 1072 ширхэг болгохоор болсон билээ. Цаашид Тавантолгойн орд бүрэн утгаараа эдийн засгийн эргэлтэд орвол хувьцааны үнэлгээ улам өсөх нь дамжиггүй. Монголын ард түмний хөрөнгийн зах зээлд ажиллах боломжийг улам нэмэгдүүлэх, хөрөнгийн биржийн хөгжлийг дэмжихээр лондончууд хүрэлцэн ирлээ. Удахгүй Монголын хөрөнгийн бирж дэлхийн бирж болох учиртай. Техник, технологийг шинэчлэх, иргэдэд илүү мэдлэг олгох ажил ид үргэлжилж байна.
Одооноос эхлэн эдийн засгийн өсөлтийг цаасан дээр ярихаасаа илүү иргэндээ наалдацтайгаар бий болгохыг зорьж эхэллээ. Хүн бүр ажилтай, орлоготой болж, монголдоо сайхан амьдрах боломжийг эрэлхийлж байна. Үүний эхлэл Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил буюу 2011 он байлаа. Засгийн газраас ажлын байрыг дэмжих бодлого явуулснаар оны эцэст 73000 гаруй хүн шинээр ажлын байртай болжээ. Энэ мэтээр амжилт, бүтээлээр дүүрэн нэгэн оныг монгол түмэн үдэж байна.
Мэдээж сайн сайхны хажуугаар саар муу бүхэн ч байсан байх. Гэхдээ тэр бүх муу муухайг хуучин онтойгоо үлдэн хаяж, шинэ оноо шинэ сэтгэлгээ, шинэ эрч хүчтэйгээр угтъя. Монгол түмэндээ шинэ оны мэнд хүргэе. Ирж буй шинэ он таньд болон танай гэр бүл, найд нөхөд, ахан дүүст тань аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хөтлөн ирэх болтугай.
Л.Дэлгэр