Бялуу-ны төлөөх бялдуучлал

тусам улам л урин, ивээнгүй болгон хэдэн саяар нь ард түмэндээ мөнгө, өнгө, албан тушаал, энэ ертөнцөд байхгүй бүхнийг амлана. Яг л албин бирд мэт бүгдийг бүтээнэ хэмээнэ.

Сонгуулийн маргааш сонгогдсон, сонгогдоогүй Ардын намын батлах өвөрлөсөн бүхэн албан тушаалын наймаанд хошуурч, ард түмнээ бодох нь бүү хэл өчигдөр юу хэлж байснаа ч мартана. Ардын намын хуваасан амтат бялууны хэлтэрхийнээс амссан нь нүүр дүүрэн инээж, санасандаа хүртэл амсаагүй нэг нь хуйсагнуур, сэнгэнэсэн хүйтэн намрын өдрүүд мэт баргар царайлж, хэлтэрхий ч хүртэж чадаагүй нь хүйтэн царайлан хэлтсийн даргын сэнтийд ч хамаагүй очихын мөрөөсөл болно.

Төрийн албан тушаалын хувиарлалт дуусч, бялуугаа хүртсэн ардын намын баатрууд дахиад сонгууль болохыг мартан төсвийн хөрөнгөнд эзэн сууж, төсөл тендерт ах дүү, хамаатан садан, анд нөхдийн компаниа шалгаруулж, УИХ-ын гишүүн болсны буян нэг тэрбум төгрөгөө барж ядан аархана. Ард түмнээсээ санал гуйж байснаа мартан харц дээгүүр болж, шинэ баян цээж өвчтэй-н үлгэрээр иргэдтэй дуугарч ядан төрийн албыг хувийнх мэт эндүүрнэ. Их мөнгөний тоо хэлж, нэг хүнд ногдох дотоодын бүтээгдэхүүн таван мянган доллар болов хэмээн аархана. Гэтэл жирийн иргэнд таван төгрөг ч хүртэхгүй сонгуулиар амласан 21 мянган төгрөгний төлөө уртаас урт дараалалд хүүхдээ тэврэн зуны халуун, хаврын хавсрага, өвлийн хүйтнийг үл ажиран зогсоно. Ардын намын томилгоотой албан тушаалтнууд хүнд суртал гаргах нь төрийн албыг ард түмнээс улам бүр холдуулж, төр, ард түмэн хоёрын хооронд өвлийн хүйтэн жавар сэнгэнүүлэх мэт.

Сонгуулийн мөчлөг дөхөх тусам тэд нэг нэгнээ муучлан, албан тушаал, идсэн уусны хэрүүл хийж, нэг харахад тэврэлдэн, нэг харахад муудалцан олон ааштай хаврын тэнгэр мэт загнана. Нэг бодлын ард түмэндээ хайртай ч гээд байгаа юм шиг, нөгөө бодлын албан тушаалдаа дуртай гээд ч байгаа юм шиг уйлж, инээж, барьцаж, барьцаалж, шүүхдэж, шоудаж өгнө.

Өнөөдөр МАН яг л хаврын тэнгэр мэт аашилж байна. Иргэн бүхэн албан тушаал, нас хүйс үл харгалзан Шүүхийн болон хуулийн өмнө эрх тэгш байх зарчимыг огоорон цагдаагийн генерал, хурандаа нарыг өмөөрөөд ч байгаа юм шиг, өмчирхөөд ч байгаа юм шиг, иргэнээ өмгөөлдөг гэдгээ харуулах гээд ч байгаа юм шиг аашлах болов. Гэтэл үүний цаад агуулга нь манай намд хамааралтай бүхэн Үндсэн хууль болон Шүүхийн өмнө давуу эрх эдэлнэ гэсэнтэй агаар нэгэн үйлдэл болж ард түмэнд харагдаад байна.

Тэнэг хүн тэнэглэхээрээ улам муйхар аашилдаг гэдэг. Цагдаагийн генерал, хурандаа нарыг ямар хэргээр шүүх гээд байгааг мэдэлгүй намын нөхдөө өмгөөлөхөөр Шүүх байгууллагыг буруутгав. Арай гэж нэг сэхээрсэн ч галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор эцсийг нь хүртэл муйхарлахаар шийдэж, шүүх байгууллагыг дарамталж, өмгөөлөгчдийг ажил хая хэмээн турхирав. Энэ арга нь эс бүтэхээр буудах тушаал өгсөн эс өгсөн цагдаагийн экс удирдлагууд биш үймсэн бужигнасан ард түмэн буруутай гээд хэлэх гээд ч байх шиг. Сонгууль дөхчихсөн болохоор улайм цайм ард түмэн буруутай гээд хэлчихвэл оноо алдана гэдгээ тэд мэдэж байгаа болохоор харсан, үзсэн бүхнээ эвийлдэг хахир хатуу, уйлган, хайлган хойт эх-ийн аашаар аашилж, цагдаагийн генерал, хурандаа нар ч, ард түмэн ч энэ бүхэнд буруугүй, шүүх энэ бүхэнд буруутай хэмээн ард түмнийг төөрөлдүүлэхээр улайрч байна.

Шүүх байгууллага хуулийн дагуу, иргэнд бүхэнд тэгш үйлчлэх зарчимыг алдагдуулахыг тэд хүсч байна. Шударга зарчим, хүний эрх, эрх чөлөө хуульд бүрнээ захирагдаж, хамгаалагдсан нөхцөлд л ардчилалын тухай ярих нь жинхэнэ ардчилсан үйл явц болдог гэх үг байх. Гэтэл өнөөдөр манай улсад Жорж Орвелийн Animal farm зохиолд гардагчлан Гахай бүхнээс давуу эрхтэй гэсэн зарчим л тодорхой үйлчилээд байх шиг. Тиймдээ ч Ардын намын өмгөөлөлд байгаа бүхэн шүүх байгууллагаас ч давуу эрх эдлэхийн төлөө байгаа нь шударга бус явдал юм. Сонгууль дуустал шүүх байгууллагын үйл ажиллагааг гацаах, царцаах Ардын намын төлөвлөгөө үргэлжилсээр байна. Тэд 7 сарын нэгнийг мартуулж, сонгуулийн луйвар хэрхэн өрнөдөгийг олон нийтэд дэлгэхээс болгоомжилж, бүхнийг мартуулах их аянд мордоод байна.

Шүүх байгууллага Ардын намын захиалгаар бус хуулийн дагуу шударгаар үйл ажиллагаа явуулж байгаад ард түмэнтэй талархалтай байгааг хэлэх хэрэгтэй. Шүүх байгууллага шударга байх нь ард түмэн, улс эх орон, Монгол Улсын ирээдүйд, бүрэлдэн бий болсон ардчилсан нийгэмд хамгийн чухал хэрэгтэй. Шударга шүүх бүрэлдэн бий болсноор ард түмэн жинхэнэ эрх чөлөөгөө олох зам нээгдэнэ. Олон ааштай хүнд итгэхэд бэрх. Намд бол бүүр ч хэцүү.

А.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button